Роза Жиллес 2009 оны зун Флорида мужийн Палм-Бич хотын төвд байрлах өндөр барилгын оффист шинэ ажилдаа анх ирсэн өдөр Жеффри Эпштейний хөлийг нэгэн эмэгтэй илж байжээ.

Тухайн үед дөнгөж 18 настай байсан Жиллес эх орон болох Узбекистанаас АНУ-д загвар өмсөгчийн карьераа эхлүүлэхээр ирээд байсан аж. Түүнийг Эпштейнтэй холбоотой байсан загварын агент гадаадаас олж, АНУ-д ирэх санал тавьсан байна.

Тус загварын агентлаг түүнийг ирсэн даруйд өрөнд оруулжээ. Тус агентлаг виз, байрны төлбөр нэрээр түүнээс хэдэн мянган ам.доллар нэхэмжилсэн байна. Санхүүгийн хүндрэлд орсон Жиллес өмнө нь амжилттай ажиллаж байсан Ази руугаа буцах талаар бодож байсан ч Эпштейн түүнд нэмэлт орлого олохын тулд амралтын өдрүүдэд өөрийн оффист ресепшнээр ажиллах санал тавьжээ.

Тэр өдөр Эпштейний 14 давхрын оффист очиход нэгэн эмэгтэй түүнтэй хамт суухыг хүссэн байна. Эпштейн хөлөө түүн рүү сунгаж өгөх үед Жиллес түүний шагайн дээр жижиг гэрэл анивчдаг төхөөрөмж бүхий хар хуванцар бүс байгааг анзаарчээ.

Тэр төхөөрөмжийн талаар асуухад Эпштейн болон нөгөө эмэгтэй инээлдсэн байна. Улмаар Эпштейн түүнд хувцсаа тайлахыг шаардсан гэж Жиллес ярьжээ.

This photo obtained by CNN shows the inside of Jeffrey Epstein's office at the Florida Science Foundation in West Palm Beach, Florida.
Эпштейний оффис

Тэр “Би юу хийхээ мэдэхгүй хөшчихсөн. Тэгээд тэр эмэгтэй ирээд миний цамцны товчийг тайлж эхэлсэн. Дараа нь намайг ганцааранг минь үлдээгээд гарсан” гэж хэлсэн байна.

Жиллесийн хэлснээр, тэр өдөр Эпштейн түүнд анх удаа бэлгийн хүчирхийлэл үйлдсэн бөгөөд энэ нь олон жилийн дарамт, хүчирхийллийн эхлэл болсон байна.

Хожим нь тэр шагайн дээрх төхөөрөмж нь цахим хяналтын бугуйвч байсан бөгөөд Эпштейн насанд хүрээгүй хүүхэдтэй холбоотой бэлгийн гэмт хэрэгт ял авч, хорих ял эдэлж байх хугацаандаа ийм хяналттай явж байсныг мэдсэн байна.

Ял эдэлж байх хугацаандаа ч хүчирхийлэл үргэлжилсэн гэх мэдүүлэг

Жиллес бол нас барсан, хүүхдийн бэлгийн хүчирхийллийн хэрэгт ял шийтгүүлж байсан Эпштейний олон хохирогчдын нэг.

Тэрбээр CNN-д анх удаа өөрийн түүхийг бүрэн ярьсан бөгөөд түүний мэдүүлэг Эпштейн 2008 онд Флорида мужид байгуулсан маргаантай тохиролцооны нөхцөл байдлыг харуулжээ.

Энэхүү тохиролцооны дагуу Эпштейн хорих ял эдэлж байсан ч өдрийн ихэнх хугацааг шоронгоос гадуур өнгөрөөх боломжтой байжээ. Үүний улмаас тэр залуу эмэгтэйчүүдийг, тэр дундаа гадаадын загвар өмсөгчдийг үргэлжлүүлэн хүчирхийлсэн гэж хохирогчид мэдүүлсэн байна.

Жиллес “Тэр ял шийтгүүлсэн ч хийж байсан зүйлээ зогсоогоогүй. Түүнд ямар ч гэмшил байгаагүй. Түүний надад учруулсан зүйл миний амьдралд хамгийн том шарх үлдээсэн” гэжээ.

CNN-д нэрээ нууцлах нөхцөлтэй ярьсан хоёр эмэгтэй мөн Эпштейнийг Флоридагийн Шинжлэх ухааны сангийн оффист байх үед хүчирхийлэлд өртсөн гэж мэдүүлсэн байна.

Эпштейний тусгай ажиллах зөвшөөрөлтэй хорих дэглэм

Жиллес болон бусад хохирогчдын мэдүүлэг Эпштейнтэй байгуулсан 2008 оны тохиролцооны талаар дахин асуулт тавихад хүргэжээ.

