ЭХ ОРНЫ ХАВАР
Тэнгэрийн хаяанд ханарах Алтайн суварга уулст үүрийн туяа шаргалтан, хилийн тэнгэр цэлмэхэд нүдээ цавчилгүй эх орноо манасан хилчин “Дархан хил тайван хонолоо” хэмээн сэтгэл нь ихэд уужирна.
Манаанд хоносон цэрэг эр эзний ёсоор хилээ тогтуухан харуулдахад хээрийн галуу цэлмэг тэнгэрт дүүлэн нисэж, тэртээд бараантах толгодын энгэрт таван хошуу мал дураараа бэлчиж, уулсын оргилоос эхтэй горхинууд морин хуур, уртын дууны эгшиглэх мэт урсах нь монголын сайхан оронд хавар ирснийг илтгэх аж.
Хавар бол шинэ бүхний эхлэл. Холхи нар ойртож байгалийн өнгөтэй бүхэн дэлгэрнэ. Торгон хилийн хавар бүүр ч онцгой.
Жигүүртэн шувууд зэрлэг амьтнаас бусад нь үл хүрэх онгон дагшин байгаль тэнд л оршино. “Айдаа, сайхнаас сайхан монгол нутгийн минь хавар мөнөөс мөн дөө. Ямар азаар би Монголдоо төрөө вэ” хэмээн хилчин дайчдыг сэтгэлийн гүнээс дуу алдуулж, эрт эдүгээгийн нандин дурсамжийг сэргээнэ.
Алс баруун хязгаарын Хилийн 0165 дугаар ангийн Шар говийн заставт даргаар томилогдсон ахмад Соёмбо хил хамгаалалтын хариуцсан хэсгээ хүлээн авч, сүлдэт багананыхаа өмнө хүндэтгэн ёсолж, тэргүүнээ дээш өргөн, эх нутгийнхаа хөх тэнгэрт хараа бэлчээн тал нутгийн анхилуун үнэр шингэсэн агаарыг цээж дүүрэн амьсгалахад, дөрвөн зүг тунгалгаар цэлмэн юутай ч зүйрлэмгүй үзэсгэлэнтэй харагдана.
Хилийн багана дээр очсон хилчид энэ зурваснаас цааш нэг л алхахад харийн нутаг гэж бодохоор л эх орныхоо уужим тэнгэрт дураараа нисэж яваа жигүүртэн, байгалийн чимэг болж эрх таваараа нүүдлэн нутаглах ан амьтдыг хүртэл харь орны хилийн дээс давчих вий гэж дотроо зовниж, уртаар санаа алдана.
Торгон хилийн хаврын цэв цэлмэгхэн нэгэн өдрийн өнгө залуу офицерыг өвгөд шиг ханхайх Алтайн цэнхэр хязгаараа амь бие үл хайрлан хамгаална гэж эр цэргийн тангараг өргөж, сүлдэт баганаа эргэхээр хүлгийн жолоо залсныг эх нутгийнх нь ширхэг чулуу ч совингоороо мэдэрсэн юм шиг хамаг үзэсгэлэнгээ тодоос тод гайхуулна.
Энэ торгон агшин эх орон өөрт нь хайртай хүн бүрийг хэнээс ч илүү хайрладаг гэж бодогдуулахаар тийм нандин мэдрэмжийг төрүүлэх аж. Яг л эх орон цэрэг эрстээ л найддаг гэдгийг зүрхэнд нь нууцхан шивнэж, өргөсөн тангарагтаа мөнхөд үнэнч байхыг сануулж буй мэт. Монголын ард түмэн өглөө бүрийг амар тайван аз жаргалтай угтдаг. Энэ бүхэн унтах нойроо хасан улсынхаа хилийн амгаланг бүтнээр нь баталж яваа залуусын хүч юм шүү дээ.
Хилийн дээсэн дээр нутгийнхаа зүг төрийн сүлдтэйгээ торойн үлддэг хүндэт баганаа эргэж, эх орны хил амгалан буйг нүдээр үзэж сэтгэл тайвширсан хилчид будаг нь ханхалсан ГАЗ-66 машинтайгаа замын бартаа саадыг ажрахгүй туулсаар өндөр уулсын сүүдэр буусан тал дундуур тоос татуулан давхин ирэхэд манааны жижиг толгодын орой дээрх цагийн манаа “Жижүүр машин” хэмээн талын хүний саруул цэл хоолойгоор чангаар мэдээлнэ.
Мэдээг сонссон заставын жижүүр малгай хувцсаа засаж, хилд үүрэг гүйцэтгэсэн нөхдөө тосохоор улаан дарцаг барьсаар бүхээгтэй ногоон машины өөдөөс тайван байдлаа илтгэхээр яаравчлан гүйнэ.
Улаан дарцаг намируулсан нуруулаг бор цэрэг заставын даргаар ахлуулсан хилийн манааг угтан ирж, номхон зогсож “Нөхөр ахмадад хилийн заставт гарсан зүйлгүй тайван” гэж жавхаалаг дуугаар илтгэхэд ахмад инээд алдан “Болно” хэмээн найрсгаар хариулж, жижүүр цэргийн гарыг чангаар атган мэндчилж, хилийн амар тайвны мэдээ тэнгэрлэг орныхоо мэлмий болсон залуусын сэтгэлийг хэмжээлшгүй баярт автуулдгийг мэдэрч, баярлах догдлох нь зэрэгцэх аж.
Өдөржин хилд үүрэг гүйцэтгэсэн заставын дарга хилийн тайван байдлын мэдээнд замын алжаалаа умартаж, ГАЗ-66 машины бүхээгнээс бичиг хэргийнх нь бүхий л хэрэгслийг багтаасан, элэгдэж хуучрах нь үл мэдэгдэх офицер бор цүнхээ авч, цээжиндээ үүрч дархан хилийн тайван байдлыг шифр мэдээгээр төвдөө танилцуулахаар өөртөө итгэлтэйгээр өрөөнийхөө зүг яарангуй алхахад нар дөнгөж уул ташиж байв.
Хүн энэ хорвоод үнэ цэнэтэй үйл хэрэг, дурсгал үлдээх л гэж мэндэлдэг. Харин Соёмбын удамд энхрий орныхоо тусгаар тогтнолын төлөө бүхнээ зориулах эрхэм хүндтэй дээд үүрэг заягджээ. Тэднийх дөрвөн үеэрээ дархан хилээ манаж буй улс.
Хилтэй холбоотой намтар нь яг л “Эх орондоо хүүгийн сэтгэлээр чин зүрхнээсээ хайртай байсан юм” гэж хойч үеэрээ ам бардам хэлүүлэхээр зүтгэсэн тэднийг монгол хүн болж төрснөөр нь бахархуулж бас гайхуулах аж.
Торгон хилийн манаанд зогсоно гэдэг эр хүнд тэр бүр оногдох хүндтэй алба биш. Энд эх орны итгэл даах хөвгүүд л бий. Эх орон хэнээр мануулахаа шийддэг далд увдистай нь маргаангүй үнэн мэт.
