БНАСАУ Украин дахь ОХУ-ын явуулж буй дайныг цаашид дэмжсээр байх болно гэж мэдэгджээ. Энэ тухай БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд Чой Сон Хи Москва хотод хийсэн айлчлалынхаа үеэр долдугаар сарын 21-ний мягмар гарагт мэдэгдсэн байна.

Хойд Солонгосын төрийн мэдээллийн агентлаг ЦТАК дипломатчийн мэдэгдлийг иш татаж, "БНАСАУ-ын ОХУ-ын дотоод болон гадаад бодлогыг бүрэн дэмжих байр суурь хэзээ ч өөрчлөгдөхгүй, бат бөх хэвээр байна" гэж мэдээлжээ.

Тус мэдэгдэлд, Хойд Солонгосын дотоодын уншигчдад зориулан "ОХУ-ын үйл ажиллагаа нь Украин дахь мөргөлдөөний үндсэн шалтгааныг арилгах, мөн үндэсний бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, олон улсын шударга ёсыг хамгаалахад чиглэж байна" хэмээн тайлбарласан байна.

Үүний хариуд Москва мөн БНАСАУ-ын үндэсний бүрэн эрх, тусгаар тогтнолыг хамгаалах үйл хэрэгт Пёньяныг бүрэн дэмжихээ илэрхийлсэн гэж мэдэгдэлд дурджээ.

ОХУ, Хойд Солонгосын хамтын ажиллагаа эрчимжиж байна

Олон улсын тавцанд бараг бүрэн дипломат тусгаарлалтад орсон Хойд Солонгос болон ОХУ 2022 оны хоёрдугаар сард Орос Украинд өргөн хэмжээний цэргийн ажиллагаа эхлүүлснээс хойш хамтын ажиллагаагаа харилцан эрчимжүүлсэн байна.

AFP агентлагийн мэдээлснээр, БНАСАУ ОХУ-д цэрэг, зэвсэг нийлүүлж байгаа бол Москва холбоотон орондоо хүнс, технологийн дэмжлэг үзүүлж байгаа аж.

Мөн долдугаар сарын 19-нд нийтлэгдсэн видео бичлэгт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Хойд Солонгосын үзүүлж буй тусламж дэмжлэгт талархаж буйгаа илэрхийлжээ.

Өмнөд Солонгосын хэвлэлүүдийн үзэж байгаагаар, БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд Чой Сон Хигийн Москвад хийсэн айлчлал нь Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун ойрын хугацаанд ОХУ-д айлчлах бэлтгэл ажлын нэг хэсэг байж болзошгүй гэж таамаглаж байгаа аж.

Эх сурвалж: DW