Дайны талбарт өргөн хүрээг хамарсан өөрчлөлт гарч байгаа өнөөгийн нөхцөлд Украины дээд командлагчаар 60 настай Олександр Сырскийг хэвээр үлдээсэн нь улам бүр "хэвийн бус үзэгдэл" болж байв. Энэ нь насны ялгаварлалын асуудал биш, харин саяхан албан тушаалаасаа чөлөөлөгдсөн Украины цэргийн удирдагчийн сэтгэлгээ, арга барилтай холбоотой асуудал байжээ.
Ийм өнцгөөс харвал Ерөнхийлөгч Владимир Зеленский мягмар гарагт Сырскийг 43 настай Михайло Драпатыйгаар солих шийдвэр гаргасан нь, шинэ үеийн цэргийн удирдагчдын төлөөлөл болсон залуу генералыг сонгосон явдал бөгөөд магадгүй хэдийнэ хийх ёстой байсан алхам нь биз ээ.
Сырский Зөвлөлтийн үеийн бүтээгдэхүүн бөгөөд дайны эхний жилүүдэд тууштай, хатуу арга барил авчирчээ. Үүний зэрэгцээ стратегийн хувьд онцгой чадвар гаргаж байсан удаатай. Тэрбээр Украины хувьд эхэндээ илүү том хэмжээний, илүү их хохирол амсахад бэлэн дайсантай тэнцэх, зарим үед давуу гарах шаардлагад тохирсон удирдагч байж.
2022 онд Киевийг хамгаалсан ажиллагаа, мөн оны сүүлээр Харьков мужийг богино хугацаанд эргүүлэн авсан давшилт, 2024 онд ОХУ-ын нутаг дэвсгэр, Курск мужид хийсэн гэнэтийн ажиллагаа зэрэг нь түүний нэртэй холбоотой амжилтууд аж.
Гэвч түүний удирдлагын үе Украины армид асар их хохирол учирсан үетэй мөн давхацсан байна. Эцэст нь, түүнийг дэвшүүлсэн улс төрийн тэмцэл, ил тод эрх мэдлийн төлөөх өрсөлдөөн өөрийнх нь уналтын шалтгаан болсон гэж хэлж болох нь.
Сырский Зеленскийн дараах сонголт болсон нь
Сырский 2023 оны Украины сөрөг давшилт бүтэлгүйтсэний дараа дээд командлагчийн албан тушаалд томилогдсон. Тухайн үеийн ерөнхий командлагч Валерий Залужныйг Лондонд Украины Элчин сайдаар томилсон билээ.
Олон шинжээчийн үзэж байгаагаар, уг бүтэлгүйтлийн нэг шалтгаан нь Сырский Зеленскийг зүүн нутгийн Бахмут хот болон өмнөд хэсгийн Запорожийн чиглэлд нэгэн зэрэг давших нь Оросын хамгаалалтыг хуваах боломжтой гэж итгүүлсэнтэй холбоотой байж болох аж.
Гэвч бодит байдал дээр энэ нь Киевийн тухайн үед ихээхэн найдвар тавьж байсан зуны давшилтын хүчийг хоёр хэсэгт хувааж, эцэст нь бүтэлгүйтэхэд хүргэжээ.
Сырский дээд албан тушаалд хүрсэн бас нэг шалтгаан нь Залужный хэт их нэр хүндтэй болсон явдал байж. Түүний зураг цэргийн кафенуудын хананд хүртэл өлгөгдөж, санал асуулгаар бусад бүх хүмүүсээс илүү өндөр дэмжлэг авч байжээ. Иймээс фронтын бүтэлгүйтэл нь эцэстээ түүнийг албан тушаалаасаа явах нөхцөл болсон байна.
Зеленскийн улс төрийн тооцоо
Энэ үйл явдлаас гарах гол дүгнэлт нь улс төрийн хувьд Зеленский үйл явдлын өрнөл өөрийн хяналтаас гарахыг, мөн түүнтэй зэрэгцэн өөр нэр хүндтэй хүмүүс гарч ирэхийг бараг адил хэмжээнд дургүйцдэгийг харуулсан байна.
Эргээд харахад, энэ бүх нөхцөл байдлаас зайлсхийх боломжтой байжээ. Зеленский Сырскийг хэдэн сарын турш Киевт түүний алдаа дутагдлын талаар яриа өрнөж, албан тушаалаас нь чөлөөлөх нь зайлшгүй мэт харагдаж байсан тэр үед, бүр долоо хоногийн өмнө л огцруулж болох байсан аж.
Гэвч залуу Федоров болон ахмад генерал Сырский нарын хооронд үүссэн маргаан Зеленскийг хуучин, үнэнч удирдлагын хүрээгээ хадгалахад хүргэжээ.
