Иргэд замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн жолоочийг “102” аппликейшнээр мэдээлж, ногдуулсан торгуулийн дүнгийн 10-20 хувийн урамшуулал авах боломжтой болсон.
Үүнтэй холбоотойгоор уг зохицуулалтыг цуцлах тухай нийтийн өргөдлийг иргэн санаачлан, D-Parliament цахим платформын нийтийн өргөдлийн хэсэгт гарын үсэг цуглуулж эхэлжээ.
Өргөдөл санаачлагч үндэслэлдээ:
“Монгол Улсад автомашины зогсоол, зогсоох талбайн хүртээмж хангалтгүй, хүн амын төвлөрөл ихтэй хотын нөхцөлд жолооч нарыг торгох нь зөвхөн орлого төвлөрүүлэх шийдвэр болж байна.
Эхлээд автомашины зогсоолын асуудлаа бүрэн шийдсэний дараа торгуулийн зохицуулалтыг хэрэгжүүлэх нь зүйтэй. Хот төлөвлөлт, хүн амын хэт төвлөрөл нь иргэдийн буруу биш, харин үе үеийн хотын удирдлага, засаглалын бодлогын үр дагавар. Иймд “102” аппликейшнаар торгох зохицуулалтыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Одоогийн байдлаар уг нийтийн өргөдөлд 1928 иргэн гарын үсэг зурсан байна.