Австрийн Браунау-ам-Инн хотод цагдаагийн байгууллага долдугаар сарын 22-нд шинэ байранд нүүж оржээ. Энэ үйл явдал өөрөө төдийлөн олны анхаарал татахгүй байсан ч шинэ хаяг нь олон хүнд танил газар аж. Учир нь Зальцбургер Форштадтын 15 тоотод 1889 онд Адольф Гитлер мэндэлжээ.
Гитлер 1933 онд Германд засгийн эрхэнд гарч, Дэлхийн хоёрдугаар дайныг эхлүүлэн, олон арван сая хүний аминд хүргэсэн бөгөөд зургаан сая гаруй еврей хүнийг системтэйгээр устгасан Холокостын гол зохион байгуулагч болсон.
Гитлерийн эцэг эх энэ байшинд түрээсээр амьдарч, Адольфыг гурван настай байхад өөр газар руу нүүжээ. Гэсэн ч энэ байшин түүхэнд хүнд ул мөрөө үлдээсэн аж.
1938 онд Австри Герман улсад нэгтгэгдсэний дараа уг байшинг Гитлерийн удирдсан Үндэсний социалист Германы ажилчны нам (НСДАП) худалдан авч, нацист үзэл суртлыг сурталчлах соёлын төв болгон ашиглаж байжээ.
Дэлхийн хоёрдугаар дайн дууссаны дараа байшинг хуучин эзэмшигчдэд нь буцаан өгчээ. Харин Австрийн төр эзэмшигчээс нь түрээслэн, янз бүрийн зориулалтаар ашиглаж байсан аж. Энд номын сан, банкны салбар, мэргэжлийн сургууль, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн урлан зэрэг байгууллагууд ажиллаж байжээ. 2011 оноос хойш байшин эзгүй байсан байна.
Улсын мэдэлд шилжүүлсэн нь
2016 онд Австрийн парламент тусгай хууль баталж, байшинг хувийн өмчлөлөөс албадан улсын мэдэлд шилжүүлжээ. Үүний зорилго нь, уг газрыг неонацистуудын мөргөлийн төв болохоос сэргийлэх, өөрөөр хэлбэл нацистуудын хувьд бэлгэдлийн ач холбогдлыг нь арилгах явдал байсан аж.
Байшингийн эзэн Герлинде Поммерт 810 мянган еврогийн нөхөн төлбөр олгосон боловч тэр үүнийг хангалтгүй гэж үзэн, 1.5 сая евро нэхэмжилсэн ч Австрийн Дээд шүүх хүсэлтийг нь хэрэгсээгүй байна.
20 сая еврогийн өртөгтэй шинэчлэл
Австрийн Дотоод хэргийн яам "Гитлерийн төрсөн байшинтай түүхийн хувьд зөв харьцах комисс" байгуулж, уг барилгыг цаашид хэрхэн ашиглах талаар санал боловсруулжээ. Байшинг нураах тухай ч хэлэлцсэн боловч эцэст нь энэ санаанаас татгалзсан байна.
Комисс уг барилгыг нийгмийн халамжийн байгууллага, эсвэл төрийн захиргааны байгууллага болгон ашиглах нь зөв гэж үзжээ.
Венийн Еврейн шашны нийгэмлэгийн ерөнхийлөгч Оскар Дойч "Энэ байшин хэзээ ч нацистуудын мөргөлийн газар болох ёсгүй байсан. Ардчилсан эрх зүйт улсын цагдаагийн байгууллага энд байрлах нь үндэсний социализм дахин сэргэхтэй тэмцэх бэлгэдэл болно." гэж ярьсан байна.
Түүхч Оливер Раткольб "Эхэндээ бид энэ байшинг буяны байгууллагад өгөхийг санал болгосон ч тэд татгалзсан. Харин цагдаагийн хэлтэс энд байрлавал Гитлерийг шүтэгчид ирж зураг авахуулах нь багасна" гэж хэлжээ.
Орон нутгийнхны санал хоёр хуваагджээ
Австрийн төр байшинг шинэчлэхэд ойролцоогоор 20 сая евро зарцуулж, фасадыг нь маш энгийн хэв маягаар өөрчилжээ. 17.5 мянган хүн амтай Браунау хотын оршин суугчид энэ шийдвэрийг янз бүрээр хүлээн авсан байна.
