Оросын зэвсэгт хүчин Украины хэд хэдэн мужид долдугаар сарын 14-ний мягмар гаргийн шөнө болон үүрээр агаарын цохилт өгчээ. Запорожье мужийн Таврическое тосгонд мужийн цэргийн захиргааны дарга Иван Федоровын мэдээлснээр, FPV дроноор иргэний автомашинд цохилт өгсний улмаас нэг эмэгтэй амиа алдаж, 60 настай эрэгтэй шархаджээ.
Днепропетров мужид Оросын дрон ачааны галт тэрэгний зүтгүүрийг мөргөсөн гэж Нийгэмлэг, нутаг дэвсгэрийн хөгжлийн яам мэдээлсэн байна. Цохилт өгөх үед галт тэрэг зогсож байсан бөгөөд зүтгүүрийн багийнхан аюулгүй нүүлгэн шилжүүлсэн тул хүн бэртэж гэмтээгүй байна. Харин зүтгүүр эвдэрч, тухайн хэсгийн цахилгаан дамжуулах холбоо тасарчээ.
Украины Онцгой байдлын албаны мэдээлснээр, Оросын арми Днепропетров мужийн дөрвөн дүүрэгт халдсан байна. Синельниковын дүүрэгт шатахуун түгээх станц, хувийн орон сууц, автомашинууд гэмтжээ. Днепропетров мужийн захирагч Александр Ганжа өчигдрийн халдлагын талаар тодруулахдаа, 55 болон 73 настай хоёр эрэгтэй амиа алдаж, дөрвөн хүн шархадсан гэж мэдээлсэн байна.
Никополийн дүүрэгт хөдөө аж ахуйн үйлдвэр, хувийн байшингууд болон аж ахуйн байгууламжууд гэмтсэн байна. Каменскийн дүүрэгт хөдөө аж ахуйн үйлдвэр болон дэд бүтцийн объектууд, Днеприйн дүүрэгт дэд бүтцийн байгууламжууд өртжээ.
Одесса мужид Оросын дроны дайралтын улмаас нэгэн үйлдвэрийн нутаг дэвсгэр дээр автомашин засварын байр, аж ахуйн байгууламж, бензин тээвэрлэгч машин гэмтсэн гэж мужийн захирагч Олег Кипер мэдээлжээ.
Мөн 11 ачааны болон нэг суудлын автомашин гэмтэж, аврагчид гарсан галыг унтраасан байна. Өөр нэг үйлдвэрт наранцэцгийн тос хадгалдаг савнууд шатсан боловч хүн бэртэж гэмтээгүй аж.
Харин ОХУ-ын Батлан хамгаалах яам Одесса мужид “Южный” боомтыг онож цохилт өгсөн, тухайн үед тэнд цэргийн зориулалттай ачаа тээвэрлэж байсан хөлөг онгоц буулгалт хийж байсан гэж мэдэгдсэн байна.
Оросын тал шөнийн цагаар “Герань” төрлийн дрон ашиглан Чернигов мужийн Бахмач хотод халджээ. Мужийн захирагч Вячеслав Чаусын мэдээлснээр, 55 болон 57 настай хоёр эмэгтэй, 58 настай нэг эрэгтэй шархаджээ.
Орон сууцууд устаж, ойролцоох барилга байгууламж болон автомашинууд гэмтсэн байна. Мөн Житомир муж халдлагад өртсөн гэж мужийн захирагч Виталий Бунечко мэдээлжээ. Орон сууцны бүсийн ойролцоо гарсан цохилтын улмаас хотын дэд бүтэц болон хувийн аж ахуйн барилга гэмтсэн байна.
Киев хотын эрх баригчдын мэдээлснээр, Орос улс Украины нийслэлд баллистик пуужингаар цохилт өгчээ. Украины агаарын довтолгооноос хамгаалах систем 8 баллистик пуужингийн 5-ыг устгасан байна.
Украины Зэвсэгт хүчний Агаарын цэргийн мэдээлснээр, 7-р сарын 14-ний шөнө Оросын арми Украинд:
8 ширхэг “Искандер-М/С-400” баллистик пуужин
2 ширхэг Х-59/69 удирдлагатай нисэхийн пуужин
135 ширхэг Shahed, “Гербера”, “Италмас” төрлийн довтолгооны дрон
“Бандероль” нисдэг сум болон “Пародия” төрлийн дуураймал дронууд ашиглан халджээ.
Урьдчилсан мэдээллээр, Украины агаарын довтолгооноос хамгаалах хүчин 5 баллистик пуужин, 2 удирдлагатай нисэхийн пуужин, 108 дрон устгасан гэж мэдээлжээ. Гэсэн хэдий ч 17 цэгт нэг баллистик пуужин болон 25 нисгэгчгүй төхөөрөмж оногдсон, мөн 10 газарт пуужин, дроны үлдэгдэл унасан гэж бүртгэгдсэн байна.
Хоёр баллистик пуужингийн талаарх мэдээллийг одоогийн байдлаар тодруулж байгаа ажээ.
Эх сурвалж: DW