ОХУ-ын Батлан хамгаалах яам Оросын зэвсэгт хүчин Киев хот дахь цэргийн зориулалттай объектуудад хүчтэй цохилт өгсөн талаар мэдээлжээ. “Страна.ua” хэвлэлд мэдээлснээр, энэ нь тусгай ажиллагаа эхэлснээс хойш Киев хотод баллистик пуужин ашиглан хийсэн хамгийн томоохон дайралтуудын нэг болсон байна.
ОХУ-ын Батлан хамгаалах яамны мэдээлснээр, цохилтод Киев хот дахь дараах үйлдвэр, объектууд өртсөн байна. Үүнд:
- “Радионикс” болон “Спецоборонмаш” / ГАХК “Артем” - “Фламинго” нэртэй пуужингийн үйлдвэрлэлтэй холбоотой үйлдвэрүүд;
- “Киев-90” - “Нептун-МД” удирдлагатай пуужингийн их биеийн эд анги, бүрэлдэхүүн хэсгүүдийг үйлдвэрлэдэг газар;
- “Оаклайн” - алсын тусгалтай нисгэгчгүй төхөөрөмжүүдийн эд анги үйлдвэрлэдэг үйлдвэр;
- “Новая почта” компанийн терминал - давхар зориулалттай бүтээгдэхүүн хадгалах, дрон, роботжуулсан систем, радио электрон тэмцлийн хэрэгсэл угсрахад ашиглагдаж байсан объект багтжээ.
Мөн Киев мужийн Тарасовка дахь “Антел Пропертис” логистикийн төвд цохилт өгсөн бөгөөд тэнд нисгэгчгүй төхөөрөмж үйлдвэрлэхэд ашиглагдах эд ангиуд хадгалагдаж байсан талаар мэдээлжээ.
Түүнчлэн Одесса мужийн “Южный” боомт дахь Украины Зэвсэгт хүчний зориулалттай шатах тослох материалын агуулахууд цохилтод өртсөн байна. Үүнээс гадна Харьков мужийн Изюм, Сумы хотуудад дэлбэрэлт болсон талаар мэдээлжээ.
Өнгөрсөн долоо хоногт Киев хотод өгсөн цохилтын дараа Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Украины агаарын довтолгооноос хамгаалах систем Оросын нэг ч баллистик пуужинг устгаж чадаагүйг хүлээн зөвшөөрсөн талаар мэдээлсэн.
Үүний зэрэгцээ ОХУ-ын Батлан хамгаалах яамны мэдээлснээр, Украинд байгаа барууны үйлдвэрлэлийн пуужингийн довтолгооноос хамгаалах бараг бүх системийг Киев орчимд төвлөрүүлсэн байсан аж.
Мөн хэвлэлүүдийн мэдээлснээр, өмнөх өдөр Одесса муж дахь цэргийн объектуудад хийсэн цохилтын үеэр Украины агаарын довтолгооноос хамгаалах хүчин баллистик пуужингуудыг саатуулж чадаагүй байна.
ОХУ-ын цэргийнхэн цохилт өгөхдөө өндөр нарийвчлалтай зэвсэг болон агаарын хамгаалалтыг даван туулах чадвартай нисгэгчгүй төхөөрөмжүүд ашиглаж буй бөгөөд Киев болон Украины нийт нутаг дэвсгэр дэх аливаа байг устгах боломжтой гэж мэдэгдэж байгаа аж.
Эх сурвалж: RIA NOVOSTI