ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын алба (АБА) Москва мужид Украины Аюулгүй байдлын алба (АБА)-ны зохион байгуулсан гэж үзэж буй томоохон хорлон сүйтгэх ажиллагааг таслан зогсоосноо мэдэгджээ.
Тус байгууллагын мягмар гарагт буюу долдугаар сарын 14-нд цахим хуудастаа нийтэлсэн мэдэгдэлд, АБА-ны даалгавраар Москва орчимд дрон ашиглан “цар хүрээ, аюулын түвшнээрээ урьд өмнө байгаагүй” цуврал “террорист халдлага” үйлдэхээр бэлтгэж байсан гэж дурдсан байна.
Тусгай албаны мэдээлснээр, Словак улсын Братислава хотоос Польш, Беларусь улсаар дамжуулан 35 FPV дроныг хууль бусаар Москва муж руу оруулж иржээ. Дараа нь тэдгээрийг хөөргөх байр бэлтгэх ажлыг Молдавын хоёр иргэн хийсэн бөгөөд тэд үүний дараа Оросоос гарсан гэж мэдэгдсэн байна.
АБА-ны хувилбараар, дроноор хийх халдлагын бэлтгэлийг ОХУ-ын иргэн, “үндэстэн ястны зохион байгуулалттай гэмт бүлэг (ҮЯЗБГБ)-ийн хуучин гишүүн” гэх хүн хийсэн аж. Мэдэгдэлд “халдлагыг гүйцэтгэгчийг баривчилсан”, харин “туслагч-байр түрээслэгч нь баривчлах үеэр зэвсэгт эсэргүүцэл үзүүлж, хариу галын улмаас амиа алдсан” гэж дурджээ.
АБА-ны мэдээлснээр, халдлагын бай нь цэргийн дэд бүтэц, Оросын цэрэг-аж үйлдвэрийн цогцолборын (ЦАҮЦ) тэргүүлэх үйлдвэрүүдийн нэг, мөн Оросын цэргийн алба хаагчид байх ёстой байсан аж.
Хорлон сүйтгэх ажиллагааг зохион байгуулсан хүнээр Словакт амьдардаг Украины видео блогер, реппер Альберт Васильев (Киевстонер)-ийг нэрлэсэн байна. Тэрбээр өмнө нь “Грибы” хамтлагийн гишүүн байсан гэж дурджээ. Мөн АБА түүнийг хорлон сүйтгэх ажиллагаанаас гадна кокаин тараах үйл ажиллагаа эрхэлдэг гэж мэдэгдсэн байна.

Киевстонерын хариу
Блогер Киевстонер АБА-ны буруутгаж буй үндэслэлийг үгүйсгэж, олон нийтийн сүлжээгээр сэтгэл хөдлөлтэйгөөр хариу өгч, бүх бурууг, тэр дундаа хар тамхины наймаатай холбоотой мэдэгдлийг няцаасан байна.
Тэрээр Instagram-ийн сторидоо “Би яагаад нгэж анхаарал татсанаа ойлгохгүй байна. Надад нэг асуулт байна: Яах гэж? Намайг ингэж харуулахын тулд яагаад ийм их мөнгө зарцуулах хэрэгтэй гэж? Үүнийг хэн хийсэн, яах гэж хийснийг би мэдэхгүй. Гэхдээ энэ бол байж болох хамгийн утгагүй хөрөнгө оруулалт байна” гэж хэлжээ.
Эх сурвалж: DW