Монголын үндэсний бөхийн холбооны Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөлөөс бөхийн ёс зүйтэй холбоотой асуудлаар мэдээлэл гаргалаа.
Тус мэдээлэлд дурдсанаар, Говь-Алтай аймгийн Цээл сумын баяр наадмын бөхийн барилдааны үеэр учраа бөхөө санаатайгаар цохисон гэх үйлдэлд холбогдсон сумын харцага цолтой Р.Амгаланбаатарын асуудлыг холбогдох байгууллагууд шалгаж байгаа аж.
Тодруулбал, уг асуудлыг Говь-Алтай аймгийн цагдаагийн газар шалгаж, прокурорын байгууллагаас хяналт тавин ажиллаж буй юм байна. Үүнтэй холбогдуулан МҮБХ-ны Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөлөөс Р.Амгаланбаатарын барилдах эрхийг түр хугацаагаар түдгэлзүүлэх шийдвэр гаргажээ.
Монголын үндэсний бөхийн холбооноос бөхийн дэвжээн дээрх ёс зүй, сахилга хариуцлагыг чанд мөрдүүлэх, бөхчүүдийн гаргаж буй аливаа зүй бус үйлдэлд холбогдох журмын дагуу арга хэмжээ авч ажиллахаа өмнө нь мэдэгдэж байв.