ОХУ-ын нийслэл Москва хотод уламжлал ёсоор зохион байгуулагддаг 5 дугаар сарын 9-ний Ялалтын баярын цэргийн жагсаал энэ жил хязгаарлагдмал буюу “цомхон” болох нь.

ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас мэдээлснээр, Улаан талбайгаар цэргийн техник хэрэгслүүд явахгүй бөгөөд Суворов, Нахимовын цэргийн сургуулиуд болон кадетын корпусын сурагчид ч оролцохгүй аж.

Тус шийдвэрийг “одоогийн үйл ажиллагааны нөхцөл байдалтай” холбон тайлбарласан байна. Харин дараа нь Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков “Энэ нь Украин талаас ирж болзошгүй террорист аюул’-тай холбоотой” гэж мэдэгджээ.

ОХУ-ын хэд хэдэн бүс нутагт Ялалтын баярын үеийн олон нийтийн арга хэмжээг цуцалсан байна. Тухайлбал, Нижний Новгород, Саратов, Чуваш, Калуга мужид цэргийн парад болохгүй бөгөөд Воронеж, Курск, Брянск, Белгород зэрэг бүс нутагт баярын салют буудлага хийхгүй аж.

Мөн Санкт-Петербург хотод ч цэргийн техник оролцохгүй гэж “Фонтанка” агентлаг мэдээлсэн байна. Тэнд сүүлийн жилүүдэд гардаг байсан Т-34 танк хүртэл энэ удаад гарахгүй бөгөөд Дворцовагийн талбайд өмнө нь засдаг байсан гурван тайзны оронд ганцхан тайз баригдах аж.

Яагаад парадаас техник хасагдав?

Австрийн цэргийн шинжээч Маркус Райснерийн үзэж буйгаар, Украины талын довтолгооны чадавх нэмэгдсэнтэй холбоотойгоор Москва өндөр эрсдэлээс болгоомжилж байгаа аж. Түүний хэлснээр, Оросын баруун хэсэгт бараг ямар ч цэгт цохилт өгөх боломжтой болсон тул нийслэлд ч аюул нэмэгджээ.

Харин өөр шинжээч Яан Матвеевын үзэж буйгаар, ОХУ-д техник хангалттай байгаа ч парадад гаргах нь тэдгээрийг Украин онилох эрсдэлтэй тул Кремль илүү болгоомжилж буй аж. Мөн дайны нөхцөлд техник, нөөц их хэмжээгээр фронтод ашиглагдаж буй тул парадад зориулах нь зохимжгүй гэж тэр тайлбарлажээ.

Ялалтын баярын парадын улс төрийн ач холбогдол

Түүхчдийн үзэж байгаагаар, Ялалтын баярын парад нь зөвхөн цэргийн үзүүлбэр бус, ОХУ-ын төрийн улс төрийн бэлгэдлийн нэг чухал хэсэг юм. ЗХУ-ын үеийн уламжлалаас улбаатай энэ арга хэмжээ өнөөгийн засгийн газарт “хэвийн байдал, хяналт”-ыг харуулах хэрэгсэл болдог гэж үздэг.

Ялангуяа Владимир Путины засаглалын үед энэ парад дотоод болон гадаад бодлогын чухал тайз болж ирсэн бөгөөд олон улсын зочид оролцох нь хүртэл улс төрийн утга агуулгатай аж.

Нөлөөлөл

Шинжээчдийн дүгнэлтээр, парадын хэлбэр багасах нь Путины нэр хүндэд шууд том нөлөө үзүүлэхгүй ч улс орны дотоод нөхцөл байдал хэвийн бус байгааг илтгэх нэг дохио болох магадлалтай юм байна. Харин иргэдийн нэг хэсэг нь уламжлалт баярын өнгө төрх алдагдсанд сэтгэл дундуур байх боломжтойг мөн онцолжээ.

Эх сурвалж: DW