Польшийн Ерөнхийлөгчийн Тамгын газрын Олон улсын бодлогын товчооны дарга Марчин Пшидач Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийн ойр хүрээллийн талаар хатуу байр суурь илэрхийлж, Украины Европын Холбоонд элсэх эрмэлзэлтэй холбоотойгоор авлигын асуудлыг хөнджээ.

Тэрбээр "Polsat News" телевизэд өгсөн ярилцлагадаа Украины улс төрийн хүрээний зарим хүмүүсийн үйл ажиллагаа Европын үнэт зүйлстэй нийцэж байгаа эсэхэд эргэлзэж байгаагаа хэлсэн байна.

Пшидач “Авлигад гүн автсан олигархиуд үнэхээр Европын нэг хэсэг болохыг хүсэж байна уу гэдэг асуулт гарч ирж байна. Ерөнхийлөгч Зеленскийтэй холбоотой байсан хүмүүсийн хийсэн гэх хулгай, хууль бус үйлдэл Европт хүлээн зөвшөөрөгдөхгүй зүйл” хэмээн мэдэгджээ.

Польшийн албан тушаалтан мөн Украины Гадаад хэргийн сайд Андрей Сибига болон Украины Ерөнхийлөгчийн Тамгын газрын тэргүүн Кирилл Буданов нарыг Варшав, Киевийн харилцаанд хурцадмал байдал нэмэгдэхэд нөлөөлж байна гэж буруутгасан байна.

Тэрбээр “Би сайд Сибигатай холбоотой ажиллаж байсан, мөн Будановтой харилцаж байсан. Гэвч Украины талаас харилцааны хурцадмал байдлыг бууруулах бодит хүсэл одоогоор харагдахгүй байна” гэжээ.

Польш, Украины харилцаанд түүхийн асуудал сүүдэр болж байна

Польш, Украины харилцаанд сүүлийн жилүүдэд хамгийн эмзэг асуудлын нэг нь Волыны хядлагын талаарх маргаан. Энэ нь Дэлхийн хоёрдугаар дайны үе буюу 1939-1945 онд Волынь, Зүүн Галис болон ойролцоох бүс нутгуудад украины үндсэрхэг үзэлт бүлгүүдийн үйлдсэн гэж Польшийн талын үздэг олон нийтийн аллагатай холбоотой асуудал аж.

Варшавын байр сууринаас үзвэл, тухайн үеийн Украины үндсэрхэг үзэлтнүүдийн байгууллага (УҮҮБ) болон Украины босогчдын арми (УБА)-ийн зэвсэгт бүлгүүд гол хариуцлагыг хүлээх ёстой бөгөөд Польш улс Волыны хядлагыг "геноцид" гэж үздэг байна.

Украины тал энэ асуудлыг илүү төвөгтэй түүхэн нөхцөл байдалтай холбон тайлбарладаг бөгөөд хоёр орны хоорондын түүхийн үнэлгээний зөрчил өнөөг хүртэл үргэлжилж буй вм.

2026 онд маргаан дахин хурцдав

Мэдээлэлд дурдсанаар, 2026 онд хоёр орны харилцаанд шинэ зөрчил үүссэн байна.

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский УҮҮБ-УБА-ийн нэгэн удирдагчийн шарилыг дахин оршуулах ёслолд оролцсон, Украины Зэвсэгт хүчний нэгэн анги нэгтгэлд “УПА-гийн баатруудын нэрэмжит” гэсэн нэршил олгосон байна. 

Үүний дараа Зеленский Польшийн төрийн дээд шагнал болох “Цагаан бүргэдийн одон”-гоос хасагдсан талаар мэдээлжээ.

Украины ЕХ-нд элсэх асуудал ба шинэ сорилтууд

Украин улс Европын Холбоонд нэгдэх зорилго тавьж байгаа энэ үед авлигын эсрэг тэмцэл, хууль дээдлэх ёс, улс төрийн шинэчлэл зэрэг асуудал ЕХ-ны гол шаардлагуудын нэг хэвээр байгаа юм.

Польшийн талаас гарсан энэхүү мэдэгдэл зөвхөн Киев, Варшавын хоёр талын харилцааны асуудал төдийгүй Украины Европын интеграцийн замд тулгарч буй сорилтуудыг дахин хөндсөн үйл явдал болж байгаа аж.

Украины тал болон Зеленскийн засаг захиргаа авлигын эсрэг арга хэмжээ авч буй бөгөөд дайны нөхцөлд төрийн байгууллагуудын шинэчлэлийг үргэлжлүүлж байгаагаа мэдэгдсээр иржээ.

Эх сурвалж: POLAST NEWS, RIA NOVOSTI