Украины Зэвсэгт хүчин 2026 оны зун Крымд өгч буй цохилтоо нэмэгдүүлж, Оросын мэдэлд байгаа энэ хойгийг системтэйгээр тусгаарлах зорилготой ажиллагаа явуулж байгаа аж.

Алсын тусгалтай дронууд Оросын цэргийн дэд бүтцийг хангадаг гол объектууд болох М-14 “Ростов-на-Дону-Мелитополь” авто зам, Хар болон Азовын тэнгист үйл ажиллагаа явуулдаг Оросын “сүүдрийн флот”-ын хөлөг онгоцууд, мөн эрчим хүчний байгууламжуудыг онилон цохилт өгч буй.

Украины Нисгэгчгүй системийн хүчний командлагч Роберт “Мадьяр” Бровдигийн мэдээлснээр, түүний “МоЛоЧКа” (“Москва Крымаар дамжин хэвтэнэ” гэсэн утгатай) гэж нэрлэсэн ажиллагааны хүрээнд зөвхөн долдугаар сарын 6-наас хойш Оросын ойролцоогоор 196 усан онгоцыг цохиж, сарын эхнээс хойш 100 гаруй эрчим хүчний холбоосыг гэмтээжээ.

Гэхдээ дайны нөхцөлд Украины талын цохилтын тоо болон учирсан хохирлын талаарх мэдээллийг хараат бусаар баталгаажуулах боломжгүй. Гэсэн хэдий ч Орос улс Крымд цэргийн хангалт болон энгийн иргэдийн хэрэгцээг хангахад хүндрэлтэй тулгарч буй аж.

Крым дахь эрчим хүчний хямрал

Крымд эрчим хүчний хямрал тавдугаар сарын сүүлээр эхэлжээ. Тухайн үед хойгт бензиний талон нэвтрүүлсэн бөгөөд тэдгээр нь нэг хоногийн дотор дууссан байна. Үүний дараа түлшний албан бус зах зээл бий болж, орон нутгийн иргэд канистраар бензин илүү өндөр үнээр зарж эхэлжээ.

Зургадугаар сард эрчим хүчний дэд бүтцэд хийсэн цохилтуудын дараа цахилгаан тасрах асуудал нэмэгдсэн байна. Мөн сарын 26-нд Крым болон Севастопольд онц байдал зарласан.

Энэ сарын 6-нд Крымд анх удаа өргөн хүрээг хамарсан цахилгаан тасалдал (блэкаут) гарсан. Дараагийн хэдэн долоо хоногт янз бүрийн бүс нутагт цахилгаан, ус, гар утасны сүлжээ, интернэт байнга тасрах болжээ.

Хамгийн их өртсөн нь Крымын хойд хэсэг байв. Зарим сууринд нэг долоо хоногоос илүү хугацаанд цахилгаан, усгүй байжээ.

Жанкой хотод үүрэн холбооны цамхгууд генератороор ажиллаж эхэлжээ. Долдугаар сарын 15-наас интернэт болон гар утасны холбооны ажиллах хуваарь тогтоосон ч олон оршин суугч энэ хуваарь мөрдөгдөхгүй байгаа талаар гомдоллож буй юм байна.

Крымын оршин суугчид юу ярьж байна вэ?

Феодосиягийн ойролцоох жижиг хотод амьдардаг тэтгэвэрт гарсан Нина “Надад болж байгаа зүйлсийн талаар ярилцах хүн ч алга. Миний эргэн тойрон дахь хүмүүс бүгд бууж өгөөд, зүгээр л тэвчиж байна" гэж ярьжээ.  Түүний хэлснээр, орон нутгийн эрх баригчид цахилгааныг “3 цаг асааж, 3 цаг унтраах” хуваарьтай гэж мэдэгдсэн ч өнгөрсөн долоо хоногт түүний амьдардаг хэсэгт дөрвөн өдөр дараалан цахилгаангүй байжээ.

Мөн тэрбээр “Манай хотын бүх хувийн байшин хийтэй холбогдоогүй. Цахилгаан тасарснаас болж зарим хүмүүс хоолоо хийж чадахгүй байна. Аз болоход ус байна. Гэхдээ зөвхөн хүйтэн ус” гэж ярьсан байна.

Тэр зарим хүнс авахын тулд Феодосия руу автобусаар явах шаардлагатай болдог ч түлшний хомсдолоос болж автобус тогтмол явдаггүй гэжээ. Нина Украины цохилтуудын талаар ямар бодолтой байгаагаа хэлэхээс татгалзсан ч “Өвөл гэрэлгүй яах бол гэж маш их айж байна” гэжээ.

Крымын хойд хэсэг хамгийн хүнд байдалд байна

Жанкой хотын оршин суугч Иван (нэрийг өөрчилсөн) “Долдугаар сарын 6-наас хойш хойд хэсэгт бүрэн блэкаут болсон. Гэрэл хоёр долоо хоног байсангүй” гэж хэлсэн байна. Зарим тосгонд цахилгааныг ээлжээр тасалсан байна. “Тосгонд гэрэл байхгүй бол ус ч байхгүй гэсэн үг. Сүүлийн өдрүүдэд хоёрхон цаг гэрэл өгч байна. Ямар ч хуваарь алга.”

