Оросын эрх баригчид тавдугаар сарын 9-нд Улаан талбайд болох Ялалтын баярын парадад оролцохоор урилга авсан гадаадын сэтгүүлчдийн урилгыг цуцалжээ. Парадад зөвхөн Оросын цөөн тооны хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгчид оролцох боломжтой болсон талаар Германы DPA агентлаг болон Der Spiegel сэтгүүл тавдугаар сарын 7-нд Кремлийн захиргаанаас авсан мэдээллээс эш татан уламжилсан байна.
Оросын албаныхан “Одоогийн нөхцөл байдалтай холбоотойгоор парадыг сурвалжлах журмыг өөрчилсөн. Иймээс өмнө нь магадлан итгэмжлэл авсан гадаадын хэвлэлүүдийг цаашид нэвтрүүлэхгүй” гэж мэдэгдсэн байна. Тодруулбал, Der Spiegel, Германы ARD, ZDF, Их Британийн Sky, Францын AFP агентлаг, мөн Италийн Rai, Японы NHK телевизийн байгууллагуудын сэтгүүлчдийн урилгыг хүчингүй болгожээ.
Өмнө нь Оросын тал барууны сэтгүүлчдэд магадлан итгэмжлэл олгож, Москва хотын төвд болох Ялалтын баярын арга хэмжээний хуваарийг хүртэл хүргүүлсэн аж. Гэвч дараа нь шийдвэрээ өөрчилсөн бөгөөд ийм тохиолдол Орост Ялалтын парад зохион байгуулж эхэлснээс хойш анх удаа гарч буй талаар Der Spiegel онцолжээ. Урилгыг яг хэзээ илгээж, хэзээ цуцалсан талаар мэдээлээгүй байна.
Ушаков: Орос улс энэ жил гадаад зочдыг “тусгайлан” уриагүй
ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков тавдугаар сарын 7-нд мэдэгдэхдээ, энэ жилийн парадад гадаадын зочдыг тусгайлан уриагүй гэжээ. Тэрбээр шалтгааны талаар тодорхой мэдээлэл өгөөгүй ч 2025 онд Ялалтын 80 жилийн ойгоор олон улсын зочид өргөнөөр оролцож байсныг дурдсан байна.
Мөн хэд хэдэн улсын удирдагчид өөрсдөө парадад оролцох хүсэлт гаргасан гэж Ушаков мэдээлжээ. Тухайлбал, өөрсдийгөө тусгаар улс хэмээн зарласан Абхаз, Өмнөд Осетийн удирдагчид, Беларусь, Лаосын төрийн тэргүүнүүд, Словакийн Ерөнхий сайд, Малайзын хаан болон Бүгд Найрамдах Сербийн удирдлагууд Орост айлчлах аж. Харин Арменийн Ерөнхий сайд Никол Пашинян парадад оролцохоос татгалзсан байна.
Парад аюулгүй байдлын улмаас хязгаарлагдмал хэлбэрээр болно
Энэ жилийн Улаан талбайн парад 2007 оноос хойш анх удаа цэргийн техникгүйгээр зохион байгуулагдах гэж буй. Мөн Суворов, Нахимовын цэргийн сургуулиуд болон кадетын корпусын сурагчдыг оролцуулахгүй байхаар шийдвэрлэжээ. ОХУ-ын Батлан хамгаалах яам энэ шийдвэрийг “одоогийн оператив нөхцөл байдал”-тай холбон тайлбарласан байна.
Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков цэргийн техник оролцуулахгүй болсон шалтгааныг Украины “террорист заналхийлэл”-тэй холбоотой гэж мэдэгджээ.
Үүнээс гадна Оросын зарим бүс нутагт Ялалтын баярын олон нийтийн арга хэмжээг цуцалж байгаа аж. Тухайлбал, Пермь, Нижний Новгород, Саратов, Чуваш, Калуга мужуудад парад болохгүй. Воронеж, Курск, Брянск, Белгород мужуудад баярын салют цуцлагджээ. Санкт-Петербургийн парадад ч мөн цэргийн техник оролцуулахгүй талаар орон нутгийн “Фонтанка” хэвлэл мэдээлсэн байна.
Украины дроны халдлагууд нэмэгдсэнтэй холбоотой өөрчлөлтүүд
Тавдугаар сарын 9-ний баярын арга хэмжээнд оруулсан эдгээр өөрчлөлт нь Украины дроны халдлага Оросын хотуудад сүүлийн үед олширсонтой холбоотой гэж үзэж байна. Тухайлбал, тавдугаар сарын эхээр Москвагийн Мосфильмовская гудамж дахь орон сууцны барилгыг дрон мөргөсөн.
Харин тавдугаар сарын 7-нд Пермийн хязгаар дахь “аж үйлдвэрийн нэгэн объект”-ыг дрон цохисон тухай мужийн захирагч мэдээлжээ. Орон нутгийн хэвлэлүүдэд мэдээлснээр, уг объект нь “Лукойл-Пермнефтеоргсинтез” газрын тос боловсруулах үйлдвэр байсан бөгөөд дөрөвдүгээр сарын сүүлээр мөн адил халдлагад өртөж байжээ.
Эх сурвалж: DW