Германы шинжээчид "Украины Батлан хамгаалахын сайдын албыг ердөө зургаан сар хашсан Михаил Федоров богино хугацаанд ажилласан ч Берлин, Киевийн батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаанд томоохон өөрчлөлт авчирсан" гэж үзэж байна.
Германы Батлан хамгаалахын сайд Борис Писториус өмнө нь "Түүний сайдаар ажилласан хугацаанд Украин, Германы хооронд олон чухал баримт бичигт гарын үсэг зурж, тэр дундаа байлдааны талбарын дижитал мэдээлэл солилцох асуудлаар тохиролцоонд хүрсэн нь Германы зэвсэгт хүчинд маш чухал алхам болсон" гэж мэдэгдэж байжээ.
Сүүлийн хэдэн долоо хоногт хоёр орны хамтын ажиллагааны шинэ шат эхэлсэн. Украин, Германы компаниуд алсын тусгалтай зэвсэг хамтран бүтээх, пуужингийн довтолгооноос хамгаалах систем боловсруулах чиглэлээр хэд хэдэн хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан байна.
Берлин энэ үйл явцыг АНУ-аас ирэх зэвсгийн нийлүүлэлт тодорхойгүй болсон нөхцөлд Украинд байгаа технологийн туршлага, дроны болон батлан хамгаалахын инновацын давуу талыг ашиглах боломж гэж харж байжээ.
Федоровыг огцруулсныг Герман хэрхэн хүлээж авсан бэ?

Украины Засгийн газар бүхэлдээ шинэчлэгдэх хүрээнд Михаил Федоровыг албан тушаалаас нь чөлөөлсөн нь Германд төдийгүй Украины Европын бусад түншүүдэд гэнэтийн шийдвэр болсон байна.
Европын орнууд уламжлал ёсоор бусад улсын дотоод улс төрийн томилгоонд албан ёсны байр суурь илэрхийлдэггүй ч энэ удаад Германы Батлан хамгаалахын сайд Борис Писториус Федоровт зориулан хувийн захидал илгээжээ.
Тэрбээр “Инновацын төлөө хийсэн таны зоригтой алхмууд Украины армид энэ удаан үргэлжилж буй дайны нөхцөлд шинэ эрч хүч өгсөн” хэмээн үнэлсэн байна. Мөн Писториус хоёр улсын стратегийн түншлэлийн хүрээнд бий болсон “онцгой, итгэлцэл дээр суурилсан хамтын ажиллагаа”-г өндрөөр үнэлжээ.
Германы улс төрчид: Федоров бол шинэчлэгч сайд байсан
Германы Бундестагийн сөрөг хүчний Ногоон намын гишүүн, Герман-Украины парламентын бүлгийн тэргүүн Робин Вагенер DW-д өгсөн ярилцлагадаа “Батлан хамгаалахын сайд Федоровыг огцруулсан шийдвэр одоог хүртэл надад ойлгомжгүй байна” гэжээ.
Түүний хэлснээр, Михаил Федоров Украины армийг шинэчлэх, батлан хамгаалах үйлдвэрлэлийг хөгжүүлэх, дижитал технологийг нэвтрүүлэх чиглэлээр чадварлаг, шинийг санаачлагч шинэчлэгч гэдгээ харуулсан байна.
Вагенер цааш нь “Түүний оронд ирэх хүн Украины дотоодод төдийгүй олон улсын түншүүдийн дунд богино хугацаанд итгэл бий болгож чадна гэж найдаж байна” гэжээ.
Шинжээчийн хатуу үнэлгээ: “Зеленскийн гаргасан том алдаа”
Шинжээчид илүү хатуу байр суурьтай байгаа аж. Австрийн Үндэсний батлан хамгаалахын академийн шинжээч, улс төр судлаач Густав Грессель “Хэрэв Оросын Telegram сувгууд энэ шийдвэрт баярлаж байгаа бол ямар нэг зүйл буруу болж байгаагийн анхны шинж байж болох юм. Миний бодлоор Ерөнхийлөгч Зеленский өөрийнхөө хөл рүү хүчтэй буудсан” гэж үнэлжээ.

Түүний үзэж байгаагаар, Михаил Федоров Оросын эсрэг бүрэн хэмжээний дайн эхэлснээс хойших Украины хамгийн сайн Батлан хамгаалахын сайд байсан аж.
