Германы Дрезден хотын нисэх буудалд ер бусын шалтгааны улмаас нислэгийн хөдөлгөөн хэсэг хугацаанд саатаж, гурван онгоц буух боломжгүйгээр агаарт хүлээлгийн бүсэд эргэлдэхэд хүрчээ. Шалтгаан нь, нислэгийн зурвас дээр гарч ирсэн үхсэн туулай байж.
Энэ талаар Zakon.kz мэдээлснээр, Ганновер хотоос ниссэн Cessna жижиг онгоц болон Барселонагаас ирсэн Airbus A321 зорчигч тээврийн онгоц тус бүр ойролцоогоор 30 минутын турш агаарт эргэлдэн, буух зөвшөөрөл хүлээсэн байна. Харин өөр нэг тогтмол нислэгийг түлшний нөөц болон аюулгүй байдлыг харгалзан Лайпциг хотын нисэх буудал руу шилжүүлжээ.
Үйл явдал долдугаар сарын 12-ны орой 20:00 цагийн орчимд болсон байна. Тухайн үед туулай нисэх зурвас руу гарч ирэх үед нэгэн онгоц газардсан бөгөөд амьтан онгоцтой мөргөлдөн амиа алдсан аж. Тус онгоц дараа нь нислэгээ хэвийн үргэлжлүүлжээ.
Гэвч нисэхийн аюулгүй ажиллагааны журмын дагуу ийм тохиолдлын дараа нислэгийн зурвасыг шууд шалгах шаардлагатай байдаг. Учир нь, нислэгийн зурвас дээр үлдсэн аливаа гадныэ биет дараагийн онгоцуудын хөдөлгүүр, дугуй болон бусад эд ангид аюул учруулж болзошгүй аж.
Германы Bild сонинд мэдээлэхдээ "Ослын дараа мэргэжилтнүүд нислэгийн зурвасыг гаднын биет байгаа эсэхийг шалгах үүрэгтэй байсан" гэжээ.
Нисэх буудлын ажилтнууд болон гал унтраах албаны баг амьтны үлдэгдлийг зайлуулж, зурвасыг цэвэрлэсэн байна. Үүний улмаас нислэгийн зурвас 20:10-20:40 цагийн хооронд буюу 30 минут орчим хаалттай байжээ.
Шалгалт дууссаны дараа зурвасыг дахин нээж, Дрезденийн нисэх буудлын үйл ажиллагаа хэвийн горимдоо орсон байна.
Энэ тохиолдолд нисэхийн салбарт жижиг мэт харагдах асуудал ч аюулгүй байдлын хувьд ямар чухал болохыг дахин харуулжээ. Нисэх онгоц асар өндөр хурдтай хөдөлдөг учраас жижиг амьтан хүртэл ноцтой эрсдэл үүсгэж болдог байна.
Сонирхуулахад, үүнээс хэдхэн хоногийн өмнө Ryanair компанийн Грекийн Салоники хотоос Германы Мемминген чиглэлд ниссэн онгоц мөн л гэнэтийн нөхцөл байдлын улмаас хөөрсөн нисэх буудалдаа буцаж газардсан байна. Тодруулбал, онгоц хөөрсний дараа багийнхан хөдөлгүүрийн гэмтэл илрүүлсэн тул нислэгээ цуцалжээ.
Эх сурвалж: BILD, ZAKON