Киев хотын дарга Виталий Кличко өөрийн Telegram сувгаар "Оросын зэвсэгт хүчин Украины нийслэл Киев хотод баллистик пуужингийн цохилт өгсөн" гэж мэдээлжээ. Түүний мэдээлснээр, тухайн үед нийслэл хотын дээгүүр агаарын довтолгооноос хамгаалах систем (ПВО) ажиллаж байсан аж.
Киевийн хэд хэдэн дүүрэгт цохилтын ул мөр илэрчээ
Киев хотын Голосеевский дүүрэгт хоёр өөр байршилд цохилт бүртгэгдэж, агуулахын зориулалттай барилгууд оногдсоны улмаас гал гарсан байна. Харин Дарницкий дүүргийн задгай талбайд пуужингийн хэлтэрхий унаж, хэд хэдэн автомашин шатжээ.
Мөн тус дүүрэгт байрлах нэгэн сургуулийн ойролцоо пуужингийн хэлтэрхийнээс үүссэн тогоо хэлбэрийн нүх илэрсэн байна. Сургуулийн барилгын цонхууд хагарсан боловч үндсэн бүтцэд ноцтой эвдрэл гараагүй талаар мэдээлжээ.
Киев хотын цэргийн захиргааны дарга Тимур Ткаченко халдлагын улмаас автомашинууд шатсан талаар нэмж мэдээлсэн байна. Украины Зэвсэгт хүчний Агаарын цэргийн хүчин мөн тус улсын нутаг дэвсгэрт пуужингийн цохилт өгснийг баталжээ.
Франц Украинд SAMP/T агаарын довтолгооноос хамгаалах систем нийлүүлнэ
Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон Парист Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй долдугаар сарын 13-нд хамтарсан хэвлэлийн бага хурал хийх үеэр Украинд шинэ үеийн SAMP/T зенит-пуужингийн систем нийлүүлэхээ мэдэгдсэн байна. Энэхүү систем нь Украины агаарын довтолгооноос хамгаалах чадавхыг бэхжүүлэх зорилготой аж.
Макрон сөн Франц болон Украин хоёр Киевт Францын үйлдвэрлэсэн Rafale сөнөөгч онгоц 16 ширхэг худалдан авах “замын зураглал”-ын тохиролцсон талаар мэдээлжээ.
Эдгээр сөнөөгч онгоцууд 2028-2029 оноос Украины агаарын орон зайд үүрэг гүйцэтгэж эхлэхээр төлөвлөж байгаа аж. Үүнээс гадна Франц улс Украинд радарын системүүд нийлүүлэхээр болжээ.
Эх сурвалж: DW