Францын хууль тогтоогчид мягмар гарагт 15-аас доош насны хүүхдүүдийг нийгмийн сүлжээ (social media) ашиглахыг хориглох хуулийн төслийг баталлаа. Энэ нь сошиал медиа насанд хүрээгүй хүүхдүүдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд хэрхэн нөлөөлж байгаа талаарх дэлхий нийтийн санаа зовнил нэмэгдэж буйтай холбоотой юм.
Франц Европт ийм төрлийн арга хэмжээ авсан анхны улс болж байна. Үүнээс өмнө Австрали улс 16-аас доош насныханд зориулсан дэлхийн анхны өргөн хүрээний хоригийг хэрэгжүүлж эхэлсэн. Уг хоригт Facebook, Snapchat, TikTok, YouTube зэрэг платформууд багтсан байна. Австралийн хууль 12-р сард хүчин төгөлдөр болжээ.
Францын хиймэл оюун ухааны асуудал хариуцсан дэд сайд Анн Ле Энанфф Сенатын гишүүдэд “Франц улс Европт анх удаа дижитал насанд хүрэх босгыг тогтоосон орон болж, замыг нээж байна” гэж мэдэгджээ.
Парламентын хоёр танхим дэмжив
Францын парламентын хоёр танхим болох Сенат, Үндэсний Ассамблей хоёулаа мягмар гарагт уг хоригийг баталсан байна. Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон өмнө нь дөрөвдүгээр сард залуучуудад “Илүү сайн иргэн болохын тулд утсаа унтрааж, ном унших хэрэгтэй” гэж уриалж байсан бөгөөд шинэ хуулийг дараагийн хичээлийн жилийн эхэн гэхэд хэрэгжүүлэхийг хүсэж байгаа аж.

Хууль хэрхэн хэрэгжих вэ?
Шинэ хуулийн дагуу:
📌 9-р сарын 1-нээс эхлэн 15-аас доош насны хүүхэд шинэ сошиал медиа аккаунт нээх боломжгүй болно.
📌 Сошиал платформууд одоо байгаа 15-аас доош насны хэрэглэгчдийн бүртгэлийг хаахын тулд дөрвөн сарын хугацаатай байна.
📌 Платформууд Францын хувийн мэдээлэл хамгаалах байгууллагаас зөвшөөрсөн нас баталгаажуулах систем ашиглах шаардлагатай болно.
Сошиал компаниудын байр суурь
Сошиал медиа компаниуд ийм төрлийн бүх нийтийн хоригийг ерөнхийдөө эсэргүүцдэг. Тэд хэдийнэ насны хязгаарлалттай, залуу хэрэглэгчдийг хамгаалах арга хэмжээ авч байгаа гэж тайлбарладаг. Гэвч засгийн газрууд ийм хориг баталсан тохиолдолд мөрдөхөө амалж байгаа аж.
Европын холбоо мөн зохицуулалт хийхээр ажиллаж байна
Европын Комисс залуучуудыг хамгаалах зорилгоор Европ даяар сошиал медиаг илүү хатуу зохицуулах шинэ дүрэм боловсруулах ажил хийж буй юм байна. Мөн Францын хууль одоо мөрдөгдөж буй Европын хууль тогтоомжтой нийцэж байгаа эсэхэд Европын Комисс дүгнэлт өгөх ажээ.
Макроны байр суурь
Макрон дөрөвдүгээр сард өсвөр үеийнхэнд хандан “Бид та нарыг энэ цахим ширэнгэн ойд орхисон бөгөөд энэ нь та нарын анхаарлыг булаасан” гэж хэлжээ. Тэрбээр цааш нь “Бид энэ хурдыг сааруулж, та нарыг насанд хүрсэн, хамгийн гол нь хариуцлагатай иргэн болоход туслах хэрэгтэй. Тиймээс бидний хийх гэж байгаа зүйл бол 15 нас хүрэхээс өмнө сошиал медиа байхгүй гэсэн зарчим тогтоох юм” гэж мэдэгдсэн байна.