Флоридагийн албан ёсны шалгалтын тайланд дурдсанаар, Эпштейн 2008 оны аравдугаар сараас эхлэн Флоридагийн Шинжлэх ухааны сангийн ерөнхийлөгчөөр “бүтэн цагаар” ажиллаж эхэлсэн байна.

Эхний зургаан сарын хугацаанд тэр:

Даваа-Бямба гарагт өглөөний 10 цагаас оройн 10 цаг хүртэл оффист байх,
2009 оны тавдугаар сараас эхлэн өдөрт ердөө найман цаг шоронд байх,
Улмаар долоо хоногийн бүх өдөр ажиллах боломжтой болсон байна.

Түүнд цахим хяналтын төхөөрөмж зүүх, зөвхөн ажил хэргийн хүмүүстэй уулзах зэрэг тодорхой нөхцөл тавьсан ч хохирогчдын ярьснаар энэ хяналт хангалтгүй байсан аж.

Загварын салбар дахь холбоо нь залуу эмэгтэйчүүдийг онилох боломж болсон

Жиллесийн ярьснаар, 2008 онд Узбекистан дахь загварын шоунд оролцож байх үедээ Францын загварын агент Жан-Люк Брюнелтэй танилцжээ.

Брюнел түүнд Нью-Йорк дахь MC2 Model Management агентлагтай гэрээ байгуулах санал тавьсан байна. Хожим нь Жиллес уг агентлаг Эпштейнтэй санхүүгийн холбоотой байсныг мэджээ.

Model headshots of Roza Gilles.
Загвар өмсөгч Роза Жиллес

Жиллесийн хэлснээр, гэрээ байгуулсныхаа дараа визний төлбөрт 4000 ам.доллар, Нью-Йорк дахь байрны түрээсэнд сар бүр 1500 ам.доллар төлөх өртэй болсон байна.

Олон загвар өмсөгч хамт амьдардаг жижиг байранд байрласан бөгөөд санхүүгийн дарамтад орсон Жиллес загварын ажил бүтэхгүй байгаад сэтгэлээр унажээ. Тэр эх орон руугаа буцах тухай бодож байсан ч агентлаг зөвшөөрөөгүй байна.

Эпштейний орчноос гарах хүртэлх зам

Жиллесийн ярьснаар, Эпштейн түүнд загварын ажил хийхийн зэрэгцээ амралтын өдрүүдэд оффист ажиллах санал тавьсан нь анхнаасаа ойлгомжгүй санагдсан байна.

Тэр “Би загварын шалгаруулалтад орж, портфолиогоо хөгжүүлэх ёстой байсан. Гэтэл оффисын ажил санал болгосон. Би ганцаараа, мөнгөгүй байсан. Эпштейний орчинд олон жил байсны эцэст Нью-Йорк дахь загварын карьер хөгжиж, санхүүгийн хувьд бие даасан үедээ л түүний хүрээнээс гарч чадсан" гэж ярьжээ.

Хожим тэр АНУ-ын өөр мужид нүүж, нөхөртэйгөө танилцан, фитнесийн дасгалжуулагч болсон байна.

Roza Gilles
Роза Жиллес (CNN)

“Энэ бол миний ярих ёстой түүх байсан”

Жиллес олон жилийн турш өнгөрсөн амьдралаа бараг бүх хүнээс, тэр дундаа гэр бүлээсээ нууж явжээ. Гэвч Эпштейний баримтууд олон нийтэд ил болсон үед өөрийн нэр, Эпштейнтэй харилцаж байсан зарим мэдээлэл нийтэд гарсанд тэр ихэд цочирдсон байна.

Тэр “Энэ бол миний ярих ёстой түүх байсан. Хэн нэгэн миний оронд үүнийг ярьж, хүмүүс унших ёсгүй байсан” гэжээ. 

Жиллес Эпштейний бусад хохирогчид шударга ёсны төлөө тэмцэж буйг харж байгаа ч өөрөө одоохондоо тэдэнтэй хамт олон нийтийн өмнө гарахад бэлэн биш байгаа аж. Гэсэн ч тэр ирээдүйд бусад хохирогчидтой нэгдэж, дуу хоолойгоо хүргэх боломжтой болно гэж найдаж буй юм байна.

Тэрбээр “Би нэг өдөр тэдэнтэй хамт зогсож чадна гэж төсөөлж байна. Тэдний хийж байгаа зүйлээр маш их бахархдаг. Зориг бас халдварладаг шүү дээ” гэж ярьжээ. 

Эх сурвалж: CNN