Украинд Засгийн газрын бүрэлдэхүүнийг шинэчлэх, Ерөнхий сайдыг солих үйл явц эхэлж байна. Долдугаар сарын 12-нд Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский нийгмийн сүлжээгээр дамжуулан Ерөнхий сайд Юлия Свириденкод шинэ албан тушаал санал болгосноо мэдэгджээ.

Украины хэвлэлүүдийн эх сурвалжийн мэдээлснээр, энэ нь түүнийг АНУ-д суух Элчин сайдаар томилох тухай асуудал байж болзошгүй аж.

Ерөнхийлөгч энэ шийдвэрээ улсын улс төрийн стратегийг өөрчилж, гадаад бодлогын тэргүүлэх чиглэл бүрийг тодорхой нэг хариуцагчтай болгох, мөн өвлийн улирлын бэлтгэлийг эрчимжүүлэх шаардлагатай болсонтой холбон тайлбарлажээ.

Гэвч Ерөнхийлөгчийн энэ шийдвэрийн цаана яг ямар шалтгаан байна вэ? Мөн Украины парламент буюу Верховная Рада энэ үйл явцад ямар үүрэгтэй оролцож байна вэ?

Украинд нэг жил ч ажиллаагүй Засгийн газар солигдох нь

Зеленский Telegram хуудастаа “Украины багт олон жил үр дүнтэй ажилласан, Ерөнхий сайдын албыг хашихдаа тогтвортой, үр дүнтэй ажилласан Юлияд талархаж байна. Би түүнд манай гол түнштэй харилцах шинэ, чухал чиглэлийг удирдах санал тавилаа. Парламентын гишүүдтэй хамтран Украины Засгийн газарт шаардлагатай өөрчлөлтүүдийг хийнэ гэж найдаж байна” гэж бичжээ.

Үүний дараа Зеленский “Нафтогаз” компанийн тэргүүн Сергей Корецкий, Шадар сайд бөгөөд Эрчим хүчний сайд Денис Шмыгаль, Дотоод хэргийн сайд Игорь Клименко, Батлан хамгаалахын сайд Михаил Федоров, Харьков хотын захирагч Игорь Терехов нартай хийсэн уулзалтынхаа зураг, мэдээллийг дараалан нийтэлсэн байна.

Эдгээр нийтлэл Украины нийгэмд өргөн хэлэлцүүлэг өрнүүлсэн ч гол асуулт хэвээр үлджээ. Ердөө нэг жил ч ажиллаагүй Засгийн газрыг Ерөнхийлөгч яагаад өөрчлөхөөр шийдэв?

Юлия Свириденко юуны учир явж байгаа вэ?

Премьер-министр Украины Юлия Свириденко

Киевийн Үндэсний их сургуулийн улс төр судлаач, дэд профессор Игорь Рейтеровичийн үзэж буйгаар, Засгийн газрын өөрчлөлтийг анх намар, эсвэл бүр хавар хийхээр төлөвлөсөн байж болох аж.

Гэвч тэр Засгийн газарт одоо сэлгээ хийхээр шийдсэн нь хэд хэдэн нөхцөл давхацсантай холбоотой гэж үзжээ. Тухайлбал, Украины АНУ дахь Элчин сайд Ольга Стефанишина албан тушаалаасаа хувийн шалтгаанаар гарах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн гэх мэдээлэл, мөн түүнтэй холбоотой шинэ эрүүгийн хэрэг үүсгэх тухай яриа гарсан нь нөлөөлсөн байж болох аж.

Рейтерович “Америкчууд зүгээр л дохио өгсөн байхыг үгүйсгэхгүй. Элчин сайдын асуудал хэтэрхий хоёрдмол утгатай харагдаж байна, ямар нэг арга хэмжээ авах хэрэгтэй гэсэн дохио байж болох юм. Тиймээс Зеленский хариу үйлдэл үзүүлэх шаардлагатай болсон.

Свириденко бол сайн сонголт. Тэр ашигт малтмалын хэлэлцээр байгуулах үед америкчуудтай сайн ажиллаж, харилцаа холбоо тогтоож чадсан. Америкчууд өмнө нь хамтарч байсан хүмүүстэйгээ ажиллахад бэлэн байдаг” гэжээ.

