Оросын Батлан хамгаалах яамны мэдээлснээр, Оросын Зэвсэгт хүчин Одессын орчимд цэргийн зориулалттай ачаа тээвэрлэж явсан гурван хөлөг онгоцонд цохилт өгсөн байна.
Тус яам "Украины боомтууд болон Украины Зэвсэгт хүчний ашиг сонирхлын хүрээнд ашиглагдаж буй хөлөг онгоцуудад цохилт өгөх ажиллагааг үргэлжлүүллээ" гэж мэдээлжээ.
Оросын талын мэдээлснээр, гурван хуурай ачааны хөлөг онгоц байсан бөгөөд нэг нь Южный боомтод цохилтод өртсөн, үлдсэн хоёр нь Одесса боомтын гадна зогсоолд, ачаа буулгахаар хүлээж байсан аж.
Өмнө нь буюу лхагва гарагт Оросын Зэвсэгт хүчин мөн энэ бүс нутагт шатахуун, тосолгооны материал буулгахад ашиглагддаг боомтын дэд бүтцийн объектууд, шатахуун тослох материалын агуулахууд, дрон үйлдвэрлэлийн хоёр цехэд цохилт өгсөн гэж Оросын Батлан хамгаалах яам мэдээлж байв.
Мөн Черноморск болон Днепр-Бугийн боомтод Украины Зэвсэгт хүчинд нийлүүлэлт хийж байсан хоёр хуурай ачааны хөлөг онгоц өртсөн гэж мэдэгдсэн байна.
Оросын Батлан хамгаалах яамны тайлбарласнаар, тус улсын арми эдгээр ажиллагааг өрсөлдөгчийн цэрэг-эдийн засгийн чадавхыг бууруулах зорилгоор дэд бүтэц рүү чиглүүлж байна гэжээ.
Мөн Оросын талын мэдээллээр, цохилтын үеэр алсын тусгалтай өндөр нарийвчлалын зэвсэг болон довтолгооны нисгэгчгүй төхөөрөмжүүд ашигласан байна.
Эдгээр нь Украины агаарын довтолгооноос хамгаалах болон пуужингийн хамгаалалтын системийг даван туулж, Киев болон Украины нутаг дэвсгэрийн аль ч хэсэгт байгаа байг устгах боломжтой гэж мэдэгджээ.
Эх сурвалж: RIA NOVOSTI