ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын алба (ХАБА)-ны Олон нийттэй харилцах төв (ОНХТ) "ОХУ-ын Тюмень хотод Уралын бүсийн томоохон аж үйлдвэрийн нэгэн байгууламжид террорист халдлага үйлдэхээр бэлтгэж байсан гэх Украины талын агентыг устгасан" гэж мэдээлжээ.

ХАБА-ны мэдэгдэлд "Түүнийг гэмт хэрэг үйлдэхээр завдаж байх үед нь баривчлах ажиллагаа явуулахад тэрээр автомат буугаар гал нээсэн. Үүний хариуд тусгай албаныхан гал нээж, түүнийг устгасан. Хууль сахиулах байгууллагын алба хаагчид болон энгийн иргэдээс хэн ч гэмтэж бэртээгүй.

Хэргийн газраас Калашников автомат буу, түүний сумууд, мөн гар хийцийн тэсрэх төхөөрөмж хийхэд ашиглах эд ангиудыг хураан авсан" гэж дурджээ.

Мөрдөн шалгах байгууллагын мэдээлснээр, 60 настай, хуучин Зөвлөлт Украины нутагт төрсөн уг этгээд өөрийн санаачилгаар Telegram-аар дамжуулан Украины тусгай албаны төлөөлөгчидтэй холбоо тогтоосон байна.

Тэрээр террорист халдлагад бэлтгэх явцдаа төмөр замын хамгаалалтын тогтолцоо болон галт тэрэгний хөдөлгөөний хуваарийг судалж, тэсрэх бөмбөг байрлуулахад тохиромжтой, эмзэг цэгүүдийг тогтоожээ.

Куратороосоо заавар авсны дараа тэрээр шаардлагатай эд ангиудыг худалдан авч, гар хийцийн тэсрэх төхөөрөмж угсран, долдугаар сарын 19-ний шөнө ашиглагдахаа больсон барилгад байрлах нууц газарт нуусан байна.

Түүний гэрт нэгжлэг хийх үеэр мөрдөн байцаагчид галт зэвсэг, дахин нэг гар хийцийн тэсрэх төхөөрөмж хийхэд ашиглах эд ангиуд, гар утаснуудыг хураан авчээ.

Уг хэрэгт холбогдуулан дараах зүйл ангиудаар эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Үүнд террорист ажиллагаа үйлдэх, галт зэвсэг, тэсрэх төхөөрөмжийг хууль бусаар эзэмших, эргэлтэд оруулах, хууль сахиулах байгууллагын алба хаагчдын амь насанд халдах аж.

Эх сурвалж: RIA NOVOSTI