Украины Зэвсэгт хүчин ОХУ-ын сүүлийн пуужингийн цохилтын дараа агаарын довтолгооноос хамгаалах ажиллагаатай холбоотой мэдээлэл өгчээ.
"Страна.ua" хэвлэл Украины Батлан хамгаалах байгууллагын мэдээллээс иш татан, Одесса мужийг онилсон Оросын хоёр баллистик пуужинг Украины агаарын довтолгооноос хамгаалах хүчин сөнөөж чадаагүй гэж мэдээлсэн байна. Тус мэдээлэлд "Шөнийн цагаар Одесса мужид хоёр баллистик пуужингаар цохилт өгснийг устгаж чадаагүй" хэмээн дурджээ.
ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас "Уг цохилтын бай Украины зэвсэгт хүчний ашиглаж байсан боомтын дэд бүтэц байсан" гэж мэдэгдсэн байна. Тус яамны мэдээлснээр, цохилтыг алсын тусгалтай өндөр нарийвчлалтай агаарын болон газрын суурилуулалттай зэвсэг, мөн нисгэгчгүй нисэх төхөөрөмж (дрон)-өөр үйлджээ.
Үүнээс өмнө Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Киев хотод болсон өмнөх довтолгооны дараа Украины агаарын довтолгооноос хамгаалах хүчин Оросын баллистик пуужингуудаас нэгийг ч сөнөөж чадаагүй гэж мэдэгдэж байсан аж.
ОХУ-ын Батлан хамгаалах яам "Украины нийслэл орчимд барууны орнуудаас нийлүүлсэн пуужингийн довтолгооноос хамгаалах системүүдийг төвлөрүүлсэн байсан" гэж мөн мэдэгджээ.
Эх сурвалж: RIA NOVOSTI