Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний финалын дараа эх орондоо буцахаар Нью-Йоркийн нисэх онгоцны буудалд ирсэн Аргентины хөлбөмбөгийн холбоо (AFA)-ны ерөнхийлөгч Клаудио Тапиаг АНУ-ын Холбооны мөрдөх товчоо (FBI)-ны ажилтнууд саатуулсан талаар Аргентины TN телевиз мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, мөрдөгчид Тапиа болон түүнийг дагалдан явсан хэд хэдэн хүний гар утас, компьютер зэрэг цахим төхөөрөмжүүдийг хураан авсан байна.
Шүүхийн баримт бичигт дурдсанаар, Клаудио Тапиа, AFA-гийн санхүү хариуцсан ажилтан Пабло Товигино, мөн тус холбоотой хамтран ажилладаг бизнес эрхлэгч Хавьер Фарони нар энэ сарын 30-нд АНУ-ын Флорида мужийн Өмнөд тойргийн шүүхэд очиж мэдүүлэг өгөхөөр болсон байна.
Тэднийг шалгаж байгаа асуудал нь Аргентины хөлбөмбөгийн холбоотой холбоотой санхүүгийн болон арилжааны хэлцлүүдтэй холбоотой аж. Тодруулбал, Хавьер Фарони эхнэрийн хамт Өмнөд Флорида мужид нийт 11 сая ам.долларын үнэ бүхий дөрвөн тансаг зэрэглэлийн үл хөдлөх хөрөнгө худалдан авсан асуудлыг мөрдөн шалгаж байна гэжээ.
Үүний зэрэгцээ АНУ-ын Хууль зүйн яам Аргентины хөлбөмбөгийн холбооны санхүүгийн үйл ажиллагаанд шалгалт хийж буй бөгөөд тус холбооны мөнгөн хөрөнгө Америкийн банкуудаар дамжин шилжихдээ санхүүгийн луйвар, хууль бус гүйлгээтэй холбоотой эсэхийг тогтоохоор ажиллаж байгаа аж.
Эх сурвалж: TASS