Европын Холбоо (ЕХ) Оросын эсрэг авах 21 дэх багц хориг арга хэмжээг одоогоор эцэслэн баталж чадсангүй. Гэвч шинэ багцын талаар үргэлжлүүлэн хэлэлцэхийн тулд Оросын газрын тосонд тавьсан үнийн дээд хязгаарыг одоо мөрдөж буй түвшинд нь долдугаар сарын 23-ныг хүртэл хадгалах шийдвэр гаргажээ.

Уг шийдвэрийг ЕХ-ны гишүүн орнуудын байнгын төлөөлөгчдийн хороо (COREPER)-ны долдугаар сарын 15-ны хуралдаанаар гаргасан байна.

ЕХ-ны нэрээ нууцалсан дипломатчийн мэдээлснээр, гишүүн орнууд шинэ хоригийн багцтай холбоотой үлдсэн санал зөрөлдөөнийг хэлэлцэж, нэгдсэн байр сууринд хүрэх нэмэлт хугацаа авахын тулд газрын тосны үнийн одоогийн хязгаарыг дахин нэг долоо хоног хэвээр хадгалахаар тохиролцжээ.

Түүний хэлснээр, санал болгож буй зарим арга хэмжээний эдийн засгийн болон техникийн үр дагавар, хэрэгжүүлэх асуудлууд дээр гишүүн орнуудын байр суурь зөрсөн хэвээр байгаа аж. Харин яг ямар арга хэмжээнүүдийн талаар санал зөрөлдөөн үүссэнийг дипломатч тодруулаагүй байна.

Газрын тосны үнийн хязгаарыг шинэчлэх асуудал

Хэлэлцээг яаравчлахад нөлөөлсөн гол асуудлын нэг нь Оросын газрын тосны үнийн дээд хязгаарын механизм байжээ. Европын Холбоо өнгөрсөн онд уг механизмыг шинэчилж, үнийн хязгаарыг зургаан сар тутам автоматаар шинэчилдэг тогтолцоонд шилжүүлсэн.

Одоогийн журмаар Оросын газрын тосны үнийн дээд хязгаар олон улсын зах зээлийн дундаж үнээс 15 хувиар доогуур түвшинд тогтоогддог байна.

Ээлжит шинэчлэл долдугаар сарын 15-нд хийхээр төлөвлөгдөж байсан. Хэрэв шинэ шийдвэр гараагүй тохиолдолд дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ өссөнтэй холбоотойгоор одоогийн механизмын дагуу Оросын газрын тосны зөвшөөрөгдөх дээд үнэ автоматаар нэмэгдэх боломжтой байжээ.

Ингэснээр Орос улс газрын тосны экспортоос олох орлогоо нэмэгдүүлэх нөхцөл бүрдэх эрсдэлтэй гэж ЕХ үзсэн байна.

Үнийн хязгаарыг долдугаар сарын 23-ныг хүртэл хэвээр хадгалах шийдвэр нь гишүүн орнуудад 21 дэх хоригийн багцын талаар тохиролцоонд хүрэх нэмэлт хугацаа олгож буй аж.

ЕХ-ны орнууд нэгдсэн байр суурь хайж байна

Долдугаар сарын 13-нд Брюссель хотноо болсон ЕХ-ны Гадаад хэргийн сайд нарын уулзалтаар Оросын эсрэг 21 дэх багц хориг арга хэмжээний талаар эцсийн тохиролцоонд хүрч чадаагүй.

Европын Холбооны гадаад бодлогын дээд төлөөлөгч Кая Каллас хэлэхдээ, гол асуудал нь техникийн нарийн ширийн зүйл бус, харин гишүүн орнууд өөрсдөдөө богино хугацаанд эдийн засаг, улс төрийн зардал авчрах шийдвэрүүдийг гаргахад хэр бэлэн байгаа явдал гэж мэдэгджээ.

Үүний өмнө Германы Гадаад хэргийн сайд Йоханн Вадефуль газрын тосны үнийн хязгаарын механизмын асуудлаар тохиролцоонд бараг хүрсэн боловч 21 дэх хоригийн багцын бусад бүрэлдэхүүн хэсгүүдийг одоо хүртэл хэлэлцэх шаардлагатай байгааг онцолсон аж.

Эх сурвалж: DW