АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ард түмэндээ хандаж 25 минутын турш үг хэлэх үеэрээ тус улсын сонгуулийн системд “ноцтой эмзэг байдал” байгааг онцолж, тагнуулын зарим мэдээллийг нууцын зэрэглэлээс гаргаснаа мэдэгджээ.

Түүний хэлснээр, эдгээр мэдээлэлд 'БНХАУ АНУ-ын 220 сая сонгогчийн мэдээлэлд нэвтэрсэн' гэх баримтууд багтсан байна.

Трампын мэдэгдлийг долдугаар сарын 17-ны баасан гаргийн шөнө шууд дамжуулсан бөгөөд АНУ-ын Цагаан ордны YouTube сувагт бичлэгийг нийтэлжээ.

Тэрбээр “2020 оны сонгуулийн кампанит ажлаас эхлэн хэдэн жилийн хугацаанд БНХАУ сонгуулийн мэдээлэл алдагдсан түүхэн дэх хамгийн том тохиолдол гэж үзэж болохуйц ажиллагаа явуулсан” хэмээн мэдэгдсэн байна.

Трампын хэлснээр, Хятадын эрх баригчдын гарт Америкийн сонгогчдын нэр, гэрийн хаяг, утасны дугаар, улс төрийн намын харъяалал, болон бусад хувийн мэдээлэл оржээ. Тэр эдгээр мэдээллийг “Худалдаж авсан, хулгайлсан эсвэл цахим халдлагаар олж авсан” гэж тайлбарлажээ.

АНУ-ын сонгуулийн системийн сул талуудын талаар ярихдаа Трамп мөн дөрвөн мужид АНУ-ын иргэн биш ойролцоогоор 278 мянган хүн сонгогчоор бүртгэгдсэн гэж мэдэгдсэн байна.

Түүнчлэн Трамп Хятад улс АНУ-ын сонгогчдын талаарх дээрх мэдээллийг ашиглан 2020 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлөхийг оролдсон гэж буруутгажээ. Тэрээр 2020 оны сонгуульд Ардчилсан намын нэр дэвшигч Жо Байдентай өрсөлдөж, ялагдсан юм.

Трампын мэдэгдсэнээр, БНХАУ түүний ялагдлыг бий болгохын тулд бодит саналын дүнг өөрчлөх,
өөрийнх нь эсрэг сөрөг нийтлэл бичсэн сэтгүүлчдэд мөнгө төлөх зэрэг арга хэрэглэсэн гэжээ.

Тэрбээр “Хятад улс миний талаар илүү олон сөрөг нийтлэл гаргуулахын тулд асар их хэмжээний мөнгө төлсөн” гэж мэдэгдсэн байна.

АНУ-ын Ерөнхийлөгчийн хэлснээр, Хятад улс түүнийг сонгуульд ялагдуулахыг оролдсон гол шалтгаануудын нэг нь Хятадад олон тэрбум долларын татвар, тариф ногдуулах, дэлхийн хамгийн хүчирхэг армийг байгуулах түүний бодлого байсан гэжээ.

Гэхдээ Трамп АНУ-ын сонгуулийн системийн сул талыг зөвхөн Хятад улс бус, бусад “дайсагнагч” орнууд болон байгууллагууд ашиглах боломжтой гэж анхааруулсан байна. Тэрээр үүнд  Орос, Иран, Хойд Солонгос, мөн зарим төрийн бус бүлэглэлүүдийг нэрлэжээ.

Трамп өөрийн танилцуулсан мэдээллийг өмнө нь нууж байсан гэж АНУ-ын тагнуулын байгууллагуудын зарим ажилтнуудыг буруутгасан байна.  Түүний хэлснээр, “гүн төр” хэмээн нэрлэсэн төрийн дотоод бүлэглэлүүд “Хятадын сонгуульд оролцсон гэх ноцтой үйл ажиллагааны цар хүрээний талаарх мэдээллийг зориудаар дарж, багасган харуулсан” гэжээ.

Трамп Үндэсний тагнуулын газрын дарга, Хууль зүйн яам, Холбооны мөрдөх товчоо (FBI), Тагнуулын төв газар (CIA)-т хандан энэ мэдээллийг яагаад, хэрхэн нуусан талаар мөрдөн шалгах, үүнд оролцсон хүмүүсийг ажлаас чөлөөлөх, хууль зөрчсөн нь тогтоогдвол эрүүгийн хэрэг үүсгэх шаардлага тавьсан байна.

Тэрбээр “Ийм чухал мэдээллийг ерөнхийлөгч болон Америкийн ард түмнээс нуусан шалтгааныг тогтоох ёстой” гэж мэдэгджээ.

Эх сурвалж: DW