Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурорын гаргасан саналыг хэлэлцэн, яллагдагч Т.Даваадалайд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг нэг сарын хугацаагаар сунгах шийдвэр гаргажээ.
Прокурорын байгууллагаас Т.Даваадалайг албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд бусдаар дамжуулан хахууль авсан гэх хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан байна. Прокуророос цагдан хорих хугацааг сунгуулах саналыг шүүх 2026 оны зургаадугаар сарын 15-нд хүлээн авч хэлэлцсэн байна.
Шүүх хэргийн материалд цугларсан нотлох баримт, прокурор болон өмгөөлөгчийн тайлбар, саналыг харгалзан үзээд, яллагдагчийг үргэлжлүүлэн цагдан хорих хуульд заасан үндэслэл хэвээр байна гэж дүгнэжээ.
Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1.3-т заасны дагуу яллагдагч нь хэргийн ул мөр, эд мөрийн баримт, нотлох баримтыг устгах, өөрчлөх, нуун далдлах, зөөвөрлөх, үрэгдүүлэх, хуурамчаар үйлдэх эрсдэл арилаагүй гэж үзсэн байна.
Иймд шүүхээс Т.Даваадалайд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг 2026 оны зургадугаар сарын 22-ноос эхлэн нэг сарын хугацаагаар сунгах шийдвэр гаргажээ.