Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Н.Номтойбаяр, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Ц.Ганзориг нар Төв аймагт ажиллав

Тэд аймгийн Онцгой байдлын газрын үйл ажиллагаа, техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийн хангалт, аврах ажиллагааны бэлэн байдалтай танилцаж, гамшгаас хамгаалах чиглэлээр тулгамдаж буй асуудал болон цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар алба хаагчидтай санал солилцжээ.

Энэ үеэр Төв аймгийн Баянчандмань суманд Эрэн хайх, аврах бүлэг байгуулах, мөн Мөнгөнморьт сумын Гал түймэр унтраах, аврах ангийн барилга байгууламжийг шинэчлэх шаардлагатай байгааг танилцуулж, холбогдох шийдвэр гаргуулах саналыг дэвшүүлсэн талаар ОБЕГ-аас мэдээлэв.

Шадар сайд Н.Номтойбаяр энэ үеэр Гамшгаас хамгаалах тухай хуулийн төсөл болон Улсын нөөцийн тухай хуулийн төсөл-ийн хүрээнд онцгой байдлын салбарын эрх зүйн орчныг шинэчилж, салбарыг санхүү, эдийн засгийн хувьд илүү бие даасан, тогтвортой ажиллах нөхцөлийг бүрдүүлэхээр ажиллаж байгааг онцолжээ.

Мөн төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаанд тулгуурлан хөрөнгө оруулалтын боломжийг нэмэгдүүлэх, гамшгаас урьдчилан сэргийлэх болон аврах ажиллагааны чадавхыг бэхжүүлэх чиглэлээр шаардлагатай эрх зүйн орчныг бүрдүүлэх нь чухал гэдгийг тэмдэглэсэн байна.