Түүний үзэж буйгаар, Украины Зэвсэгт хүчинтэй холбоотой сүүлийн үеийн олон дуулиан Зеленскийн нэр хүндэд нөлөөлсөн байж болох бөгөөд боловсон хүчний өөрчлөлт нь олон нийтийн анхаарлыг өөр тийш хандуулах арга байж болох талтай аж.

Мөн Ерөнхийлөгч зарим сайд нартай харилцахад асуудалтай байсан, ялангуяа батлан хамгаалах салбарын удирдлагатай холбоотой хүндрэл гарсан байж болохыг шинжээч онцолжээ.

Свириденкогийн огцролт Ермакийн асуудалтай хэрхэн холбоотой вэ?

Шинжээч Вадим Денисенкогийн үзэж буйгаар, Свириденко Украины Ерөнхийлөгчийн Тамгын газрын өмнөх дарга Андрей Ермакийн бий болгосон тогтолцооны нэг хэсэг байсан аж.

Түүний хэлснээр, Ермакт Засгийн газрын тэргүүнээр өөрийнх нь даалгаврыг биелүүлэх хүн хэрэгтэй байсан бөгөөд Ермак байхгүй болсон нөхцөлд Свириденко өмнөх үүргээрээ шаардлагагүй болсон гэжээ.

Украины шинэ Ерөнхий сайд хэн байж болох вэ?

Шинэ Засгийн газрын тэргүүний албан тушаалд одоогийн байдлаар хамгийн их яригдаж буй нэр бол “Нафтогаз” компанийн тэргүүн Сергей Корецкий ажээ.

Шинжээчид мөн Эрчим хүчний сайд Денис Шмыгалийн нэрийг дурдаж буй юм байна. Учир нь, өвлийн улиралд эрчим хүчний асуудал хамгийн чухал сорилтын нэг болох төлөвтэй байгаа аж.

Улс төр судлаач Алексей Гарань “Энэ нь гол шалтгаан биш байж болох ч тодорхой хэмжээгээр нөлөөлж байна” гэжээ.

Шинэ Засгийн газрын шалгуур: Үнэнч байдал уу?

Улс төр судлаач Игорь Рейтеровичийн үзэж буйгаар, шинэ Ерөнхий сайдыг сонгох хамгийн гол шалгуур нь Ерөнхийлөгчид үнэнч байх явдал хэвээр аж. Түүний хэлснээр, одоо яригдаж буй нэр дэвшигчид бүгд Зеленскийн хүрээллийн хүмүүс бөгөөд улс төрийн хувьд түүнд үнэнч хүмүүс юм байна.

Тэр “Ерөнхийлөгчид зарим асуудлаар ‘үгүй’ гэж хэлж чадах хүн бараг харагдахгүй байгаа тул шинэ тогтолцоо Свириденкогийн үеийнхээс нэг их ялгарахгүй байж магадгүй” гэж хэлжээ.

Парламентын үүрэг юу вэ?

Украин парламентын болон ерөнхийлөгчийн засаглал хосолсон улс тул Засгийн газрын бүрэлдэхүүнийг батлахад Дээд Рада гол үүрэгтэй. Гэвч шинжээчдийн үзэж буйгаар, Ерөнхийлөгч өөрийн сонгосон хүмүүсийг парламентад санал болгож, гишүүдийг зөвхөн батлах үүрэгтэй болгож байна гэсэн шүүмжлэл гарч байгаа аж.

Алексей Гарань “Зеленский дахин хэн удирдаж байгааг харуулахыг хүсэж байна. Гэвч Үндсэн хуулийн дагуу Засгийн газрыг өөрчлөх асуудал парламентын бүрэн эрхэд хамаарна” гэжээ.

Гэсэн ч эцсийн шийдвэрийг Дээд Рада гаргах тул Украины парламентын энэ долоо хоногийн чуулган нэлээд хурцадмал байдалд болох төлөвтэй байгаа аж.

Эх сурвалж: DW