Федоровыг огцруулах нь яагаад буруу шийдвэр гэж үзэж байна вэ?
Грессель дөрвөн гол шалтгаан дурджээ.
1. Барууны түншүүдтэй итгэлцэл бий болгосон. Федоров олон улсын хандивлагчидтай сайн харилцаа тогтоож чадсан. Түүний авлигатай тэмцэх бодлого, шинэчлэлийн ажил нь барууны орнуудад Украинд итгэх итгэлийг нэмэгдүүлсэн гэж шинжээч үзэж байгаа аж. Гэвч одоо энэ хамтын ажиллагаа эрсдэлд орж болзошгүй гэжээ.
2. АНУ-ын технологийн салбартай холбоо. Федоров АНУ-ын өндөр технологийн компаниудтай өргөн харилцаатай байсан. Түүний нэг чухал үйл ажиллагаа нь Оросын армийн Starlink холбооны системийг ашиглах боломжийг хязгаарлахад оролцсон явдал гэж шинжээч дурджээ.
3. Итгэл, урам зоригт сөргөөр нөлөөлөх эрсдэл. Украины армийн зарим командлагчид огцрох өргөдөл гаргаж эхэлсэн бөгөөд парламент, батлан хамгаалах үйлдвэрлэл, дрон үйлдвэрлэгчид, иргэний нийгэм дотор ч шүүмжлэл нэмэгдэж байна гэжээ.
4. Ерөнхий командлагчтай холбоотой маргаан. Германы болон Австрийн шинжээчдийн үзэж байгаагаар, Федоровыг огцруулахад Украины Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Александр Сырскийтэй холбоотой санал зөрөлдөөн нөлөөлсөн байж магадгүй байгаа аж.
Грессель Сырскийг “маргаантай хүн” гэж тодорхойлж, түүний томилгоо болон дайны арга барилд эргэлзээ байдаг гэжээ. Түүний бодлоор, Федоровыг биш, харин Сырскийг солих нь зөв байжээ.
Федоровыг дайчилгааны шинэчлэлд алдаа гаргасан гэж үзсэн үү?
Украинд Федоровыг огцруулах нэг шалтгаан нь дайчилгааны шинэчлэлийг хангалттай хийж чадаагүй гэсэн тайлбар гарчээ. Гэвч барууны шинжээчид энэ тайлбарыг үндэслэл багатай гэж үзэж байгаа аж.
Австрийн цэргийн түүхч, хурандаа Маркус Райснер “Федоровын дрон ашиглалт, алсын тусгалтай цохилтын систем хөгжүүлэх чиглэлээр гаргасан амжилт нь илүү чухал” гэжээ.
Украин ямар эрсдэлтэй нүүр тулж байна вэ?
Барууны шинжээчдийн хамгийн их санаа зовж буй зүйл бол Украины армийн шинэчлэлийн хурд саарах явдал аж. Гресселийн хэлснээр, дронд түшиглэсэн шинэ армийн бүтцэд шилжих үйл явц удаашрах, АНУ-ын Patriot системийн пуужинг Украинд үйлдвэрлэх хэлэлцээр хойшлох, батлан хамгаалах салбар дахь итгэлцэл сулрах эрсдэлтэй юм байна. Тэрбээр “Батлан хамгаалах үйлдвэрлэл бол итгэлцэл хамгийн чухал байдаг салбар” гэжээ.
Шинжээчид: Украин хуучин хэв маягийн дайнд буцаж магадгүй
Маркус Райснер “Украин стандарт бус, шинэ арга хэрэглэж байхдаа амжилттай байсан. Харин одоо нөөцийн дайн руу буцвал ялахад маш хэцүү болно” гэж анхааруулжээ.
Барууны шинжээчдийн хувьд Михаил Федоровыг яг энэ шинэчлэл, инновацын бэлгэ тэмдэг болсон хүн гэж үзэж буй аж.
Михаил Федоровыг огцруулсан нь Украины дотоод улс төрийн шийдвэр боловч Герман болон барууны шинжээчдийн дунд томоохон эргэлзээ төрүүлжээ. Тэдний гол санаа нь “Дайны үед шинэчлэл, технологи, итгэлцэл хамгийн чухал байхад энэ чиглэлийн гол хүнийг солих нь Украины урт хугацааны батлан хамгаалах чадавхад сөргөөр нөлөөлж болзошгүй” гэсэн байр суурь аж.
Эх сурвалж: DW