Соёмбын элэнц өвөө В.Авир нь Хатанбаатар Магсаржавын баруун гарын бичээч буюу монгол цэргийн чанд нууц бичиг баримтуудыг хариуцдаг, баруун хязгаарыг манжийн дарлалаас чөлөөлөх тулаанд оролцсон, тугч цэрэг байсан гэдэг. Харин өвөг эцэг А.Сүх нь хүндэт чекист, халх голын байлдаанд оролцож японы тагнуулчидтай тэмцэн, хилийн чандад 20 гаруй удаагийн тусгай үүрэг гүйцэтгэсэн эрэлхэг тагнуулч байжээ. Аав С.Жавхлантсайхан нь хилийн цэргийн түүхэнд эрэлхэг зоригтой, эх оронч, хүнд хэцүү үед олон хил зөрчигч саатуулсан хилчин гэдгээр түүхэнд тодоос тод бичигджээ.
Соёмбыг баруун хязгаарт Монгол Алтайн сүрлэг уулсын дунд эх орны харуул мэт орших Их хавтагийн нуруунд байрлах “Зээгийн застав”-т мэндлэхэд нь хилчин аав нь “Хил манах удмаа залгуулах хүүтэй боллоо” гэж монгол эр хүний ёсоор ихэд бэлгэшээн, төр улсын тусгаар тогтнол, улсын хил хязгаар мөнхөд оршихыг бэлэгдэж “Соёмбо” гэж нэр хайрласан аж.
Бас хүүгээ гуравхан настай байхад ээжийнх нь оёсон жижигхэн жавхаалаг цэрэг хувцсаар гоёж, хилийн багана дээр дагуулж очихдоо яг л тангараг өргөж буй цэрэг шиг ёслуулж, торгон хилээ манах удмынхаа бичээсийг мөнхжүүлэх гэж “Монгол орны минь мөнх хөх тэнгэр, дархан хил хүүг минь үргэлжид ивээж, эх орондоо халуун хайртай хүү болгоорой” гэж залбирч байсан нь монгол эрсийн мөнхийн шүтээн дархан хилийн ивээлээр биеллээ олсон гэдэг. Энэ бол монгол хилчдийн зүрх сэтгэлд эх орноо хайрлах хайрын цэцэгс мөнхөд дэлгэрч байдгийн тод илэрхийлэл билээ.
ЗАСТАВЫН ДУРСАМЖИТ ӨДРҮҮД
Yүр хаяарч уулсын дээгүүр шаргал туяа тусна. Төд удалгүй зуны өглөөний нар мандаж цагийн манааны зогсдог жижиг толгодын зулай дээр тусах нь хилчин нөхдөө тайван хонуулсан шинэхэн цэргийг шагнах мэт дулаан илчээрээ төөнөнө. Заставын эргэн тойронд хааяадаа адуу үүрсэн янцгааж, усны шувууд ганганалдаж, горхи булаг хоржигнон урсах нь Монгол нутгийн шинэхэн өглөөг улам чимэх аж.
Өглөөний нар уулсын цаанаас мандахтай уралдан заставын жижүүр түрүүч цэрэг “Сэрээд, сэрээд, сэрээд” гэж цоглог дуугаар тушаал өгөхөд хичнээн ядарсан, гүн нойрссон цэрэг ч годхийн босно.
Бослогтой зэрэгцэн цэргийн байрны хананд өлгөөстэй жижигхэн хүлээн авагчаар “Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотоос ярьж байна. Улаанбаатарт 6 цаг” гэж хэзээний танил нэвтрүүлэгчийн хоолой тодоос тод сонсогдоно. Үүний араас монгол хүн бүрийн зүрхэнд бичээстэй
“Дархан манай тусгаар улс
Даяар Монголын ариун голомт
Далай их дээдсийн гэгээн үйлс
Дандаа энхжин үүрд мөнхөжнө”
хэмээн цаг цагийн монгол хүний сэтгэл зүрхэнд хоногшсон хөх тэнгэрийн орны төрийн дуулал эгшиглэнэ. Торгон хилийнхээ өглөө бүрийг төрийнхөө дууллаар угтана гэдэг бол хилчдийн хувьд юутай ч зүйрлэмгүй торгон мэдрэмж билээ.
Угаас нойронд сэргэг хилчин цэргүүд өглөөний бослогоос хэн нь ч хоцрохгүй. Тэд ороо хэдхэн минутад ёстой л ёотон шиг дөрвөлжин өнцөг гарган цэмцийтэл хурааж, өглөөний гүйлтэд гарна.
Цэргүүд эгнээ зэрэгцэн хөл нийлүүлэн морин төвөргөөн мэт зөөлөн шогшиж гүйхэд өглөө эртийн чийглэг агаарт зүйл бүрийн өвсний тансаг үнэр анхилах нь сэтгэлд тун ч таатай.
Гүйлтийн дараа өглөөний цай, үдийн хоол, зэвсгээ арчих, хилийн манаанд явах бэлтгэлээ хангах гээд цэргүүдийг завгүй байлгах ажлууд мундахгүй. Хилийн цэрэг бол цэрэг эрсээ сонор соргог, ажигламтгай, чамбай төрхөөр хүмүүжүүлдэг алба. Заставт өглөө бүр жагсаалын үзлэг явагдана. Цэргүүд гутал, хувцсаа дүрмийн дагуу цэвэр нямбай өмссөн эсэхийг шалгаж, дутагдлыг дор нь засуулна.
Цэрэг эрсийн алхах гишгэх нь хүртэл энгийн хүнээс өөр цэх шулуун, эрэмгий дайчин байдаг үүнээс эхлэлтэй. Цэргийн байр цаанаа л тав тухтай цэвэр цэмцгэр. Байрны хойморт БНМАУ-ын баатар Хорлоогийн Дамбын хөргийг байрлуулж, гавьяаг нь мөнхөлж хүндэтгэх зорилгоор цэрэг орыг хуруу ч хүргэж боломгүй цэмцийтэл засаж тавьсан нь цэргүүдэд баатарлаг хилчний гавьяагаар бахархах сэтгэлийг эрхгүй төрүүлнэ.
Хорлоогийн Дамба нөхдийнхөө хамт эх орныхоо дархан хилийн манаанд явж байхад нь хасагийн 100 гаруй дээрэмчид бүслэн довтолж, хүч тэнцвэргүй хүнд тулаан болоход дайсантай эрэлхэг зоригтой тулалдсаар цор ганцаар үлдэж, цээж болон зүүн гартаа тэсэхийн аргагүй хүнд шархадсан атал дайсны эсрэг эрэлхэгээр тэмцсээр хорин дөрөвхөн насандаа Монгол орныхоо тусгаар тогтнол, хүүхэд залуусынхаа ирээдүйн энх амар амьдралын төлөө халуун амиа өргөж мөнхийн гавьяа байгуулсан юм.
Тэрбээр нүүрэнд нь гал бадарсан монгол цэрэг эх нутгийнхаа ширхэг чулууг ч амиараа хамгаалж чаддаг гэдгийг дайсанд мэдрүүлсэн. Эрэлхэг хилчний “Хэдий тэнгэрт хальсан ч эх орон, дархан хилтэйгээ үүрд хамт” гэдгээ илэрхийлж буй мэт эрс шийдэмгий харцтай нүдэнд дулаахан зургийг хүндэтгэн дээдэлдэг нь ийм учиртай.
