Украины Днепропетровск мужийн Павлоград хотод ОХУ-ын агаарын цохилтын улмаас хүнсний үйлдвэрийн нэгэн аж ахуйн нэгжийн нутаг дэвсгэрт дэлбэрэлт болж, гурван хүн амиа алдаж, 28 хүн шархадсан байна.
Энэ талаар долдугаар сарын 23-нд Днепропетровск мужийн Цэргийн захиргааны дарга Александр Ганжа өөрийн Telegram хуудсаараа дамжуулан мэдээлжээ. Түүний мэдээлснээр, 28 хүн гэмтэж бэртсэнээс гурав нь эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаа аж. Мөн Днепропетровск мужийн Прокурорын газар Telegram сувгаараа дамжуулан мэдээлэхдээ, шархадсан хүмүүсийн дунд 2024 онд төрсөн бяцхан охин байгааг онцолжээ.
Прокурорын газраас мэдээлснээр, орон нутгийн цагаар 11:20 цагийн орчимд (Москвагийн цагтай ижил) удирдлагатай агаарын бөмбөг (УАБ) ашиглан уг цохилтыг өгсөн байна. Харин мужийн Цэргийн захиргааны дарга Александр Ганжа үйлдвэрийн барилгад их хэмжээний гал гарсан гэж мэдээлжээ.
Днепропетровск мужийн зөвлөлийн дарга Николай Лукашук хэлснээр, тус мужийн Прокурорын газрын процессын удирдлага дор "дайны гэмт хэрэг үйлдсэн" гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна.
Зеленский: Patriot цогцолборт зориулсан пуужингийн хомсдол үүсэх ёсгүй
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский мөн энэ өдөр Оросын Зэвсэгт хүчин Херсон хотод агаарын цохилт өгсөн талаар мэдээлжээ. Түүний хэлснээр, уг халдлагад орон сууцны барилгууд, хувийн сууцууд, мужийн хүүхдийн клиникийн эмнэлэг, боловсролын байгууллагууд өртөж, мөн шархадсан хүмүүс байгаа аж.
Түүнчлэн Сумы, Харьков мужуудын чухал дэд бүтцийн объектуудад цохилт өгч, Одесса мужийг пуужингаар харвасан гэж Зеленский мэдэгдсэн байна.
Тэрбээр "Ийм халдлагыг үр дүнтэй эсэргүүцэх боломж бидэнд байх нь маш чухал. Үүнд ямар шийдвэр шаардлагатайг манай түншүүд мэдэж байна. Хамгийн гол нь, Patriot агаарын довтолгооноос хамгаалах цогцолборт зориулсан пуужингийн хомсдол үүсч болохгүй. Манай түншүүд үүнийг сонсож, шаардлагатай арга хэмжээг авна гэдэгт найдаж байна" хэмээн онцолжээ.
Павлоград хот анх удаа УАБ-ний бай болсон нь
Днепропетровск мужийн зөвлөлийн дарга Николай Лукашук "2025 оны долдугаар сарын 20-нд Оросын зэвсэгт хүчин Павлоград хот руу анх удаа удирдлагатай агаарын бөмбөг ашиглан цохилт өгсөн" гэж хэлсэн байна.
Тэр "Өнөөдрийг хүртэл удирдлагатай агаарын бөмбөгүүд зөвхөн Синельниково дүүргийн фронтын шугамд ойр байрлах суурин газруудад аюул учруулдаг байсан. Харин Павлоград хот өмнө нь зөвхөн пуужин болон 'Шахед' төрлийн дроны довтолгоонд өртөж байсан.
УАБ-ийн аюултай нүүр тулж байгаагүй. Одоо дайсан эдгээр бөмбөгөө улам боловсронгуй болгож, илүү алслагдсан бай руу цохилт өгөх боломжтой болсон. Харамсалтай нь, Павлоградын хувьд энэ нь шинэ бодит байдал болж байна" гэжээ.
Эх сурвалж: DW