АНУ-ын Төв командлал (CENTCOM) АНУ Ираны эсрэг шинэ цэргийн цохилтуудыг эхлүүлсэн талаар мэдээлэв. Энэхүү ажиллагаа нь АНУ-ын цэргийн алба хаагчдын амь эрсэдсэн явдлын дараа Ерөнхийлөгч Дональд Трамп Ираныг "хатуу хариу арга хэмжээтэй тулгарна" хэмээн анхааруулснаас хэдхэн цагийн дараа өрнөсөн байна.

Ираны төрийн хэвлэлүүдэд мэдээлснээр, Хормозганы мужийн Бандар-Аббас, Кешм арал, Бемани дүүрэгт хүчтэй дэлбэрэлтүүд болжээ. Эдгээр бүс нутаг нь стратегийн ач холбогдолтой Ормузын хоолой орчимд байрладаг аж.

CENTCOM мэдэгдэлдээ "АНУ-ын Зэвсэгт хүчин Ерөнхий командлагчийн чиглэлийн дагуу Ираны эсрэг шинэ шатны цохилтыг эхлүүлсэн. Энэхүү ажиллагааны зорилго нь Ормузын хоолойгоор дамжин өнгөрөх олон улсын худалдааны усан онгоцуудад заналхийлж буй Ираны цэргийн чадавхыг сулруулахад оршино" гэж онцолжээ.

АНУ бүс нутаг дахь цэргийн хүчээ нэмэгдүүлж байна

АНУ Ойрхи Дорнод дахь агаарын цэргийн хүчээ эрчимтэй нэмэгдүүлж эхэлсэн бөгөөд нэмэлт сөнөөгч онгоцуудыг бүс нутаг руу илгээж байгаа талаар албаны эх сурвалж мэдээлжээ.

Мөн Израилийн эх сурвалжийн мэдээлснээр, сүүлийн өдрүүдэд АНУ-ын олон арван агаарын шатахуун цэнэглэгч онгоц Израильд хүрэлцэн ирсэн, нэмэлт нисэх онгоцууд үргэлжлэн ирсээр байгаа аж.

Бараг 100 америк цэрэг шархаджээ

АНУ-ын Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч Шон Парнеллийн мэдээлснээр, 2026 оны долдугаар сарын 7-ноос хойш АНУ-ын бараг 100 цэргийн алба хаагч ямар нэгэн байдлаар гэмтэж бэртсэн байна.

Тэдгээрийн 96 хувь нь үүрэгт ажилдаа эргэн орж, ихэнх гэмтэл нь тархины хөнгөн доргилт зэрэг хөнгөн бэртэл байсан гэжээ. Ийнхүү мэдээлэх болсон нь The New York Times сонинд Пентагон Ирантай холбоотой дайны үеэр гарсан олон арван цэргийн шархадсан тохиолдлыг олон нийтээс нуусан гэх мэдээлэл гарсантай холбоотой аж.

CNN мөн АНУ-ын зэвсэгт хүчин цэргүүдийн шархадсан талаарх мэдээллийг хожуу нийтэлсэн нь тэдний аюулгүй байдлыг хамгаалах зорилготой байсан гэж мэдээлжээ.

Ормузын хоолойд танкер цохилтод өртөв

Их Британийн UK Maritime Trade Operations (UKMTO) төвийн мэдээлснээр, Ормузын хоолойд зорчиж явсан нэгэн нефть тээвэрлэгч танкер үл мэдэгдэх суман цохилтод өртсөн байна.

Уг хэрэг Оманы Лимах хотоос зүүн хойд зүгт найман далайн милийн зайд болсон бөгөөд UKMTO бүс нутгаар зорчиж буй усан онгоцуудад өндөр сонор сэрэмжтэй байхыг анхааруулжээ.

Өмнөх өдөр нь мөн Оман болон Арабын Нэгдсэн Эмират улсын эргийн ойролцоо хоёр хөлөг онгоц суман цохилтод өртсөн талаар мэдээлсэн байна.

Кувейт, Иордан Ираны пуужин, дроныг устгав

Кувейтийн Зэвсэгт хүчний Ерөнхий штаб агаарын довтолгооноос хамгаалах систем нь Иранаас харвасан дайсагнасан пуужин болон нисгэгчгүй нисэх төхөөрөмжүүдийг амжилттай устгаж байгаа талаар мэдэгджээ.

Тус улсын эрх баригчид иргэддээ тайван байж, холбогдох байгууллагын аюулгүй ажиллагааны зааврыг чанд мөрдөхийг уриалсан байна. Мөн Иордан улсын Батлан хамгаалах байгууллага Ираны нутаг дэвсгэрээс харвасан гурван пуужинг замд нь устгаснаа мэдээлжээ.

Сүүлийн өдрүүдэд Иран Кувейт, Бахрейн, Иордан зэрэг АНУ-ын цэргийн бааз байрладаг орнуудын чиглэлд довтолгоогоо эрчимжүүлээд байгаа аж.

Олон улсын зуучлагчид АНУ, Ираны хооронд 10 хоногийн хугацаатай гал зогсоох санал боловсруулсан ч Цагаан ордон Ерөнхийлөгч Дональд Трамп энэхүү саналыг ойрын хугацаанд хүлээн зөвшөөрөх магадлал бага байгааг илэрхийлжээ.

Ормузын хоолойн тээвэр эрс буурлаа

Ирантай хийж байсан хэлэлцээ нуран унаснаас хойш дэлхийн газрын тосны гол гарц болох Ормузын хоолойгоор дамжин өнгөрөх усан тээврийн хөдөлгөөн мэдэгдэхүйц буурсан байна.

MarineTraffic компанийн мэдээллээр, сүүлийн 24 цагийн хугацаанд тус хоолойгоор ердөө есөн хөлөг онгоц нэвтэрсэн нь хэвийн үеийн хөдөлгөөнөөс хавьгүй бага үзүүлэлт болжээ.

Израиль Ливанаас цэргээ хэсэгчлэн татаж эхэллээ

Израилийн Батлан хамгаалах хүчин өмнөд Ливаны гурван тосгоны хяналтыг Ливаны армид шилжүүлэх туршилтын хөтөлбөрийг эхлүүлснээ мэдэгдэв.

Энэ нь АНУ-ын зуучлалаар байгуулсан Израиль-Ливаны 14 заалт бүхий тохиролцооны хүрээнд хэрэгжиж буй арга хэмжээ аж.

Эх сурвалж: CNN