Цэргийн байранд торгон хилийн шөнийн манаанд үүрэг гүйцэтгэсэн хилчид тайван амарцгаана. Манаанд яваагүй цэргүүд дүрэмт хувцсаа янзалж, шинэхэн захны цав цагаан давууг нямбайлан оёж, нормын гутлаа толь мэт гялтайтал зүлгэж сууна. Зарим байлдагч “Эх орны манаа” сонины шинэ хуучин дугаарын хуудас бүрийг нүд тогтоон дөрвөн зүг найман зовхист буй хилчдийн амьдралын шинэ содон мэдээг шимтэн уншина.
Ганц хоёр байлдагч өдрийн амралтын цагаараа хоолойн товчоо задгайлан захны цагаан давуугаа гялалзуулан сууж, захидлын ганцхан дугтуйд цэргийн амьдрал, эх орны амар тайван байдал, хайртай бүхнээ маш ихээр үгүйлэн санаж уулзах өдрөө хуруу даран тоолон хүлээж буйгаа ар гэртээ нүдэнд харагдтал бичнэ.
Захидлын хариугаа хоног тоолон хүлээж буй цэрэг эр энгэрийн халааснаасаа нугалаасаараа мөдхөн урагдах дөхсөн хуучин захидлаа авч нүүрэндээ инээмсэглэл тодруулан ахин дахин уншиж, захидалтай хамт ирсэн фото зургийг баясгалантайгаар тогтуун ширтэж, дараагийн захидлаа сэтгэл догдлон хүлээнэ.
Заставт шуудангийн машин ирэхэд захидал хүлээсэн цэргүүд гүйлдэн ирж “Надад захиа байна уу? гэхэд, шуудангийн жолооч “Тийм ээ, чамд захидал ирсэн” гэдэг үг хэлэхийг хүлээж буй мэт номхон зогсоно.
Шуудангийн жолоочоос захидал авсан цэргүүд магнай тэнийн баярлаж, захидлын маркийг дурсгал болгон хадгалахаар ямар ч өөгүй эвлэгхэн хуулан авч энгэртээ хадгалж, захидлаа амьсгаа даран уншиж эхэлнэ. Цэргүүдэд ар гэр, хайртай бүсгүйгээс нь захидал ирнэ гэдэг бол тэднийг хэсэгтээ л жаргалтай, хөл газар хүргэхгүй баярлуулдаг чухал үйл явдлын нэг.
Харин захидал ирээгүй нь дурамжхан зогсоход шууданч тэднийг аргадах гэж “Нөхөр байлдагч та гуниглах хэрэггүй. Таны захидал замдаа яваа. Удахгүй ирнэ” гэж цэргүүдийг тайвшруулж мөрөн нь дээр алгадна.
Жагсаалын талбай дээр хилийн манаанд явах хилчид даргаасаа үүрэг авч, “Дархан хилийн манаанд алхаад марш” тушаалаар торгон хилийн зүг ямар адал явдал тохиох бол гэсэн шиг эр зоригтойгоор мориндоо мордоцгооно. Манааг дагалдан явах мөрч нохой эх нутагт минь харь хүний үнэр, мөр бий эсэхийг шинжиж буй мэт газар шиншлэн шогшино. Хилийн нохой гэдэг албандаа хүн мэт үнэнч амьтас. Тэд эзэндээ үнэнч, сонор соргог тул манаанд гарсан цэрэг нэг их хүчтэнтэй хамт яваа мэт омог бардам байх нь бий.
Хилчин ноход эзнийхээ ямар ч командыг ягштал биелүүлдэг. Хил зөрчигчийг тасралтгүй 12 цагийн турш мөрдөж илрүүлсэн, буу, хутганы хүнд шарх авсан ч түүнийгээ үл тоон хил зөрчигчтэй амь насаа үл хайрлан тэмцсээр саатуулсан нохой ч бий. Амьтад хүртэл хилээ манах үүрэгтээ үнэнчээс үнэнч байдгийг тэд үнэхээр мэдрүүлнэ.
Хилчин нохойн ач тус заставт тун ч их. Хил зөрчигч илрүүлэх, цасан шуургатай үед малтайгаа төөрсөн малчдыг эрж олох, хилийн шугаманд хэт ойртсон малыг буцаахад туслах гээд тэдний гавьяаг үнэлээд баршгүй.
Хилийн алба бол улсын дархан хилтэй холбоотой хүн болгоны эв найр, чин шударга зүтгэлээр амилж байдаг үйлс бүтэмжтэй тунгалаг алба. Застав бол яг л өнөр айл шиг халуун ам бүл. Нэгнээ гэсэн сэтгэлээр дүүрэн, жаргал зовлон бүхнээ хуваалцана. Нэгнээсээ нуух, нэрэлхэх зүйл тэдэнд үгүй. Заставт сэтгэл зүрхнийхээ дуудлагаар очсон хүмүүс л алба хаадаг. Амьдралын нөхцөлийн хувьд хот суурингаас алслагдмал учир бэрхшээл байх нь бий.
Хот хүрээний зочид “Заставт нэг ч хонож чадахгүй юм байна” хэмээн ямбалж бушуу буцахын түүс болно. Хилчдийн амьдрах чадвар, орчиндоо дасан зохицох тэсвэр хатуужил үнэхээр сайн. Монгол хүн эх орныхоо төлөө хаана ч амьдарч чаддаг гэдгийг тэднээс л харж болно.
Зуны уртад заставынхан чөлөөт цагаа биеийн тамирын талбай дээр өнгөрүүлж, ихэвчлэн гар бөмбөг тоглоно. Энэ нь цэргүүдийг хоорондоо эвтэй, багаар хамтран ажиллах хүмүүжил олгоход тустай. Залуу насаараа гайхуулсан хилчин офицер, цэргүүд савлуур дээр соонс эргэж, модон морин дээр малгай өндөрлөж шувуу мэт нисэж баясалдан хөөрөх нь цэргийн албаар бахархах сэтгэлийг эрхгүй төрүүлнэ. Бас цэргүүд адуу малаа адуулж, гүүг сааж айраг исгэн эмнэг хангал сургаж монгол хүн гэдгээрээ бахдаж ядна.
Заставын үдэшлэг цэргүүдийн амьдралд мартагдашгүй өдрийн нэг болон хоногшин үлддэг. Офицеруудын гэргий эмэгтэйчүүд үдэшлэгийг чимэж, баян хуур хөгжмийн цээл яруу аялгуунд цэрэг эрс байшингийн шалыг доргитол бүжиглэх нь тэдний залуу насны ааг омгийг илтгэнэ.
Хилийн заставт аж төрж буй хүүхдүүд эх орныхоо төлөө чин зүрхнээсээ цохилох хүмүүжилтэй болж өсдөг нь үнэхээр биширмээр.
Заставын буйдхан хашаанд нүднээс нь инээд баясал, аз жаргал гэрэлтсэн, жаалууд инээлдэн гүйлдэх нь бүхнээс содон. Хилчдийн хүүхдүүд дархан хилийн торгон цэрэг адил амьдралынхаа жаргалтай балчир насыг цэргийн хуаранд өнгөрүүлсэн дурсамжаар дүүргэдэг.
