Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо 2026 оны наймдугаар сарын 17-ноос 28-ны өдрүүдэд Цөлжилттэй тэмцэх Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал (COP17) болно.

Үүнтэй холбоотойгоор тухайн хурал зохион байгуулалтын бүсчлэлд хамаарах Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт байрлах ерөнхий боловсролын сургуулиудын бүртгэл, хичээлийн шинэ жилийн зохион байгуулалтад зарим өөрчлөлт оруулахаар төлөвлөсөн талаар Боловсролын сайд Л.Энх-Амгалан өнөөдөр мэдэгдэв.

Түүний хэлснээр их сургуулиуд, коллежийн хичээл есдүгээр сарын 15-наас эхлэхээр болж байгаа аж. Харин хөдөө, орон нутагт хичээл сургалтын үйл ажиллагаа ямар нэг өөрчлөлтгүйгээр есдүгээр сарын 1-нээс хэвийн үргэлжлэх юм байна.

Боловсролын яамнаас долдугаар сарын 23-нд  2026-2027 оны хичээлийн жилийн нэгдсэн зохион байгуулалт, зарим бүсчлэлийн сургуулийн үйл ажиллагааг түр хугацаанд хэрхэн өөрчлөх талаар мэдээлэх ажээ.