Герман улсад явган аялал, урт хугацааны алхалт хийх дуртай хүмүүс өдрийн турш хуримтлагдсан ядаргаа, цангаагаа тайлахын тулд нэг хоёр аяга шар айраг (архитай болон спиртгүй, эсвэл радлер хэлбэрээр) уух нь түгээмэл аж.

Гэхдээ зарим тусгай сэдэвт аяллын маршрутуудад шар айраг зүгээр нэг ундаа биш, харин аяллын гол утга, дагуул сэдэв болж, аялагчдыг бүх замын турш “дагалдан” явдаг онцлогтой байна.

Германд шар айраг сонирхогчид хаашаа аялдаг вэ?

Германы Эрланген хот шар айрагны уламжлалаараа алдартай. Энд шар айраг чанахад ашигладаг том зэс тогоонууд өнөөг хүртэл хадгалагдаж, уламжлалт үйлдвэрлэлийн өнгө төрхийг илэрхийлдэг аж.

Шар  айрагны аяллын маршрутууд нь аялал жуулчлалыг олон талын туршлагатай хослуулдаг байна. Аялагчид зөвхөн алхаж амрах бус, байгалийн үзэсгэлэнг мэдрэх, түүхэн архитектурын дурсгалуудыг үзэх, жижиг шар айрагны үйлдвэрүүдээр зочлох, орон нутгийн сортуудыг амсаж үзэх, мөн Германы уламжлалт шар айраг исгэх соёлтой танилцах боломжтой аж.

Байройт хот франк бүсийн шар айрагны төвүүдийн нэг бөгөөд энд олон төрлийн уламжлалт шар айраг үйлдвэрлэгддэг байна.

Германд шар арйрагны аяллын замуудын ихэнх нь өмнөд бүс нутагт төвлөрчээ. Гэхдээ зөвхөн явган аяллаар хязгаарлагдахгүй, автомашин болон дугуйн аяллаар ч эдгээр бүс нутгийг судлах боломжтой аж. Гэхдээ замын хөдөлгөөний дүрэмд заасан архины хэрэглээний хязгаарлалтыг заавал анхаарах шаардлагатай.

Шар айрагны соёлын хот

Эхинген хот “53 сорт, 5 шар айрагны үйлдвэр, 1 хот” гэсэн уриатай шар айрагны соёлын онцгой төв юм байна. XVII зуунд энд 20 гаруй шар айрагны үйлдвэр ажиллаж байсан бол өнөөдөр тав нь гэр бүлийн уламжлалаараа үйл ажиллагаагаа үргэлжлүүлж буй ажээ.

Энд байрлах “Бирвандервег” (Bierwanderweg) шар айрагны аяллын зам нь хоёр хэсэгтэй: түүхэн төвөөр дамжих 4 км алхалт болон голын дагуух 10 км маршрут.

Франк бүсийн шар айрагны өв

Франкони бүс нутаг нь Германы хамгийн алдартай шар айрагны бүсүүдийн нэг бөгөөд “мянган төрлийн шар айрагны нутаг” гэж нэрлэгддэг байна. Энд 200 гаруй шар айрагны үйлдвэр ажилладаг аж.

Жижиг тосгон Ауфзес нь хүн амд ноогдох шар айрагны үйлдвэрийн тоогоор дэлхийд тэргүүлдэг онцгой газар юм байна. Энд 14 км тойрог бүхий алхалтын маршрут бий аж.

“Шар айраг ба цайзын зам”

Кронах дахь Розенберг цайз “Шар айраг ба цайзын зам” хэмээх 500 км урт аяллын маршрутын нэг хэсэг. Энэ маршрут Пассау хотоос Бад-Франкенхаузен-Кифхойзер хүртэл үргэлжилдэг бөгөөд цайз, түүх, шар айрагны соёлыг нэг дор мэдрэх боломж олгодог байна.

Хопп ба шар айрагны нутаг

Халлертау бүс дэлхийн хамгийн том хопп (шар айрагны үндсэн түүхий эд) тариалангийн нутаг ажээ. Дэлхийн хоппын зах зээлийн 30 гаруй хувийг дангаараа хангадаг байна.

Энд “Хопп ба шар айраг” нэртэй 15 км аяллын маршрут болон Германы хоппын музей ажилладаг.

Бяслаг ба шар айрагны аялал

Алгой бүсэд “Пиво ба бяслагийн аялал” нэртэй 3 км алхалтын маршрут бий. Энэ нь нутгийн бяслагны үйлдвэр болон жижиг шар айрагны үйлдвэрийг холбосон, амт ба соёлыг хослуулсан өвөрмөц аялал юм.

Эх сурвалж: DW