Тэд цэрэг бүрийг нэр зүсээр нь андахгүй. Цэргийн байр гэр хоёрын зуур ганц хоёр боорцог, чихэр зөөж амьсгаадан гүйлдэх нь жаалуудын дуртай ажлын нэг. Цэргийн дарга нарын хүүхдийн тоглоомд байлдаж тоглох заавал багтана. Хүүхдүүд газар тэнгэрдэх, эсвэл хуруудаж хоёр талцаад байлдах талбай руугаа модон буугаа барьсаар тарж гүйлдэнэ. Дайсны тал болсон хөвгүүд цаанаа л дурамжхан. Бушуухан ялагдаж “Манай тал больё” гэсэн сэтгэлээр тоглоно.
Дайсны талд болсон зарим хүүхэд “Би тоглохгүй” гэж хошуугаа цорвойлгон бусдаараа аргадуулж, манай тал болох гэж толгой унжуулан газарт сууна. “За за тэгвэл чи манай тал бол” гэж эрх хүүгийн саналыг бүгд зөвшөөрөхөд нүд нь сэргэж дайсан болоогүйдээ хөөрч ийш тийш харайн гүйнэ. Энэ хэдий тоглоом ч гэсэн монгол эр хүн эх орныхоо эсрэг хэзээ ч хүйтэн сэтгэл өвөрлөж явдаггүй гэсэн монгол хүний дотоод ертөнц, төрөлх зөн билгийг тодоос тод харуулах бодит жишээ.
Бас тийм жижигхээн зүрхэнд эх орноо хайрлах тийм том хайр багтдаг гэхээр л өмнөөс нь догдолж бахархмаар. Манай талын хөвгүүд “Да, да, да. Чи үхсэн шүү” гэж дайсныг нүд ирмэх зуур буудаж “Ура манай тал яллаа” гэж хөөрнө. Үүний мөн чанар нь монгол эр хүн ямар ч тулаанд заавал ялах ёстой гэсэн эрэмгий байдлын илэрхийлэл болно.
Заставт алба хааж буй хилчин офицеруудын гэргий болсон эмэгтэйчүүд айл гэрийн бүсгүй хүн, хүний хань, хүүхдийн ээж төдийгүй цаг ирвээс буу мөрлөж, сэлэм жад атгаж зоригтон болсон байдаг. Тэд хилийн заставт угаагч, оёдолчин, ариун цэврийн зааварлагч, тогооч, холбоочин гээд чухал ажлыг хариуцна. Хилчин офицер хаана л томилогдоно эхнэр хүүхэд нь ч тэр газарт “мэдлээ гүйцэтгэе” гээд ажиллах болно. Ийм нөхцөлд өөрсдийгөө дасгана гэдэг сэтгэлийн их тэнхээ юм.
Торгон хилийн заставт амьдарч буй гэр бүлд ирээдүйн хамгийн шилдэг эх орончид, дархан хилийн манаачид бэлтгэгддэг. Яагаад гэвэл хилийн застав бол хүүхдүүдийн хувьд эх оронч байхыг, эх нутаг, нүүдэлчин ахуй, монгол ахан дүүсээ хайрлаж хамгаалахыг сургадаг дэлхийн хаана байхгүй тийм л онцгой сургууль билээ.
Хилийн заставын хамгийн чухал ажлын нэг бол байлдааны хуваарь. Энэ үйл ажиллагаанд бие бүрэлдэхүүн бүгд оролцоно. Хэн ямар гавьяа байгуулсан ямар дутагдал гаргасан, хэн хэн хилийн аль чиглэлд манаанд явах, хилийн зөрчил гарч болзошгүй чиглэл гээд хил хамгаалалтын үйл ажиллагааг бүхэлд нь дүгнэж танилцуулна.
Зарим өдөр хилийн манаанд онцгой гавьяа байгуулж орон нутгийн чөлөөгөөр шагнуулсан цэргүүдийн тушаалыг танилцуулахад хэдхэн хоног ч гэсэн нутагтаа очих болсон цэрэг хөл нь газар хүрэхгүй хөөрч догдолно. Чөлөөгөөр шагнуулсан цэргийг заставын дарга яг л хүүгээ гоёж буй мэт нугалаас нь арилаагүй шинэхэн парад хувцас, шинэхэн шинель өмсгөж, шуудангийн машинд суулгаж нутгийнх нь зүг үдэж явуулна.
Эх орноо хамгаалах үүргээ нэр төртэй биелүүлж, энгэртээ “Онц хилчин” тэмдэг гялтагнуулж, аав ээждээ золгож үнсүүлнэ гэдэг бол хилчин цэрэг бүрийн мөрөөдөл юм.
Байлдааны хуваарийн дараа оройн тоо болно. Цэргүүд нэгэн дуугаар
Дэлгэр Монгол орноо
Магтаж бид нар дуулахдаа
Тэнэгэр сайхан жаргалаа
Бахдаж заавал оруулдаг
Амьдралын хамаг жаргал нь
Эрх чөлөөндөө байдаг
Аль тэр чухлыг нь
Ард бид нар эдэлдэг” хэмээн эх орноо магтан дуулцгааж цэргийн байрны зүг жагсаалаар алхаж, амарцгаана.
Газар хүн хоёр дасчхаараа хагацахад тун бэрх. Зүрх сэтгэлээрээ таньж мэдэрсэн тийм газраас хүн явахад хэцүү. Эх орны албанд ээлж бий гэж эрчүүд ярьдаг. Заставт шинэ цэргүүд ирэх, хуучин цэрэг халагдах гээд онцгой үйл явдлууд тохионо.
Халагдаж буй цэргээ үдэх нь заставын бүрэлдэхүүнд бахархалтай бас гунигтай. Халагдах тушаалаа сонссон цэргүүд буу зэвсэг, ор дэр гээд цэргийн алба хаах хугацаандаа хэрэглэсэн эд зүйлээ тоо ёсоор хүлээлгэн өгдөг. Зарим нь унаж байсан хүлэг морьд гээд хайртай бүхнээ сүүлийн удаа харж буй мэт гуниглана. Цэргүүдийн торгон хилдээ, заставтаа хорогдож буй нь цаанаа л илт.
Энэ дундаас нохой сурагч цэрэг хилчин нохой хоёрын салах мөч хамгийн сэтгэл хөдөлгөм. Нохойн үйл явдлыг мэдрэх танихын эрдэм үнэхээр гайхалтай.
Мөрч нохой эзнээ орхиж явж буйг мэдэрч, байдаг чадлаараа эрхэлнэ. Харин эзэн нь “Эрхэм дотны анд минь баяртай. Албаа сайн хаагаад сайн сууж байгаарай. Намайг санаж болохгүй шүү” гээд нохойныхоо магнайг зөөлөн илж, нулимсаа барьж ядан байн байн эргэн харж холдон явахад нь хилчин нохой уяан дээрээ эцсийн тэнхээгээрээ үсэрч гийнан гаслаж, арга буюу уяандаа дийлдэн яаж ч чадахгүй гэдгээ мэдэрсэндээ нүдэндээ нулимстай хоцорно.
