Германы томоохон хэвлэл мэдээллийн групп болох Axel Springer-ийн нөлөө бүхий тэргүүн Матиас Дёпфнер (Mathias Döpfner) Холбооны канцлер Фридрих Мерц (Friedrich Merz, ХДС/CDU)-ийг хэт барууны үзэлтэй “Германы төлөөх альтернатив” (AfD) намтай хамтран ажиллахыг ятгасан уу?
Сүүлийн хэдэн сарын турш Берлиний улс төрийн хүрээнд Мерц болон Дёпфнер нарын хооронд болсон гэх хоёр уулзалтын тухай цуурхал тархжээ. Тэд олон жилийн өмнөх танилууд бөгөөд уулзалтууд нь нэлээд хурц уур амьсгалтай болж, маргаанаар дууссан байж магадгүй гэж мэдээлж буй юм байна.
Мэдээллүүдийн нийтлэг өнгө аяс:
Дёпфнер Мерцийг AfD-тэй харилцах улс төрийн “хоригийг” цуцлахыг хүссэн байж магадгүй аж. Германд үүнийг “Брандмауэр” (Brandmauer - шууд утгаараа “галын хамгаалалтын хана”) гэж нэрлэдэг. Энэ нь хэт барууны AfD намтай ямар ч хэлбэрээр хамтрахгүй гэсэн улс төрийн зарчим юм байна. Харин Мерц энэ “ханыг” хадгалах байр суурьтай байгаа ажээ.
ХАХ/ХСХ AfD-тэй хамтрахаас эрс татгалздаг
Германы консерватив улс төрийн блок болох Христийн Ардчилсан Холбоо (ХАХ), Христийн Социал Холбоо (ХСХ) AfD-тэй ямар ч чиглэлээр хамарч ажиллахаас татгалзсаар иржээ. Ялангуяа мужийн түвшинд, холбооны улсын улс төрийн түвшинд, Бундестаг дахь хамтын ажиллагаанд ийм байр суурь баримталдаг аж. Гэхдээ орон нутаг, хотын түвшинд, ялангуяа Зүүн Германд, AfD маш хүчтэй болсон тул бодит байдал өөр болжээ.
Тэнд Христийн Ардчилсан Холбоо, бусад ардчилсан намууд AfD-ийн төлөөлөгчидтэй ямар нэгэн холбоо, харилцаа тогтоохоос бүрэн зайлсхийх боломжгүй болсон байна.

Мерц: AfD-тэй хамтрахгүй
Канцлер Мерц хамгийн сүүлд Берлинд болсон зуны хэвлэлийн бага хурлын үеэр AfD-ийн талаар байр сууриа илэрхийлжээ. Түүнийг есдүгээр сард болох гурван мужийн сонгуулийн өмнөх нөхцөл байдлын талаар асуухад Саксони-Анхальт, Мекленбург-Өрнөд Померан, Берлин мужийн сонгуулиудад AfD хүчтэй өрсөлдөх төлөвтэй байгаа талаар ярьжээ. Ялангуяа Саксони-Анхальтад санал асуулгаар AfD хамгийн том нам болж магадгүй байгаа аж.
Мерц “Сонгуулийн кампанит ажил дөнгөж эхэлж байна. Эдгээр гурван мужид, ялангуяа Саксони-Анхальт болон Мекленбург-Өрнөд Померанд AfD мужийн парламентад олонх болохоос сэргийлж чадна гэдэгт би итгэлтэй байна” гэжээ. Тэр мөн ХАХ-ны AfD-тэй үл нийцэх тухай шийдвэрийг сануулсан байна.
Дёпфнер, Мерц хоёрын уулзалт
2018 оны арванхоёрдугаар сард ХДС намын их хурлаар “Зүүний нам болон AfD-тэй ямар ч эвсэл, хамтын ажиллагаа байгуулахгүй” гэсэн шийдвэр гаргажээ. Мерц саяхан “Манай намын их хурлаас энэ талаар тодорхой шийдвэр гарсан. Үүнийг дагаж мөрдөхөд эргэлзэх ямар ч шалтгаан надад байхгүй” гэж хэлсэн байна.
