Оросын Аялал жуулчлалын холбоо (ОАЖХ)-ны гүйцэтгэх захирал, бүс нутгийн зөвлөлийн тэргүүн Дмитрий Манин "Орос, Монголын хоорондын төмөр замын зорчигч тээврийн үйлчилгээг сэргээснээр хоёр улсын аялал жуулчлалын урсгал дор хаяж 20-30 хувиар нэмэгдэх боломжтой" гэж ТАСС агентлагт мэдээлжээ.

Тэрбээр "Манай тооцоогоор энэхүү чиглэлийг сэргээснээр Орос, Монголын хоорондын зохион байгуулалттай аяллын урсгал эхний бүрэн аяллын улиралдаа 20-30 хувиар өсөх боломжтой. Энэ бол нухацтай хийсэн үнэлгээ. Учир нь, сүүлийн хоёр жилийн хугацаанд орос иргэдийн Монголыг зорих сонирхол хэд дахин нэмэгдсэн" гэж хэлсэн байна.

Москва–Улаанбаатар–Бээжин чиглэл аялал жуулчлалд чухал нөлөөтэй

Шинжээчийн хэлснээр, Москва-Улаанбаатар-Бээжин чиглэлийн төмөр замын үйлчилгээг сэргээх хүлээлт аялал жуулчлалын салбарын 2020 оноос хойш үүсчээ. Түүний мэдээлснээр, Оросын Аялал жуулчлалын холбоо Монголын түнш байгууллагуудтай идэвхтэй хамтран ажиллаж байгаа аж.

Манин "Бид 'Монголын Цайны их зам' хөгжлийн сантай хамтран хоёр орны аялал жуулчлалын операторуудын онлайн уулзалт зохион байгуулсан. Энэ үеэр "Цайны их зам" аяллын чиглэл, хоёр талын харилцаа, аяллын бүтээгдэхүүн, логистик, түншлэлийн асуудлыг хэлэлцсэн. Бизнес салбар хүлээгээд суухгүй, аль хэдийн бэлтгэлээ эхлүүлсэн" гэжээ.

Тэрбээр энэхүү чиглэлийг "Гурван улс, гурван соёл, олон мянган километрийн өвөрмөц байгалийн тогтоц бүхий тав хоногийн домогт аялал" хэмээн тодорхойлсон байна.

🏞️ Ямар аяллууд эрэлттэй болох вэ?

ОАЖХ-ны бүс нутгийн зөвлөлийн тэргүүний үзэж буйгаар, төмөр замын хөдөлгөөн сэргэсний дараа дараах олон өдрийн аяллууд хамгийн эрэлттэй болох боломжтой аж. Үүнд:

🇷🇺 Улаан-Үд, Байгаль нуур
🇲🇳 Улаанбаатар, Монголын тал нутгийн аймгууд
🏜️ Говийн аялал багтжээ. 

Тэрбээр "Онгоцоор ийм аяллын мэдрэмжийг бий болгох боломжгүй. Чухам галт тэрэг л аяллын замд бүрэн уусан орох боломж олгодог. Туршлагатай аялагчид ийм аялал хийхийг зорьдог" гэж тайлбарлажээ.

🚄 Москва"Улаанбаатар"Бээжин чиглэл хэзээ зогссон бэ?

Өмнө нь Монголын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын бодлогын сайд Ж.Алдаржавхлан ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн дэд сайд Дмитрий Вахруковтай уулзаж, Москва-Улаанбаатар-Бээжин чиглэлийн тогтмол зорчигчийн галт тэрэгний үйлчилгээг сэргээх асуудлыг хэлэлцсэн байна.

Энэхүү чиглэл нь COVID-19 цар тахлын улмаас 2020 онд түр зогсжээ.

Эх сурвалж: TASS