Оросын цэргүүд долдугаар сарын 16-ны пүрэв гаргийн шөнө Украины нийслэл Киев хот руу баллистик пуужингаар довтолсны улмаас хотод хэд хэдэн хүчтэй дэлбэрэлт болжээ. Хотын зарим хэсэгт томоохон хэмжээний гал түймэр гарсан талаар “РБК-Украина” мэдээлэв. Украины Агаарын цэргийн хүчний мэдээлснээр, уг довтолгоонд дор хаяж дөрвөн пуужин ашигласан байна.

Киев хотын дарга Виталий Кличко "Дарницкийн дүүрэгт пуужингийн хэлтэрхий хүн амьдардаггүй барилга байгууламжийн бүсэд унаж, улмаар гал гарсан байна. Мөн өөр нэг газарт хүн амьдардаггүй барилга руу шууд оновчтой цохилт өгсөн" гэж хэлжээ.

Святошинскийн дүүрэгт агуулахын барилгуудад цохилт хүрч, мөн гал гарсан байна. Пүрэв гаргийн өглөө Киев хотын дарга Кличко мэдээлэхдээ, уг халдлагын улмаас хоёр хүн амиа алдаж, зургаан хүн шархадсан гэж хэлсэн байна.

ОХУ-ын зэвсэгт хүчний Харьков дахь цохилтууд

Мөн долдугаар сарын 16-ны шөнө Оросын зэвсэгт хүчин Харьков хот руу нисгэгчгүй төхөөрөмжөөр (дрон) цохилт өгсөн байна. Харьков хотын дарга Игорь Тереховын мэдээлснээр, цохилтууд Киевский болон Шевченковскийн дүүргүүдэд бүртгэгджээ.

Тэрбээр халдлагын үр дагаврын талаар "Шевченковскийн дүүрэгт нэгэн цэцэрлэгт хүрээлэнгийн нутаг дэвсгэрт цохилт өгсний улмаас кинотеатрын барилга, автомашины зогсоол болон теннисний талбайнууд эвдэрсэн" гэж хэлсэн байна. Мөн түүний хэлснээр, Шевченковскийн дүүрэгт өөр нэг цохилт гаражийн хоршооллын нутаг дэвсгэрт бүртгэгджээ.

Хотын дарга "Түүнчлэн Немишлянскийн дүүрэгт нэгэн орон сууцны байшин цохилтод өртсөн байж болзошгүй талаар урьдчилсан мэдээлэл байна" гэж мэдэгдсэн байна.

Эх сурвалж: DW