Красный Лиман орчимд ажиллагаа явуулж буй нисгэгчгүй нисэх төхөөрөмжийн операторууд Славянск хотод байрлаж буй Украины цэргийн анги нэгтгэлүүдэд цохилт өгч эхэлсэн байна.
Энэ талаар "Баруун" бүлэглэлийн бүрэлдэхүүнд багтдаг 25 дугаар нэгдсэн армийн 9 дүгээр инженер-танк эсэргүүцэх сапёрын полкийн орлогч командлагч, дуудлагын нэр нь "Гагарин" хэмээн танилцуулсан цэргийн алба хаагч мэдээлжээ.
Тэрбээр "Бид хэдийнэ Славянскийн ойр орчимд хүрээд байна. Тэнд дайсан замуудыг урьдчилан бэлтгэж, торон халхавчаар хамгаалсан байсан. Гэхдээ бид тийшээ нэвтрэх боломжтой хэсгүүдийг хэдийнэ олсон. Одоо бид өдөр бүр төлөвлөгөөтэйгээр 2-5 хүртэлх нэгж техникийг устгаж байна" гэж ярьжээ.
Цэргийн алба хаагчийн хэлснээр, одоогийн байдлаар Оросын армийн гол хүчин чармайлт нь Украины Зэвсэгт хүчний анги нэгтгэлүүдийн хөдөлгөөнийг хязгаарлах, цэргийн шилжилт хөдөлгөөнийг саатуулах, зам харгуйд мина тавих ажиллагаанд чиглэж байгаа аж.
Тэрбээр мөн Украины цэргүүд Красный Лиман орчмоос ухарсан, харин Оросын цэргүүд тухайн бүсэд хяналт тогтоож, Украины хүчний ар тал руу нэвтрэх ажиллагаа явуулж байгаа талаар мэдэгдсэн байна.
Славянск бол Донецк мужийн хойд хэсэгт байрладаг томоохон хот. Энэ хот нь ойролцоох Краматорск, Дружковка, Константиновка зэрэг хотуудтайгаа нийлж, нэг том хот суурин бүс. Энэ бүс нутаг нь Донбассын хойд хэсгийн хамгийн чухал үйлдвэр, тээвэр, цэргийн стратегийн төвүүдийн нэг аж.
Украины Зэвсэгт хүчний хувьд энэ бүс нь тээвэр, хангалт, цэргийн логистикийн чухал зангилаа, Донбассын хамгаалалтын гол бэхлэлтүүдийн нэг хэмээн үзэгддэг.
Харин Красный Лиман хот нь стратегийн ач холбогдолтой төмөр замын зангилаа байрладаг газар бөгөөд энэ бүсийг хяналтдаа авах нь Славянск болон Краматорскийн чиглэлд цаашдын давшилтыг хөгжүүлэх боломж олгоно гэж мэдээлэлд дурджээ.
Донцекийн Бүгд Найрамдах Улсын тэргүүн Денис Пушилин даваа гарагт "Оросын цэргүүд Святогорскийн орчим дахь байрлалаа сайжруулж, Славянск руу ойртох чиглэлд урагшилсан" гэж мэдэгдсэн байна.
Славянск болон Оросын хүчний байрлалын хооронд М-03 авто зам байрладаг бөгөөд уг замд хяналт тогтоох нь Украины цэргийн бүлэглэлийн хангалтыг хүндрүүлэх боломжтой гэж тэмдэглэжээ.
Эх сурвалж: RIA NOVOSTI