АНУ, Ираны харилцан цохилт өгсөн цэргийн ажиллагаа найм дахь өдрөө үргэлжилж буйтай холбоотойгоор дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ ням гарагт ойролцоогоор 3 хувиар өссөн мэдээллийг бид энэ удаа "ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСАГ" буландаа онцолж байна.
Олон улсын жишиг болох Brent төрлийн газрын тосны үнэ 3 хувиар нэмэгдэн, нэг баррель нь 90.78 ам.долларт хүрсэн бол АНУ-ын WTI төрлийн газрын тосны үнэ мөн бараг 3 хувиар өсөж, нэг баррель нь 84.85 ам.доллар болсон байна.
Ормузын хоолойн тээвэр буурчээ
Дэлхийн газрын тосны нийлүүлэлтийн ойролцоогоор 20 хувь дамжин өнгөрдөг стратегийн ач холбогдолтой Ормузын хоолой дахь усан онгоцны хөдөлгөөн өнгөрсөн долоо хоногоос эрс багассан байна. Учир нь, бүс нутгийн хурцадмал байдал нэмэгдэж, АНУ өнгөрсөн лхагва гарагт Ираны боомтуудад тавьсан тэнгисийн цэргийн бүслэлтээ дахин сэргээжээ.
Үүний улмаас зарим ачааны болон газрын тос тээвэрлэгч хөлөг онгоцууд эрсдэлээс зайлсхийхийн тулд Оманы эрэг дагуух өөр чиглэлээр зорчиж эхэлсэн ч уг маршрутыг Ираны эрх баригчид албан ёсоор зөвшөөрөөгүй байна.
Шатахууны үнэ ч өсөх хандлагатай байна
Газрын тосны үнийн өсөлтийг дагаад АНУ-д шатахууны жижиглэнгийн үнэ мөн нэмэгдэж байгаа ч улсын дундаж үнэ одоогийн байдлаар нэг галлон нь 4 ам.доллараас бага хэвээр байгаа талаар Америкийн Автомашины Холбоо мэдээлэв.
Одоогийн байдлаар АНУ-д нэг галлон шатахууны дундаж үнэ 3.992 ам.доллар байгаа нь мөргөлдөөн эхлэхээс өмнөх үеийнхээс ойролцоогоор 34 хувиар өндөр үзүүлэлт болжээ.
АНУ-ын хөрөнгийн зах зээлийн фьючерсүүд буурав
Мөргөлдөөний улмаас хөрөнгө оруулагчдын болгоомжлол нэмэгдэж, АНУ-ын гол индексүүдийн фьючерс арилжаа мөн уналттай эхэлсэн байна.
Dow Jones индексийн фьючерс – 0.2%-иар буурсан
S&P 500 индексийн фьючерс – 0.2%-иар буурсан
Nasdaq индексийн фьючерс – 0.2%-иар буурсан
Дэлхийн зах зээлийн оролцогчид АНУ–Ираны мөргөлдөөн цаашид хэрхэн өрнөх, Ормузын хоолой дахь тээвэрлэлт хэвийн үргэлжлэх эсэхийг анхааралтай ажиглаж байгаа бөгөөд энэ нь ойрын өдрүүдэд газрын тос болон дэлхийн санхүүгийн зах зээлд гол нөлөө үзүүлэх хүчин зүйл хэвээр байна.
Эх сурвалж: CNN