Өнгөрсөн амралтын өдрүүдэд Иранаас олон улсын анхаарал татсан мэдээлэл гарав. Долдугаар сарын 11-нд Ираны хэт консерватив үзэлтэй “Хамшахри” сонин цахим хуудастаа барууны 13 улс төрчийн хөрөг бүхий постер нийтэлж, тэднийг Ираны өмнөх дээд удирдагч Али Хаменейн амь нас хохирсонтой холбоотойгоор “Төлөөс төлнө” хэмээн мэдэгджээ.

Уг жагсаалтад ХБНГУ-ын канцлер Фридрих Мерц багтсан аж. Түүнээс гадна АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху, Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон, Италийн Ерөнхий сайд Жоржа Мелони нарын зургийг байрлуулсан байна.

Постерт дээрх улс төрчдийг Америкийн хорих ангиудад хэрэглэдэг хувцастай төстэй улбар шар өнгийн хоригдлын хувцастайгаар дүрсэлжээ.

“Хамшахри” сонин нийтлэлдээ Европын орнууд АНУ болон Израилийн Ираны эсрэг явуулсан цэргийн ажиллагааг дэмжсэн гэж буруутгасан байна. Тухайлбал, зарим улс орон нисэх онгоцнуудад агаарын орон зайгаа ашиглуулах зэрэг дэмжлэг үзүүлсэн гэжээ.

Мерц “Мулла нарын дэглэм төгсгөлдөө ойртож байна” гэж мэдэгдэж байжээ

Тегераны эсрэг цэргийн ажиллагаа эхэлсний дараахан буюу гуравдугаар сарын эхээр Фридрих Мерц Германы Засгийн газар олон иранчуудын адил “мулла нарын дэглэм төгсгөлдөө ойртож байгааг” ойлгож байна гэж мэдэгдэж байсан аж.

Тэрбээр тухайн үед “Бид АНУ болон Израильтай хамтран энэ дэглэмийн терроризмыг зогсоох, мөн түүний цөмийн болон баллистик пуужингийн хөтөлбөрийн аюултай өргөжилтийг таслан зогсоох нийтлэг ашиг сонирхолтой байна” гэж хэлжээ. Гэвч Ираны төрийн тогтолцоо хэвээр хадгалагдан үлдсэн байна.

Дайны эхний өдрүүдэд Ираны дээд удирдагч Али Хаменеи амиа алдсаны дараа түүний хүү Можтаба Хаменеи залгамжлагчаар тодорсон. Тэрбээр эцгийнхээ үхлийн төлөө “хариу арга хэмжээ авна” гэж мэдэгдсэн байна.

“Хариу арга хэмжээ зайлшгүй” хэмээн нийтэлжээ

“Хамшахри” сонины бямба гарагийн цахим нийтлэлд “Хариу арга хэмжээ зайлшгүй. Тайван үхэх мөрөөдлөө гэмт хэрэгтнүүд булшиндаа авч одно” хэмээн бичжээ. Энд дурдсан “тайван үхэл” гэдэг нь байгалийн жамаар нас барахыг хэлсэн бололтой.

Энэхүү маргаантай постер нь сонины ням гаргийн хэвлэмэл дугаарт нийтлэгдээгүй бөгөөд долоо хоногийн эхээр цахим хувилбараас устгагдсан байна.

Германд Ираны болзошгүй халдлагын эрсдэлийг анхааруулжээ

Уг нийтлэл Германы эрх баригч эвслийн болон сөрөг хүчний улс төрчдийн дунд болгоомжлол төрүүлсэн байна. Бундестагийн тагнуулын байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт тавих хорооны дарга Марк Хенрихман “Ираны тусгай албад Европын нутаг дэвсгэрт ч халдлага үйлдэх боломжтой гэж бид тооцох ёстой” гэж мэдэгджээ.

Түүний хэлснээр, Германы аюулгүй байдлын байгууллагууд ялангуяа “нэг удаагийн агентууд” буюу ганц удаагийн халдлага үйлдэх зорилгоор элсүүлсэн этгээдүүдэд анхаарал хандуулж байгаа аж.