Иргэний санаачилгын төлөөлөгч Эвелине Долль "Энэ байшинг энх тайван, эрх чөлөө, ардчилал, хүлээцтэй байдлыг сурталчлах уулзалт, боловсролын төв болгох түүхэн боломжийг алдсан" гэж шүүмжилжээ.
2023 оны судалгаагаар, хотын иргэдийн ердөө 6 хувь нь цагдаагийн хэлтэс энд нүүж ирснийг дэмжсэн байна.
Нацист үеийн дурсамж
Шүүмжлэгчид цагдаагийн байгууллагыг тус газар байрлуулах нь тохиромжгүй гэж үздэг аж. Учир нь, нацистын үед Германы цагдаа, СС-ийн байгууллагууд нягт хамтран ажиллаж, Гестапо нь дэглэмийн аймшигт хэлмэгдүүлэлтийн гол хэрэгсэл болж байжээ.
Орчин үеийн түүхийн нийгэмлэгийн тэргүүн Флориан Катанко "Өнөөдрийн Австри бол ардчилсан эрх зүйт улс. Цагдаа хуульд захирагддаг, буруу үйлдэл гаргавал хуулийн өмнө хариуцлага хүлээдэг. Тиймээс нацист үеийн байгууллагатай адилтгах нь үндэслэлгүй" хэмээн тайлбарлажээ.
Австрийн өнгөрсөнтэйгээ хийх тэмцэл
1938 онд Гитлер Австрийг Германд нэгтгэх үед олон австри хүн үүнийг баяртайгаар хүлээн авчээ. Нацистын үед 65 мянга орчим Австрийн еврей алагдаж, 130 мянга орчим хүн эх орноосоо дүрвэхээс өөр аргагүй болсон байна.
Австри улс өнгөрсөн хугацаанд Холокост дахь өөрийн оролцоог хангалттай хэмжээнд хүлээн зөвшөөрөөгүй гэсэн шүүмжлэлтэй байсаар иржээ.
1956 онд хуучин нацистуудын байгуулсан Австрийн Эрх чөлөөний нам (FPÖ) 2024 оны парламентын сонгуульд хамгийн олон санал авсан ч эвслийн түнш олдоогүй тул засгийн газар байгуулж чадаагүй аж.
2025 оны судалгаагаар, австричуудын 39 хувь нь "Үндэсний социализмын асуудлыг нэгэнт хааж, өнгөрсөндөө цэг тавих цаг болсон" гэсэн байр суурьтай байжээ.
Дурсгалын чулуу хэвээр үлдэнэ

Байшингийн шинэ фасад дээр ямар нэгэн тайлбар, мэдээллийн самбар байрлуулаагүй байна. Мэргэжилтнүүд 1989 онд байрлуулсан дайны болон фашизмын эсрэг дурсгалын чулууг өөр газар шилжүүлэхийг санал болгосон боловч хотын захиргаа өмнөх байранд нь үлдээхээр шийджээ.
Маутхаузены хорих лагерьт байсан чулуун карьерээс авчирсан энэ чулуун дээр "Энх тайван, эрх чөлөө, ардчиллын төлөө. Фашизм дахин бүү давтаг. Сая сая хүний амь эрсэдсэн нь бидэнд анхааруулга болж байна" гэж сийлсэн байдаг аж.
Германд ч мөн адил
Сонирхолтой нь, Гитлерийн Германд амьдарч байсан сүүлчийн албан ёсны хаяг болох Мюнхен хотын Принцрегентенплац 16 дахь байранд өнөөдөр мөн цагдаагийн хэлтэс байрладаг байна.
Энэ барилга дайны дараа Бавари мужийн өмч болж, төрийн янз бүрийн байгууллага ашигласан бөгөөд 1998 онд цагдаагийн байгууллага нүүж иржээ.
Сүүлийн жилүүдэд энд нийгмийн чиглэлийн арга хэмжээнүүд зохион байгуулж, ардчилсан үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор ашиглаж буй юм байна.
Эх сурвалж: DW