Унгар улс Украиныг Европын Холбоо (ЕХ)-нд элсүүлэх хэлэлцээний хоёр болон гуравдугаар хэлэлцээний бүлгийг (кластер) нээх үйл явцыг эхлүүлэхийг зөвшөөрсөнгүй. Эдгээр бүлэг нь дотоод зах зээл, мөн өрсөлдөх чадвар, хүртээмжтэй эдийн засгийн өсөлт зэрэг асуудлыг хамардаг.

Украины "Европын үнэн" (Европейская правда) цахим хэвлэл эх сурвалжуудаас иш татан мэдээлснээр, ийм шийдвэрийг Унгарын төлөөлөгчид долдугаар сарын 17-ны баасан гарагт болсон ЕХ-ны Зөвлөлийн өргөтгөлийн асуудал хариуцсан ажлын хэсэг (COELA)-ийн хурал дээр гаргажээ.

Хэвлэлүүдийн мэдээлснээр, тус хурлаар Украин болон Молдовоос дээрх хоёр бүлгийн хүрээнд хэлэлцээний албан ёсны байр сууриа ЕХ-нд ирүүлэхийг хүссэн захидлыг батлахаар төлөвлөж байсан байна. Гэвч эх сурвалжийн хэлснээр, Унгар улс зөвхөн Молдов руу гуравдугаар бүлгийн асуудлаар захидал илгээхийг зөвшөөрчээ.

Үүний зэрэгцээ ЕХ-ны бусад хэд хэдэн гишүүн орон Украин, Молдовыг хэлэлцээний явцад ингэж ялгаж үзэхийг эсэргүүцэж, Унгарын саналыг дэмжээгүй байна. Иймээс уг асуудлыг долдугаар сарын 22-ны дараагийн хурлаар дахин хэлэлцэхээр болсон аж.

Энэ нь COELA-ийн зуны амралтаас өмнөх сүүлчийн хурал бөгөөд дараагийн хурал нь есдүгээр сарын 1-нээс хойш болох юм байбна.

Өмнө нь нээгдсэн хэлэлцээний бүлгүүд

Зургадугаар сарын 15-нд ЕХ-ны гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нар Украин, Молдовын элсэлтийн хэлэлцээний анхны бүлэг болох "Үндсэн зарчим" (Fundamentals)-ыг албан ёсоор нээсэн. Долдугаар сарын 14-нд хоёр улсын хувьд "Гадаад харилцаа" нэртэй зургаа дахь бүлгийг мөн нээжээ.

Хэдийгээр Украины ЕХ-д элсэх албан ёсны хэлэлцээ 2024 оны зургадугаар сард Люксембургт эхэлсэн ч хэлэлцээний бүлгүүдийг нээсэн нь ЕХ-ны хууль тогтоомжийн тодорхой чиглэлүүдээр бодит хэлэлцээ эхэлж буйг илэрхийлжээ. Энэ үйл явц 2026 оны зургаадугаар сар хүртэл Унгарын байр суурийн улмаас саатаад байв.

Унгар өмнө нь ч саад болж байсан

Зургадугаар сарын сүүлээр ч Унгар улс ЕХ-ны 27 гишүүн орны хамтарсан нэрийн өмнөөс Украин, Молдовын элсэлтийг дэмжсэн захидлыг Европын Зөвлөл болон Европын Комисст илгээх саналыг эсэргүүцсэн цорын ганц гишүүн орон болсон.

Унгарын Ерөнхий сайд Петер Мадьяр энэ байр сууриа тайлбарлахдаа "Бүх зургаан хэлэлцээний бүлгийг нэг дор нээх нь зөв санаа биш гэж бид үзэж байна. Нэгдүгээр бүлгийн ажил ч бүрэн эхлээгүй байхад дараагийн бүх бүлгийг нээвэл буруу дохио өгнө.

Ялангуяа Серби, Албани, Черногори, Хойд Македон зэрэг Баруун Балканы орнууд олон жилийн турш ЕХ-д элсэхийн төлөө ажиллаж байна." гэж мэдэгджээ.

Эх сурвалж: DW