Бундестагийн Социал демократ намын дотоод бодлогын шинжээч Себастьян Фидлер мөн ижил байр суурь илэрхийлсэн байна. Тэрбээр “Die Welt” сонинд өгсөн ярилцлагадаа аюулын түвшин өндөр байгааг онцолжээ.

Түүний үзэж буйгаар, одоогийн нөхцөл байдал нь “экстремист хүрээний уур амьсгалыг хурцатгаж, ганцаарчилсан террорист үйлдэл хийх хүмүүсийг идэвхжүүлэх эрсдэлтэй” байгаа аж.

Гэвч Германы улс төрчид канцлер Фридрих Мерц өндөр түвшний хамгаалалтад байдаг бөгөөд одоогийн байдлаар хамгаалалтыг нэмэгдүүлэх шаардлагагүй гэж мэдэгдсэн байна.

Омид Нурипур: Энэ сүрдүүлгийг Ираны дэглэм өөрөө зөвшөөрсөн байх магадлалтай

Бундестагийн дэд дарга, Германы “Ногоон нам”-ын улс төрч Омид Нурипур Иранд төрсөн бөгөөд Иранаас гаралтай төрийн терроризмын талаар анхааруулжээ.

Тэрбээр DW-д өгсөн ярилцлагадаа “Бид Иранаас экспортлогдож буй төрийн терроризмтой олон удаа тулгарч байсан. Хэрэв дэглэм өөрөө хүсээгүй бол ийм төрлийн аллагын сүрдүүлэг цензурыг даван нийтлэгдэхгүй байсан. Тиймээс үүнийг нухацтай авч үзэх ёстой. Манай Засгийн газрын тэргүүнийг онилж байгаа нь дайсагнасан үйлдэл” гэжээ.

Германы Засгийн газар уг асуудалд болгоомжтой байр суурь баримталж байгаа аж. Долдугаар сарын 13-нд Берлинд болсон хэвлэлийн хурлын үеэр Засгийн газрын дэд хэвлэлийн төлөөлөгч Штеффен Майер зөвхөн мэдээллийг анхааралдаа авснаа мэдэгдээд, нэмэлт тайлбар өгөөгүй байна.

Германд Ираны ашиг сонирхлыг дэмжиж болзошгүй 180 орчим хүн байна гэж үзжээ

Аюулгүй байдлын шинжээчид Иран Германд террорист ажиллагаа явуулах эрсдэлийг үгүйсгэхээ больсон байна. Германы эрх баригчдын мэдээлснээр, тус улсад ойролцоогоор 180 орчим хүн Исламын хувьсгалт гвардийн корпусын ашиг сонирхлын төлөө ажилладаг, эсвэл Ираны тагнуулын байгууллагын нөлөөнд байдаг байж болзошгүй гэж үздэг аж.

Холбооны Үндсэн хуулийг хамгаалах алба (BfV) тавдугаар сард Euractiv хэвлэлд өгсөн мэдээлэлдээ, Ираны тагнуулын бүтэц төрийн терроризмтой дүйцэхүйц арга хэрэглэхэд бэлэн болсныг анхааруулжээ.

Тус байгууллагын мэдээлснээр, ийм үйл ажиллагаа нь “тодорхой хүмүүсийг сүрдүүлэхээс эхлээд болзошгүй халдлагын бэлтгэл болгон тандалт хийх хүртэлх арга хэмжээг хамардаг” аж.

Мөн тус байгууллага Израиль болон АНУ-ын үргэлжилсэн цохилтуудын улмаас Ираны аюулгүй байдлын бүтэц суларсан гэж үзэж байгаа ч Тегеранд үзүүлэх дарамт буурсан тохиолдолд үйл ажиллагаагаа гадаад улс орнууд руу шилжүүлэх эрсдэл бийг анхааруулсан байна.

Эх сурвалж: DW