Элдэв гоёлгүй, цэргийн дүрэмт хувцсаа ном журмынх нь дагуу өмссөн жавхаалаг цэрэг эрс дарга нартаа үнсүүлж, халааг нь авч буй дүү нараа чанга тэвэрч,торгон хилийнхээ тэнгэрийн хаяаг ширтэн “Цэнхэр орны минь хилийн тэнгэр үргэлж цэлмэг байг. Дархан хил минь мөнх оршиг” гэж дотроо залбирч, ГАЗ-66 машины тэвшин дээр сууцгааж заставаа гурав тойрч, “Застав минь баяртай” дууг хацраа норгон дуулцгаана.
Энэ дууны “Миний сайхан монгол нутгийн мөнхийн дархан хил минь баяртай” гэдэг үгс цэргүүд торгон хилдээ ямар их дассаныг, ямар их хайртай болсныг зүрхэнд нь хүртэл мэдрүүлж самсаа шархируулна. Цэргийн албанд ирээгүй бол ийм гайхалтай зүйлийг хаанаас ч мэдрэхгүй байх байсан гэж бодогдуулахаар.
Дархан хилдээ алба хаасан он жилүүд бол хилчин дайчдын хувьд амьдралынх нь үнэ цэнтэй дурсамж болж үлддэг юм.
АЛТАЙН ХӨХ ӨВГӨН
Заставаас холгүйхэн сүндэрлэх суварга уулсын хаяанд чандмалан буусан гурван гэрийн өрх намрын нөмгөн салхинд дэвэлзэж, яндангаар нь аргалын хөх утаа үл мэдэгхэн савсана.
Бараанаас нь хээрийн боохой ч сүрдэм тугал шиг биетэй үс зогдроо унжуулсан монгол банхар хотоо эргэн газар шиншилж шогшино.
Хаяадаа хол ойрын чимээ сонсож “Би Алтайн цэнхэр нутгийн манаач” гэсэн шиг баргил дуугаар хуцах нь хадны цуурай болж бүхний сонорт хүрэх ажээ.
Намрын будан тэргүүнд нь зууралдсан сүрлэг уулсын хөвөөгөөр таван зүйлийн мал өвсний соргог, усны тунгалгийг даган бэлчих нь хөдөө нутгийн намрын үзэсгэлэнг тодоос тод харуулна.
Өндөр Алтайн баруун хаяанд удам залган голомтоо бадраасан Даш гуай өөрийгөө уулсын эзэнд тооцно. Хар багад нь тэнгэрт гарсан эцгийнх нь нөмрийг өдий хүртэл хадгалсан суварга уулстаа амин хайртай гэж жигтэйхэн. Намба төрх нь хүртэл уулсын нөмөртөө багтаж цөхсөн гэмээр ихэмсэг.
Нас сүүдэр дал гарч яваа ч тун цэгцтэй ойтой. Залуудаа улсын тэргүүний анчин гэгдэж явсан түүнд үзэж хараагүй зүйл ховор. Ардууд Даш гуайг сайхан монгол хүний бүх шинж бүрдсэн хүн гэцгээнэ. Алтайд төрж өссөн болохоор хүн таньж, газар мэдэх талаар хэнийг ч дагуулахгүй. Нутаг усаа жинхэнэ эзний ёсоор мэддэг, хил хязгаарын амьд толь болсон хүн.
Тэрлэг нь гандсан алтайн хөх өвгөн өглөө эртлэн босож тэнгэрийн хаяа ширтэн “Босоо заяат эх орны минь дархан хилд амар амгалан бүхэн оршиг. Хан Алтайн суварган цэнхэр уулс минь нутгийн минь зон олныг хайр ивээлдээ мөнхөд багтааж хайрла” гэж сүсэглэн залбирахад уулс сонсож буй мэт хэсэгхэн зуур бүх зүйл нам гүм оргих аж.
Даш гуай монгол малчны ёсоор өдрийн өнгөө шинжиж, хол ойрын бараа ажихад заставын зүгээс бүхээгтэй ногоон “66” тоос татуулан гэрийнх нь чигтэй ирж яваа харагдана. Өвгөн зочдын хэрэг зоригийг төвөггүйхэн тааварлаж “Застав шинэ даргатай болсон гэсэн. Тэр хүү л байх” гэж бодоод гэртээ буцан орж хоймортоо завилан суув. Тэгснээ амнаасаа бараг салгадаггүй гаансаа нэрэн шуналтай нь аргагүй сорж, хэдэнтээ бөгшүүлэн ханиалгаж, үнсийг нь монгол гуталныхаа уланд цохиж, хэд хий сороод гутлынхаа түрийндээ шургуулчихав.
Машины чимээ ойртоход хотны манаач монгол нохой сүүдрээ ноцох шахан омогшиж машин дагаж хуцаж давхисаар гэрийнхээ гадаа ирснээ гэнэт тайвшрав бололтой “Цэргийн хүмүүс хоточ банхар хоёр эх орон, ард олноо нүд цавчилгүй үнэнчээр манадаг. Би та нарт муухай ааш гаргаж, хор хүргэх ёсгүй” гэсэн шиг гэрээс холгүй чулуугаар өрсөн малын хашааны сүүдэрт очоод тухалчихав. Амьтан хүртэл хүний үнэрээр дотоод сэтгэл, сайн мууг нь мэдэрч аашаа хувиргадаг юм болов уу гэсэн ер бусын мэдрэмж төрүүлэхээр.
Цэрэг хувцсыг сүрдмээр өмссөн нүдэнд дулаахан нуруулаг бор офицер машинаасаа бууж, гялалзтал тосолсон хромон гутлаар өвс хиржигнүүлэн яаралгүй алхсаар гэрт оров. Гэрт ороход өөдөөс аргалын утаа, айраг цагааны үнэр хамар цоргин үнэртэж, зуухан дээр загсаасан өрөм нарны туяа шиг шаргалтах нь монгол хүнд цаанаа л нэг дотно.
Заставын дарга гэрийн хойморт ханхайн суух хөх өвгөнтэй “Амар сайн байна уу? Сүрэг тарган өнөтэй сайхан намаржиж байна уу? Би заставын шинэ дарга ахмад Соёмбо байна” хэмээн жавхаалаг хэрнээ зөөлөн хоолойгоор нүүрэндээ инээмсэглэл тодруулан мэндлэхэд өвгөн ч монгол ёсоор бэлгэ дэмбэрэлтэй цөөн үгээр хариулж, Хүүхдүүд дээшээ сууцгаа! гэж уриалгахан өгүүлээд хоймортоо буй жижиг модон ширээнд урьж суулгаад идээнийхээ дээж, ундныхаа сайхныг ширээн дээр өрж зочноо дайлав.
Өвгөн айргийн тос хөвж шаргалтсан аягатай цайгаа авч аажуухан оочлох зуураа ахмадыг шинжсэн хацраар гүйлгэн харж амжив бололтой сая ам нээж заставын даргатай аар саархныг хүүрнэн, ширээн дээрх тавагтай шинэхэн өрөм, тос даасан зузаан бор ааруулаас амсахын төдий иднэ.
Даш гуай барагтай юмыг нууж чадах атал хил хязгаарын байгалийн онцлог, бартаа саад, харь хэлтний хил зөрчих санаа зорилгыг заставт шинээр ирсэн дарга нарт үндэс язгуураас нь хөөн ярьж, утгыг тайлж өгнө. Өвгөн заставын дарга хоёрын хооронд ийн яриа өрнөв.
