Их Британийн Ажилчны намын Ерөнхий нарийн бичгийн дарга Пол Кэннон РИА Новости агентлагт ярилцлага өгөхдөө "Их Британи улс тэтгэврийн ахмадуудад олгодог зарим тэтгэмжийн зардлыг хэмнэж байгаа хэрнээ Украины мөргөлдөөнд оролцсоор байна" гэж мэдэгджээ.
Тэрбээр "Өнөөдөр Британийн иргэдэд тулгарч буй олон асуудлыг өндөр зардалтай дайныг зогсоосноор шийдвэрлэх боломжтой" гэж онцолсон байна.
Кэннон “Их Британи тэтгэвэр авагчдад өвлийн улиралд түлшний зардалд зориулсан тэтгэмж олгох боломжгүй гэж байгаа атлаа ээлжлэн солигдож буй Засгийн газрууд Украины дайныг дэмжих бодлогоо үргэлжлүүлсээр байна” гэж хэлжээ.
Түүнчлэн тэрбээр Украин улс зөвхөн Их Британи төдийгүй бусад орнуудаас тогтмол санхүүгийн болон цэргийн дэмжлэг авч байгаа нь Киевийн эрх баригчдад дайныг үргэлжлүүлэх боломж олгож байна гэж үзэж буйгаа илэрхийлсэн байна.
Их Британийн Батлан хамгаалах яам зургадугаар сарын 18-нд Украинд 150 мянган нисгэгчгүй төхөөрөмж нийлүүлэхээр төлөвлөж байгаагаа мэдээлсэн. Мөн тусламжийн багцад агаарын довтолгооноос хамгаалах зориулалттай 350 пуужин, үүний дотор олон зориулалттай “Martlet” (Lightweight Multirole Missile, LMM) пуужин, радар болон газрын радио-локаторын системүүд багтаахаар төлөвлөжээ.
Харин Оросын тал Украинд зэвсэг нийлүүлэх нь мөргөлдөөнийг зохицуулах үйл явцад саад болж, НАТО-гийн орнуудыг шууд татан оролцуулж байна гэж үздэг.
ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Украинд зориулсан зэвсгийн аливаа нийлүүлэлт нь Оросын хувьд хууль ёсны бай болж болзошгүй гэж өмнө нь мэдэгдэж байв. Мөн Кремль барууны орнууд Украинд зэвсгийн дэмжлэг үзүүлж буй нь хэлэлцээ хийх нөхцөлд сөргөөр нөлөөлж, үр дагавар дагуулна гэж мэдэгдсэн байна.
Эх сурвалж: RIA NOVOSTI