Сырский олон жилийн турш улс төрийн тоглолтыг илүү сайн хийж чаддаг хүн гэдгээ харуулсан аж. Магадгүй Зеленский түүнийг явуулснаар цэргийн командлалын тогтсон бүтэц алдагдахаас болгоомжилсон байж болох нь.
Мөн тэр залуу шинэчлэгч Федоров өөрийг нь чухал боловсон хүчний шийдвэр гаргахад хүргэсэн мэт харагдахаас илүү их санаа зовсон байж болох аж. Зеленскийн анхны хариу үйлдэл өсөн гарч ирж буй, олон нийтийн дэмжлэгтэй залуу улстөрчөөс татгалзах явдал байжээ.
Удалгүй гудамжинд нэлээд өргөн хүрээтэй боловч асар том биш эсэргүүцлийн жагсаал өрнөв. Үүний дараа Зеленский байр сууриа аажмаар өөрчлөх алхам хийж эхэлжээ. Тэрбээр цэргийн дээд удирдлагуудтай хэд хэдэн удаа олон нийтэд нээлттэй уулзалт хийсэн байна.
Эдгээр уулзалтууд нэг талаар зөвлөлдөх үйл явц байсан бол нөгөө талаар Сырскийн хэдийнэ алдсан албан тушаалын дараагийн нэр дэвшигчдийг үнэлэх боломж байжээ.
Зеленский өнгөрсөн долоо хоногт шууд шийдвэрлэж болох байсан асуудалд ийм удаанаар хүрэхийг зориогүй нь тодорхой. Гэсэн ч ард иргэд, ялангуяа залуу үеийнхний дуу хоолойг сонсож, цэргийн удирдагчидтай зөвлөлдөж буй “ухаалаг удирдагч” гэсэн дүр зураг үлдсэн аж.
Федоровын цаашдын байр суурь тодорхойгүй хэвээр
Украины Батлан хамгаалахын сайдын албан тушаалаас чөлөөлөгдсөн Михайло Федоровт Засгийн газарт ямар “нөлөө бүхий” үүрэг санал болгосон, тэр үүнийг хүлээн авах эсэх нь одоогийн байдлаар тодорхойгүй байгаа аж. Гэхдээ энэ нь одоо гол асуудал биш болжээ.
Хамгийн чухал нь, Зеленский барууны холбоотнууд болон сонгогчдодоо өөрчлөлтийг сонсож чаддаг, шаардлагатай үед тогтсон тогтолцоог өөрчилж чаддаг хүн гэдгээ харуулсан явдал аж.
Киев Москвагийн эсрэг зөвхөн тэмцлийн нөхцөлийг өөрчилж байж л бодит нөлөө үзүүлж чадна. Гэхдээ нэг сонирхолтой асуулт үлдэж буй. Зеленский өмнө нь дайн дуусах үед далайн эрэг дээр сууж, шар айраг ууна гэж хэлж байсан.
Түүний хүсэж буй жинхэнэ, “шударга” энх тайван тогтсоны дараа тэр яагаад Украины хамгийн өндөр албан тушаалыг үргэлжлүүлэн хашихыг хүсэх болов гэдгийг төсөөлөхөд хэцүү. Дайны үеийн Украинд түүнийг солих бодит механизм бараг байхгүй. Учир нь, хэвийн сонгууль явуулах боломж маш хязгаарлагдмал. Энэ утгаараа тэр улс төрийн хувьд маш баталгаатай байр суурьтай аж.
Гэсэн ч тэр өөрийн нэр хүндэд маш их анхаарал хандуулсаар байна. Үүний улмаас Залужный, Федоров зэрэг боломжит өрсөлдөгчид нь, хэдийгээр авьяас чадвартай байсан ч Сырскийтэй зөрчилдсөний дараа улс төрийн тавцанд байр сууриа алдахад хүрчээ.
Зеленский олон улсын тавцанд Украины дайны хүчин чармайлтын хамгийн чадварлаг төлөөлөгч, сурталчлагч байсаар иржээ. Гэвч дотоодын улс төрд гарч буй эдгээр сул тал нь Ерөнхийлөгчийн Тамгын газар байрладаг Банковагийн ордонд зарим шийдвэрүүд шуурхай гарч, дараа нь олон нийтийн дарамтын дараа аажмаар буцаагддагийг харуулж байгаа аж.
Тийм ээ, энэ бол ардчилал хэрхэн ажиллаж байгаагийн нэг илрэл байж болох юм. Гэхдээ үүнтэй зэрэгцэн нэг асуулт үлдэнэ: Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд өөр хэчнээн буруу шийдвэрийг хэн ч эсэргүүцэлгүй өнгөрөөсөн бол?
Эх сурвалж: CNN