Баяр наадмын өдрүүдийн амралт үргэлжилж, иргэдийн аялал зугаалга, голын эрэг дагуух хөдөлгөөн нэмэгдэж буй энэ үед усны ослоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна. 

Баянзүрхийн гүүр орчимд завьт эргүүлээр үүрэг гүйцэтгэж байсан алба хаагчид голын усанд урсаж байсан гурван иргэнийг шуурхай илрүүлж, аюулгүй байдлыг ханган аварчээ. Алба хаагчид нөхцөл байдлыг цаг алдалгүй үнэлж, мэргэжлийн ажиллагаа явуулсны үр дүнд хүний амь нас эрсдэхээс сэргийлсэн байна.

Зуны улиралд иргэд гол, нуурын эрэг дагуу амарч зугаалах нь нэмэгддэг. Усны түвшин нэмэгдсэн үед голын урсгал ширүүсч, эрсдэлтэй нөхцөл үүсэх магадлал өндөр байдаг. Тиймээс мэргэжлийн байгууллагуудаас иргэдэд дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна.

  • Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол, усанд орохгүй байх
  • Усанд сэлэхдээ зориулалтын болон аюулгүй бүсийг сонгох
  • Бага насны хүүхдийг усны ойролцоо хараа хяналтгүй орхихгүй байх
  • Өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн аюулгүй байдлыг онцгой анхаарах
  • Усны түвшин нэмэгдсэн, урсгал ихтэй үед голын эрэг орчимд болгоомжтой зорчихыг анхаарууллаа

Мөн Цаг уур, орчны шинжилгээний газраас Туул болон Хэрлэн голын усны түвшин үерийн түвшинд хүрсэн байгааг мэдээлсэн бөгөөд цаашид цаг агаарын нөхцөл байдал, хур тунадасны хэмжээнээс шалтгаалан усны түвшин нэмэгдэх эрсдэлтэй байгааг анхааруулж байна.

Албаныхан баяр наадмын амралтын өдрүүдэд иргэдийг аюулгүй байдлаа нэн тэргүүнд тавьж, гол усны ослоос урьдчилан сэргийлэхийг уриаллаа.