ОХУ-ын Зэвсэгт хүчин долдугаар сарын 20-ны өдөр Украины Одесса хотод  цохилт өгсний улмаас гурван хүн амиа алдаж, зургаан хүн шархадсан талаар хот болон мужийн цэргийн захиргааны дарга нар мэдээлжээ.

Днепропетровск мужийн цэргийн захиргааны тэргүүн Сергей Лысак мэдээлэхдээ, дэд бүтцийн байгууламжууд оногдож, гурван хүн амиа алдсан гэжээ.

Одесса мужийн цэргийн захиргааны дарга Олег Киперийн мэдээлснээр, иргэний зориулалттай нэгэн үйлдвэрийн газарт халдлага болж, зургаан хүн гэмтсэн байна. Тэдгээрийн хоёр нь эмнэлэгт хүргэгдэж, нэгийнх нь биеийн байдал хүнд, нөгөөгийнх нь дунд зэрэг байгаа аж. Мөн тэрбээр цохилтын улмаас техник хэрэгсэл шатаж, хийн шугам эвдэрсэн гэж нэмж дурджээ.

Үүнээс өмнө буюу долдугаар сарын 19-нд Оросын тал “Golden Leo” нэртэй хуурай ачааны хөлөг онгоцонд гурван далавчит пуужингаар цохилт өгсөн байна. Гвиней-Бисау улсын далбаатай, эрдэнэшиш ачсан уг хөлөг Хар тэнгист, Одессын ойролцоо байлдааны бүсээс гарч явах үедээ халдлагад өртжээ.

Олег Кипер "Аврах ажиллагааны явцад ахмадын чиглүүлэгч болон багийн гишүүдийг оролцуулан нийт 10 хүний цогцсыг олсон" гэж мэдэгдсэн байна. Харин багийн өөр найман гишүүнийг халдлагын дараахан эсэн мэнд эрэг дээр гарган аварсан байна.

Запорожьед хүнсний үйлдвэрийн байгууламж өртөж, дөрвөн хүн шархаджээ

Мөн долдугаар сарын 20-нд Оросын нисгэгчгүй нисэх төхөөрөмж Украины Запорожье хот дахь хүнсний үйлдвэрийн байгууламжийг онилсон талаар тус мужийн цэргийн захиргааны дарга Иван Федоров мэдээлжээ. Халдлагын улмаас үйлдвэрийн барилга нурж, тоног төхөөрөмж эвдэрч, дөрвөн хүн шархадсан байна.

Мөн энэ өдөр Запорожье хотод удирдлагатай агаарын бөмбөгөөр цохилт өгсний улмаас нэг хүн амиа алдаж, таван хүн шархадсан бөгөөд орон сууц болон бусад барилга байгууламжууд ихээхэн эвдэрч сүйджээ.

Херсон мужийн прокурорын газрын мэдээлснээр, долоодугаар сарын 20-нд Оросын их бууны цохилтод нэгэн эмнэлэг өртөж, долоон хүн шархадсан байна.

Шархадсан хүмүүсийн дунд эмч, сувилагчид, техникийн ажилтнууд болон эмнэлэгт байсан хоёр иргэн багтаж байгаа бөгөөд дэлбэрэлт болох үед бүгд эмнэлгийн байранд байсан аж.

Павлоград хот анх удаа КАБ бөмбөгийн цохилтод өртөв

Мөн энэ өдрийн өглөө Оросын Зэвсэгт хүчин Днепропетровск мужийн Павлоград хотод агаарын цохилт өгсний улмаас хоёр хүн амиа алдаж, 15 хүн шархадсан талаар мужийн цэргийн захиргааны дарга Александр Ганжа мэдээлжээ.

Шархадсан хүмүүсийн дунд нэг настай охин буй бөгөөд олон давхар орон сууц, автомашинууд эвдэрсэн байна.

Днепропетровск мужийн зөвлөлийн дарга Николай Лукашук хэлэхдээ, Павлоград хот анх удаа удирдлагатай агаарын бөмбөг (УАБ)-ийн цохилтод өртсөн гэж онцолсон юм.

Тэрбээр "Өнөөдрийг хүртэл УАБ-үүд зөвхөн фронтын шугамд ойр орших суурин газруудад заналхийлж байсан. Харин Павлоград өмнө нь пуужин, 'Шахед' төрлийн дроны халдлагад өртдөг байсан ч КАБ бөмбөгийн цохилттой нүүр тулж байгаагүй. Одоо дайсан эдгээр бөмбөгөө шинэчилж, илүү алслагдсан бай руу цохилт өгөх боломжтой болсон нь Павлоградын хувьд шинэ бодит байдал боллоо" хэмээн анхааруулжээ. 

Эх сурвалж: DW