Соёмбо: -Хил хамгаалах туслах хүчний гишүүн, онц хилчин танд улсынхаа дархан хилийн төлөө манай байгууллагатай 50 гаруй жил хамтран ажиллаж буйд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Эх орон ард түмнээ гэсэн чин сэтгэлээр хил хамгаалалтад онцгой гавьяа байгуулж олон хил зөрчигчийг илрүүлсэн таниар бид бахархаж байна.
Шинээр томилогдсон заставын дарга нар хил хамгаалалтыг зохион байгуулахдаа туслах хүчний гишүүдтэй ярилцаж, тэдний санаа бодол, мэдээллийг сонсох маш чухал байдаг. Та надад нутаг орныхоо байгалийн онцлог, анхаарах зүйлийн талаар ярьж өгөхгүй юу” хэмээн офицер цүнхнээсээ зузаан бор дэвтэр, сумтай цагаан үзэг авч хашир өвгөнийг юу ярих бол гэсэн шиг өөдөөс эгцлэн ширтэв.
Даш гуай: -Монгол хүн бүр эх орондоо халуун хайртай. Миний хувьд хязгаарын цэрэг гэдэг их айлын ам бүлд багтаж, хамтран ажиллаад 50 гаруй жилийг үдэв. Цэргийн та нарын амьдралаар бол хоёр удаа тэтгэрт гарах хугацаа гэсэн үг. Эх орон амар тайван байвал монгол хүн бүр амгалан байна шүү дээ. Хүүхэд байхдаа малаа хариулж яваад хятадын талаас хоёр хүн хил давж орж ирснийг илрүүлж заставт мэдэгдэж саатуулж байсан юм. Энэ цагаас хойш л эх орныхоо төлөө мөнхийн харуулд зогсох болсон.
Эх орноо хайрлах хайр бол ширхэг чулууг ч байрнаас нь хөдөлгөхгүй байхаас эхлэх ёстой. Аав минь намайг бага байхад ингэж сургадаг байв. Манай Алтай нутгийн байгаль онцгой содон, эрс тэс уур амьсгалтай. Өндөр уулстай, өвөлдөө цас их орно. Тэгэхээр өвөл хаврын улиралд ялангуяа Ёлтын чиглэлд онцгой анхаарах ёстой. Учир нь “Ёлт” бол ховор амьтдын уугуул нутаг.
Хил зөрчигч гэх хар бодолтой, харь элэгтэй хүмүүс манай хилчин цэргүүдийг өвлийн хүйтэнд тэнд очиж чадахгүй гэж басамжилдаг уу бүү мэд. Тэр хавиар ёстой нэг бужигнуулж дураараа дургидаг гэсэн саяхны мэдээ байна.
Тэд бугын жимд тэсэрч дэлбэрэх бодис тавих, хоолойг таслах зориулалтай төмөр утас уях зэргээр хөнөөж, эвэр бусад эд эрхтэнийг нь авч оддог гэсэн.
Өвөлдөө манай талаас Ёлтыг давах боломж тун хомс. Манай отряд 5 сард цас хайлахаар л очдог гэж дуулсан. Арай залуу байсан бол муусайн хогнуудыг ёстой нэг болгоод өгмөөр гэж ууртаар санаа алдав.
Соёмбо: -Таны яриа надад “Өглөө босоод өмнө зүг хар. Тэнд тангуд улс буйг бүү март” гэдэг их эзэн хааны минь үгийг улам санаж ажиллахыг анхааруулж байна. Ямар ч хилчин хүн эх орныхоо төлөө амь бие үл хайрлан зүтгэнэ гэж хэзээ ч буцаж үл болох тангараг өргөдөг.
Эх орны төлөө бол бид юунаас ч шантрах ёсгүй. Бид чинь ширхэг чулаагаа ч хамгаалах үүрэгтэй улс шүү дээ. Миний эх оронд ямар ч харь хэлтэн дураараа дургихыг би хэзээ ч зөвшөөрөхгүй. Зүрх сэтгэлээсээ хайрлахгүй юм бол “Эх орон” гэж мянга хашхираад яах юм вэ. Бидний өвөг дээдэс халуун элгэндээ тэвэрч хамгаалсаар ирсэн шүү дээ” гэсэн залуу даргын эрс шийдэмгий зоригтой харц, чин сэтгэлийн эх оронч яриа өвгөний хурц хараанд тусаж сэтгэлийн гүн дэх эх орноо харамлах хайрыг эрхгүй огшуулав.
Өвгөнд заставын дарга залуу хүн гэхэд аливаад ноён нуруутай хандаад сурчихсан, шулуун шударга төрх нь ихэд таалагдав бололтой дотроо бузгай урамшиж мушилзан инээж, илүү үг хэлж энэ хүнийг үргээвзэй гэсэн бодол төрж, түүнийг гүнээ хүндэтгэнэ.
Даш гуай: -Та нар шиг залуу байхад галзуу барын аманд гараа хийхээс буцахгүй явсан үе байсан. Хилчин хүнд эх орноо хайрлах сэтгэл зориг тун ч чухал. Зоригоор дутуу олон даргын нүүр үзлээ. Хүний хэлснийг сонссон мэт болоод л өнгөрдөг. Уг нь бие тэнхээ гайгүй бол залуус та нарыгаа газарчлаад яваад ирмээр санагдаж байна шүү гэхэд
Соёмбо: -Эх орны төлөө гэсэн сэтгэл байхад бүх зүйлд арга олдоно. Таны ярьсан байгалийн саадыг хэцүү гэж шантраад, хойш суун хилчин нэр зүүгээд өрөөндөө суугаад байвал хэн ч хэзээд үл давж чадна. Харь хэлтнийг улсынхаа хил давуулчхаад хамаг ан амьтнаа хядуулаад би лав бүтэн нойртой байж чадахгүй.
Таны энэ яриа намайг “хүнд сорилтод бэлтгэ” гэсэн улаан пуужин мэт санагдаж байна шүү. Ер нь нь эртнээс бэлтгэж байгаад тэр бэрх давааг даваад үзвэл ямар вэ? Сайн газарчинтай байхад манай цэргүүд ямар ч бэрхшээлийг туулахад бэлэн гэхэд
Даш гуай: -Хүү минь ярих амархан. Хийх амаргүй. Ах нь нутагтаа энэ нутгийнхаа хэдэн уулсын зам харгуйг нэлээн сайн мэддэг хүний тоонд орно шүү. Энэ бол миний аавын надад өвлүүлсэн чухал эрдэм. Төрөлх нутгийнхаа хаана юу байгааг мэдэхгүй бол энэ нутагт амьдраад хэрэг байна уу? гэж ёжтойхон инээхэд
Соёмбо: -Бид ирэх оны 3 дугаар сард Ёлтыг давна гэсэн бэлтгэлээ маргаашнаас хангаж эхэлье. Та бидэнд газарчилж өг. Бидэнтэй хамт явахад эрүүл мэндийн талаас харшлах зүйл бий юу?