Түлшний хямралын үеэр бензинийг зөвхөн аюулгүй байдлын байгууллагын ажилтнууд, төрийн албан хаагчид, эмч, аврах албаныхан авч чаддаг байсан гэж Иван ярьжээ. Дараа нь хүмүүс Крымын гүүрээр гарч Тамань, Краснодар орчимд түлш авч эхэлсэн байна. Үүнийг удалгүй бизнес болгож, дахин зардаг болжээ.

Дэлгүүрүүд хөргөгч, хөлдөөгчийн ажиллагааг баталгаажуулж чадахгүй болсон тул муудах бүтээгдэхүүн авахаас татгалзжээ. Тэр “Очиход сүү, загас, мах байхгүй байдаг. Генератороо тасралтгүй ажиллуулж чаддаг хэдхэн дэлгүүр байна. Гэхдээ үнэ нь өмнөхөөсөө маш өндөр” гэж ярьсан байна. 

Украины ажиллагаа Оросын Запорожье дахь давшилтад нөлөөлж байна

Украины Крымийг тусгаарлах ажиллагаа хэд хэдэн чиглэлээр явагдаж буй аж. “МоЛоЧКа” ажиллагаа нь Азов болон Хар тэнгист Оросын туслах флотын эсрэг чиглэсэн бөгөөд үүнд жижиг танкерууд, чирэгч онгоцууд, том хөлөг онгоцуудад нефть, түлш хүргэдэг усан тээврийн хэрэгслүүд багтдаг байна. Үүний зэрэгцээ Крымын эрчим хүчний байгууламжууд руу цохилт үргэлжилж байна.

Бровдигийн мэдээлснээр 7-р сарын эхнээс 117 дэд станц, эрчим хүчний зангилаа цохилтод өртжээ. Тэдний дунд Керчийн ойролцоох Глазовка тосгоны дэргэдэх “Кубань-Крым” цахилгаан дамжуулах зангилаа багтсан бөгөөд энэ нь Оросын эх газраас Крымд цахилгаан нийлүүлдэг гол шугам аж.

Яагаад Крымын гүүрийг устгахгүй байгаа вэ?

Украины Нисгэгчгүй системийн хүчний командлагч Бровдигийн хэлснээр Украин Крымын гүүрийг зориудаар устгахгүй байгаа аж. Учир нь, уг гүүрийг энгийн иргэд гарах гарц болгон үлдээж буй, харин Оросын армийн түлш, зэвсэг, техник нийлүүлэх боломжийг хязгаарлахыг зорьж байгаа ажээ.

Тэр “Бид тэнд Оросын цэргийн машины оршин тогтнох болон байлдах чадварыг боломжгүй болгож байна” гэж тайлбарласан байна.

Цэргийн шинжээчдийн үнэлгээ

Украины цэргийн шинжээч Иван Киричевскийн хэлснээр энэ нь “байлдааны талбарыг тусгаарлах” стратеги аж. Украин нөөц хязгаарлагдмал учраас холын тусгалтай дронуудаа ашиглан Оросын армийн логистикийг хүндрүүлэхийг зорьж буй юм байна.

Түүний хэлснээр “Крым Оросын хувьд хэт удаан хугацаанд аюулгүй түшиц газар, жившгүй нисэх онгоц тээгч мэт ашиглагдаж ирсэн” аж.

Энгийн иргэдэд үзүүлэх нөлөө

ОХУ-д нэгтгэсэн Крымд одоогийн байдлаар 2.5–3 сая хүн амьдарч байгаа гэж шинжээчид үзэж байна. Украины талын шинжээч Павел Нарожный “Нэг цахилгаан станц устсан бөгөөд энэ нь Крымын цахилгаан хангамжийн 60 хүртэл хувийг хангадаг байсан. Нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлтийн замууд ч эвдэрсэн" гэжээ.

Түүний үзэж буйгаар намар халаалтын улирал эхлэхэд асуудал улам хурцдах аж.

Эрчим хүчний объект руу хийсэн цохилт ба олон улсын эрх зүй

Британийн RUSI судалгааны төвийн шинжээч Сидхарт Каушал  “Эрчим хүчний байгууламж руу хийсэн довтолгоо нь автоматаар олон улсын эрх зөрчсөн гэсэн үг биш” гэж хэлжээ. Гэхдээ ийм цохилт нь цэргийн ач холбогдолтой эсэх, иргэдэд зориудаар хохирол учруулах зорилготой эсэх гэдгээр үнэлэгдэх ёстой гэж тайлбарласан байна.

Түүний хэлснээр, Крымын стратегийн ач холбогдлыг харгалзан үзвэл эдгээр байгууламжууд цэргийн үнэ цэнтэй байж болох юм.

Бровдигийн Крымын оршин суугчдад хандаж хэлсэн үг

Украины Нисгэгчгүй системийн хүчний командлагч Роберт Бровди Крымын оршин суугчдаас цахилгаан, ус, холбооны тасалдлын улмаас учирч буй хүндрэлд тэвчээртэй байхыг хүсчээ.

Тэр “Крымын украинчуудаас уучлал хүсэж байна. Тэд амьдралынхаа хэвийн нөхцлөөс хязгаарлагдаж байна. Гэхдээ тэд Харьков, Днепр, Сумы, Запорожье, Никополь, Херсон болон өдөр бүр халдлагад өртөж буй олон хотын оршин суугчдаас дор нөхцөлд байгаа биш” гэжээ.

Эх сурвалж: DW