Харин Stern сэтгүүл долдугаар сарын дунд үед мэдээлэхдээ Мерц, Дёпфнер хоёр үнэхээр хоёр удаа уулзсан. Нэг нь 2024 оны өвөл (Мерц сөрөг хүчний удирдагч байх үед). Нөгөө нь энэ оны хавар Берлин дэх Axel Springer-ийн төв байранд болсон гэжээ.
Stern-ийн мэдээлснээр, анхны уулзалтаар AfD-ийн асуудлаар санал зөрөлдөөн гарсан бөгөөд хоёр дахь уулзалт ч ойлголцлоор дуусаагүй байна.
Axel Springer-ийн нөлөө
Axel Springer бол Германы хамгийн нөлөө бүхий хэвлэл мэдээллийн группуудын нэг. Түүний гол хэвлэлүүдийн нэг болох Bild сонин Германы олон нийтийн санаа бодолд ихээхэн нөлөөтэй. Тиймээс тус компанийн улс төрийн байр суурь Германы улс төрчдийн хувьд чухал ач холбогдолтой байдаг аж.
Гэхдээ Axel Springer түүхэн байдлаар AfD-ийн байр сууринд шүүмжлэлтэй ханддаг ч нийгмийн өөрчлөлтийг үл тоомсорлохгүй байхыг хичээдэг байна. Жишээлбэл, 2024 оны арванхоёрдугаар сард Axel Springer-ийн Die Welt сонин Америкийн тэрбумтан Илон Маскийн нийтлэлийг нийтэлжээ. Тэр нийтлэлд AfD-д санал өгөхийг уриалсан агуулга байсан нь маргаан дагуулсан байна.
Германы иргэд AfD-ийн талаар хэрхэн бодож байна вэ?
ARD-Deutschlandtrend-ийн зургаадугаар сарын судалгаагаар, судалгаанд оролцогчдын 47 хувь нь AfD-тэй хамтран ажиллахгүй гэсэн “брандмауэр” бодлогыг буруу гэж үзсэн байна. Энэ нь хоёр жилийн өмнөхөөс 12 хувиар өссөн үзүүлэлт аж.
Сонгуулийн дараа асуудал улам хурцдаж магадгүй
Есдүгээр сарын 6-нд болох Саксони-Анхальтын сонгуулийн дараа AfD-тэй хэрхэн харилцах асуудал улам хурцдах төлөвтэй байна. Одоогийн санал асуулгаар, AfD: 41-42%, ХАХ: 23-26% орчим дэмжлэгтэй байгаа аж.
Хэрэв энэ байдал хадгалагдвал одоогийн мужийн Ерөнхий сайд Свен Шульце (ХДС) дахин сонгогдохын тулд Социал демократ нам, Зүүний намын дэмжлэгт найдах хэрэг гарч магадгүй. Гэвч ХАХ-ны зарим гишүүд Зүүний намтай ийм байдлаар хамтрахыг эсэргүүцэж буй ажээ.
Дёпфнер AfD-г дэмждэг үү?
Axel Springer-ийн төлөөлөгч энэ мэдээллийг няцаажээ. Тэд “Матиас Дёпфнер Мерцийг AfD-ийн талаарх байр сууриа өөрчлөхийг шаардаагүй. Харин ч тэр AfD-д шүүмжлэлтэй ханддаг байр сууриа илэрхийлсэн” гэж мэдэгдсэн байна.
Мөн “Эсрэгээрээ, ийм цуурхал зориудаар тараагдсан байж магадгүйд гайхаж байна” гэжээ. Гэхдээ энэ цуурхлыг яг хэн тараасан нь тодорхойгүй хэвээр байгаа аж.
Эх сурвалж: DW