Даш гуай: -Ах нь далан нас хүртлээ хамрын ханиад ч хүрч үзсэнгүй. Энэ бол Алтай нутгийн минь байгалийн сайхны өглөг хишиг. Эрүүл саруул агаар ус гэдэг чинь хүнд хамгийн сайн эм болдог юм байна. Хааяа даралт хэлбэлзэхээс биш, бусдаар эх орны төлөө бол та хэдийн урд л алхах байх шүү гэж хашир туршлагатай зангаараа омогшин ярихад
Соёмбо: –Үнэхээр тийм бол сайн хэрэг. Та бидний луужин болж Ёлтын руу явж харь хүний олзтой ирвэл ч гэж зоригтой дуугарахад
Даш гуай: -Чи их эрэмгий залуу юм. Би чамд туслахыг бодьё. Олон зам судалъя. Та хэд дулаан хувцас хунар, ачааны сайн морьдоо бэлд. Монгол эр хүн морьтойгоо байхад алзахгүй шүү дээ. Ялангуяа Ёлтын чиглэлд цас их ордог, машин техникээр явах ямар ч боломжгүй туд уналгын морь их хэрэг болно. Бас шилдэг цэргүүдээ бэлд.
Гурван сар хүртэл овоо хэдэн сар байна. Би ч биеэ бэлдье. Эх орон надаар юу ч хийлгэсэн би баярлана. Би эх орондоо хайртай хүн бүрийг бүгдээс хайрлаж хамгаална. Харин эх нутагтаа хайргүй золигнуудыг харахаар нүд хорсоод байж суухаа олж ядаад байдаг их хэцүү болдог муухай ёхир ааштай хүн дээ.
Соёмбо: -Танд их баярлалаа. Таны зөвлөгөөний дагуу бүх зүйлээ бэлтгэнэ гэж суудлаасаа босож, өвгөний гарыг чангаар атгаж гэрээс гарч машиндаа сууж заставын зүг хөдлөхөд өвгөн залуу даргын эх орныхоо төлөө гэсэн омголон зоригтой, авхаалжтай сэргэлэн зангаар бахархан барааг нь тасартал ширтэж зогсов.
ЭХ ОРНЫ МАНААНД
1993 оны 03 дугаар сарын 9-ний өдрийн өглөөний 09.00 цаг. Энэ бол хилийн манаанд явах хилчдийн хүсэн хүлээсэн өдөр байлаа.
Заставын дарга ахмад Соёмбоор ахлуулсан, түрүүч Батжаргал, байлдагч Очир, Ганхүлэг, газарчин Даш нарын бүрэлдэхүүнтэй хилийн манаа хятад иргэд манай хилийг зөрчсөн байж болзошгүй 19 дүгээр баганы чиглэлд үүрэг гүйцэтгэхээр торгон хилийн зүг хөдлөв. Тэд ачаагаа гэж цэргүүдийн дунд ямар ч бартаа саадыг ажирахгүй туулдаг гэдгээрээ алдаршсан “Ачааны хар”, “Манааны хээр” гэдэг морьдод ачжээ.
Манааны морьдын явдал нь эх орны төлөө л бол ямар ч саадыг туулна гэсэн шиг толгой хаялан цас бургиулан ихэмсэг алхана. Монгол адуу тал нутгийн эрс тэс уур амьсгалд зохицсон, туулах чадвар сайтай, тэвчээртэй, бага хооллодог, өөрийгөө амрааж чаддаг гэдгээрээ мөн ч онцгой. Монгол морь эх орон, газар нутгийнхаа төлөөх ямар ч тулаанд монгол хүнийг үргэлж ялалтад хүргэж байсан түүх олон бий.
Хилчдийн очих төлөвлөгөөт газар болох ”Ёлт” хэмээх газар хилийн заставаас 90 км зайтай улсын хилийн торгон шугам юм. Туулах зам байгалийн саад ихтэй, цасны зузаан 1 метр, ууландаа 3 метр хүртэл зузаантай. Цаг агаарын байдал тун ч тогтворгүй. Нүүр нүдгүй цасаар шуурах нь ердийн үзэгдэл. Ийм хүнд нөхцөлд хилийн манаанд 10 хоногийн хугацаатай үүрэг гүйцэтгэнэ гэдэг, монголын төлөө цохиолох чин зүрхтэй эрчүүдийн эр зориг, тангаргатаа үнэнч эсэхийг шалгасан амаргүй хүнд сорилт билээ.
Хилчид өглөөний 11 цагаас эхлэн “Ёлт” руу хүрэх замын эхний хүнд даваа болох “Хэцүүгийн даваа”-г туулах болов. Ямар хүнд дайралт болох нь давааны нэрээс ч тун тодорхой.
Тэд ачааны морьдыг дарга цэрэг гэлтгүй ээлжлэн хөтөлж, зам мөр гарган явахад монгол морьдын хүч тэнхээ эх нутгийнхаа төлөө харамгүй гардаг гэдгийг харуулж буй мэт зүтггэх нь үнэхээр бахархмаар.
“Хэцүүгийн даваа”-г давах 7 цаг орчим туулж давахад тун ойртоход нар аль хэдийн шингэж, ноёлог хангайн уулс сүндэрлэн хүйтэн жавар улам нэмж байлаа. Энэ үед цэргүүдийн нэг нь “Нөхөр ахмадад илтгэе. Өмдний гуяа хэсгээр нороод жиндэн тэсэхэд тун бэрх боллоо. Их л тэслээ” гэхэд ахмад орой нь харагдах жижиг хадан дээр сууж даварлаж өмссөн дотуур өмднийхөө нэгийг тайлж цэрэг хүүд өгч, цэргээ түр ч болов дулаан байлгах гэж хичээнэ. Энэ нь монгол хүний ядарч зүдэрсэн үед өөртөө бус бусдадаа туслахыг чин сэтгэлээсээ эрмэлздэг занг бодитоор харуулж байлаа.
Залуу дарга цэргүүдээ ядарч буйг ихээр мэдэрч “За дүү нар минь аливаа зүйлийг эхлэх тун ч хэцүү. Харин эхэлчихсэн байна гэдэг бол бараг л дуусаж байна гэсэн үг. Монгол орон, ард түмнийхээ төлөө зүтгэдэг хүнээс муу бүхэн хол байдаг гэж миний багад аав минь сургадаг байлаа. Бид эх орноо амар тайван байлгахын тулд хүнд бэрхийг туулж байна. Залуус минь хамтдаа урагшаа” гэхэд цэргүүдийн цусан дахь монгол хүний дайчин зоримог, эх нутгийнхаа төлөө яахаас ч буцахгүй өөр үндэстэнд бараг байдаггүй онцгой чанарууд тодоос тод илэрч, монгол цэрэг хэцүүг туулахад үргэлж бэлэн гэдгээ үйлдлээрээ харуулж байлаа.
Хилийн манааны бүрэлдэхүүн замын бэрхээс биеийн хүч тамир шавхагдаж ядарч явсаар Хэцүүгийн давааг давж цааш 5 цаг гаруй цас шуурганд явсаар шөнө дундын үед Ёлтод арайхийн ирэв. Хилчид модны ёроолд гал түлж, аяны богцоо задалж, айргийн цагаан тостой бор цайн дээр чанасан мах огтлон идэцгээн түр боловч дулаацан, өвлийн тэсгим хүйтэнд аргагүйн эрхэнд цас малтан хоноцгоож, маргааш өглөөний ургах нартай арайхийн золгов.
