Украины нийтийн аж ахуйн үйлчилгээ хэрэглэгчдийн холбооны тэргүүн Олег Попенко "Эрчим хүчний салбарын объектууд дахин гэмтсэн тохиолдолд Украины оршин суугчид ирэх өвөл өдөр, долоо хоногоор дулаан болон цахилгаангүй байх нөхцөл үүсч болзошгүй" гэж мэдэгджээ.

Түүний хэлснээр, ирэх өвөл дулааны цахилгаан станцууд (ДЦС) болон цахилгаан дэд станцууд дахин гэмтэх магадлал өндөр байгаа аж. 

Попенко Украины сэтгүүлч Лана Шевчукийн YouTube сувгийн ярилцлагад оролцохдоо "Бид өнгөрсөн жил, энэ жилтэй адил дулаан, цахилгаангүй суух болно. Өдөр хоногоор, долоо хоногоор гэрэлгүй, усгүй, дулаангүй байх үе гарна. Энэ бол бодит байдал" гэж хэлжээ.

Украины Эрчим хүчний сайд асан Иван Плачков гуравдугаар сарын сүүлчээр иргэддээ дараагийн өвлийг давахын тулд одооноос зуухтай, түлээ, эсвэл нүүрсээр халаадаг хөдөө орон нутгийн орон байр бэлдэхийг зөвлөсөн байна.

Өнгөрсөн өвлийн улиралд Украины ихэнх бүс нутагт эрчим хүчний дэд бүтцийн байгууламжууд гэмтсэний улмаас цахилгаан болон дулаан хангамжийн асуудал үүсч, цахилгаан таслах хуваарь хэрэгжүүлжээ.

Украины Эрчим хүчний сайд, мөн Тэргүүн шадар сайд Денис Шмыгаль нэгдүгээр сарын 16-нд "Украины эрчим хүчний салбарт онцгой нөхцөл байдлын дэглэм хэрэгжиж байна" гэж мэдэгдэж байв.

Эх сурвалж: RIA NOVOSTI