Хилчид өглөө эртлэн босож хилийн 19 дүгээр баганы чиглэлд нууц манааны үүрэг гүйцэтгэхэд БНХАУ-ын талаас цанатай дөрвөн этгээд манай нутаг дэвсэрт хаана нь юу байна гэсэн шиг шиншиж яваатай нүүр тулчихав. Нутгийн эзэдтэй нүүр тулсан хятадууд сандралдан харь хэлээр шулганалдан тал тал тийш зугтаахыг оролдоход хилчид тэдний толгой дээгүүр автомат буугаар тачигнуулан төвөггүй бүслэн саатуулж, байгалийн ямар ч хүнд нөхцөлд монгол нутаг эзэнтэй, манаатай байдаг гэдгийг ойн тойнд нь мартагдахгүйгээр сануулав.
Манааны бүрэлдэхүүн хил зөрчигчдийг саатуулж эхний тайлбар авахад тэд “... Бид танай нутгаас буга агнаж эврийг нь авах зорилготой ирсэн. Манай нутагт бугын цусан эвэр үнэд орж байгаа. Монголын хилийн хэсэгт цас их ордог тул өвөлдөө танай талаас хилийн манаа байдаггүй гэж сонсоод дөрөвүүлээ орж ирсэн. Хэрэв бид нутагтаа баригдахгүй очвол дахиад олуулаа орж ирж эмийн ургамал, бугын эвэр түүж, ховор ан агнах төлөвлөгөөтэй байсан гэж мэдэгджээ.
Хилчид хил зөрчигчдийн дунд тагнуулчид орж ирдэг гэдгийг андахгүй. Иймээс тэд байцаалт мэдүүлэг, үзлэг нэгжлэгийг тун нарийн хийдэг журамтай.
Заставын дарга өөрийн биеэр хил зөрчигчдийн биед үзлэг хийхэд казах хэлээр сайн ярьдаг гэх уйгар гаралтай хятад иргэний хүрэмний дотор талын нууц халааснаас уг этгээдийн зурагтай манай улсын иргэний үнэмлэх, гадаад паспорт гарч ирэв.
Харь хүний өвөрт огтоос байх ёсгүй төрийн алтан соёмботой бичиг баримтыг хаанаас олсон талаар асуухад уг этгээд “...Намайг Шинжааны Алтай аймгийн хорих лагерьт хоригдож байхад өөрсдийгөө тагнуулын ажилтнууд гэж танилцуулсан хоёр хүн ирж уулзаад “... Чи Монголын нутаг дэвсгэрт энэ казах нэртэй бичиг баримтаар очиж суурьшаад бидний зааврын дагуу тагнуулын мэдээ, мэдээлэл цуглуулж ажиллана.
Хэрэв монголчуудад баригдахгүй даалгавраа амжилттай биелүүлж ирвэл чиний үлдсэн 3 жилийн хорих ялыг хэрэгсэхгүй болгоно” гэж амлаад, зам зуур идэх уух хүнс, хувцас хунар, миний зурагтай, хуурамч нэртэй танай улсын иргэний үнэмлэх, гадаад паспорт бэлтгэж өгсөн. Би хятад руу буцаж очин, зовж амьдармааргүй байна. Танай улсын иргэн болох хүсэлтэй тул монгол үлдээж өгнө үү? гэж мэдүүлсэн байна.
Хүнд бэрх нөхцөлд эх орноо амар амгалан байлгаж, дархан хилээ хамгаалах үйлсээ нэр хүндтэй биелүүлэн хил зөрчигчийг саатуулсан хилчдийг “Ёлт”-оос буцаж ирэхэд заставын цэргүүд үүрэг гүйцэтгэж онцгой гавьяа байгуулсан хилчдийнхээ эр зоригоор бахархан омогшиж, баяр хөөр болцгоож байлаа.
Шагнал эзнээ олно, тэр тусмаа эх орныхоо төлөө гавьяа байгуулж алдар цол хүртэнэ гэдэг үнэхээр бахархалтай үйл хэрэг.
Дархан хилийн манаанд онцгой гавьяа байгуулсан ахмад Ж.Соёмбо, газарчин Б.Даш нарыг Монгол Улсын ерөнхийлөгчийн 1993 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 99 тоот зарлигаар “Цэргийн гавьяаны одон”-гоор, манааны бүрэлдэхүүнд явсан түрүүч У.Батжаргал, байлдагч А.Очир, С.Далантай нарыг “Онц хилчин” тэмдэг болон орон нутгийн 10 хоногийн чөлөөгөөр шагнаж, хилчдийн гавьяа зүтгэлийг өндрөөр үнэлжээ.
Хилчдэд шагнал гардуулах хүндэтгэлийн арга хэмжээн дээр “Эх орны манаа” сонины сурвалжлагч хошууч Ж.Баяр онцгой гавьяа байгуулсан хилчдээс хүнд хэцүү нөхцөлд гүйцэтгэсэн үүргийн талаар сурвалжилж “Уулс нь мөнгөлөг эрс нь өнгөлөг нэртэй” нийтлэл бичжээ. Эрэлхэг хилчдийн гавьяат үйл хэрэг сонингийн нүүрэн дүүрэн нийтлэгдэж, дөрвөн зүг найман зовхист буй хилчдийн гар дээр очиход:
Даш гуайн ”Заставын дарга ахмад Соёмбо “Ёлт” руу явахад газарчилж өгөөч гэж гуйсан. Залуу хүний эх орныхоо төлөө гэсэн тэр их сэтгэл зоригийг мохоогоод яах вэ гэж бодоод зөвшөөрч замд гарсан даа. Морь хээлээ хүртэл цасанд шигдэхээрээ хөшөөд зогсчихно. Энэ үед хажуу тийш нь татаж хэвтүүлээд босгож хөтөлнө. Цасны зузаан 3 метр, давааны эхэнд булаг олонтой болохоор халтираад явахгүй мөн ч зовсон доо.
Заставын дарга, гурван цэрэг бид тавын нүд цасанд цоргиж өвдөөд юу ч харж чадахаа больсон байлаа. Уулын бэлд бууж ирэхэд Соёмбо даргын өмссөн дээлийн бүсэлхийгээс дооших хэсэг тасарсан байж билээ. Энэ явалтаар залуу хилчдийн эх оронч үзэл санаа, эр зориг, тууштай зангаар бахархаж, миний эх орныг ийм сайхан залуучууд манаж байна гэж бодохоор бурхны оронд явахдаа сэтгэл амар явах нь дээ л гэж бодож явлаа.
Монгол залуус морьтойгоо байхад эх орон минь үүрд амгалан байна” гэж ярьсныг уншсан бүхэн тэдний эр зориг, эх орноо хайрлах мөнхийн хайр, хилчин албаараа бахархаж, талархлын үгтэй захидал, баярын цахилгаан мэдээг тасралтгүй илгээж байлаа.
Монгол Улсын дархан хилийг насан туршдаа зүрх сэтгэлдээ тээж, ямагт их хайраар хайрлах тэр гайхалтай хүмүүжлийг олгосон, эх орноо 30 гаруй хил манасан хайрт аав хүндэт хилчин, дэд хурандаа С.Жавхлантсайхан, бүхнээс эрхэм ээж Д. Чулуунцэцэг нартаа зориулав. Эх орны дархан хил мөнхөд оршиг.
Судлаач Ж.СОЁМБО (Москва хот, 16.05.25)