АНУ болон Ираны хоорондын сөргөлдөөн дахин хурцдаж, Ойрхи Дорнодын нөхцөл байдал олон улсын анхаарлын төвд оров.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тушаалаар Америкийн зэвсэгт хүчин Ираны эсрэг шинэ цэргийн ажиллагаа эхлүүлсэн бол Арабын Нэгдсэн Эмират улсын Батлан хамгаалах яам Иран улс Персийн булан дахь АНЭУ-ын хоёр нефтийн танкер руу пуужингийн цохилт өгсөн талаар мэдээлжээ. АНУ-ын Төв командлалын мэдээлснээр, Вашингтоны удирдлагаас өгсөн чиглэлийн дагуу Ираны эсрэг нэмэлт цохилтууд өгсөн байна.
Цэргийн ажиллагааны дараахан Ираны хэвлэлүүд Бандар Аббас боомт хот болон Киш, Кешм, Абу Муса зэрэг арлуудын орчимд хүчтэй дэлбэрэлт болсон талаар мэдээлжээ. Харин АНУ-ын тал одоогийн байдлаар цохилтын ямар байршилд ямар объектууд онилсон талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй бөгөөд ажиллагааны нарийн мэдээллийг нууцалж буй аж.
Үүний зэрэгцээ Ойрхи Дорнодын нөхцөл байдлыг улам хурцатгасан үйл явдал нь Ираны пуужингийн довтолгоо байв. АНЭУ-ын Батлан хамгаалах яамны мэдээлснээр, Ираны пуужингууд Ормузын хоолойн Оманы нутаг дэвсгэрийн усанд явж байсан тус улсын хоёр нефтийн танкерыг оножээ. Довтолгооны улмаас нэг багийн гишүүн амиа алдсан бөгөөд хөлөг онгоцны аюулгүй байдалд ноцтой эрсдэл үүссэн байна.
Ормузын хоолой нь дэлхийн эрчим хүчний нийлүүлэлтийн хамгийн чухал гарцуудын нэг бөгөөд дэлхийн нефтийн тээврийн томоохон хэсэг энэ нарийн усан замаар дамжин өнгөрдөг. Тиймээс тус бүс нутагт үүссэн аливаа мөргөлдөөн нь зөвхөн Ойрхи Дорнод төдийгүй дэлхийн эдийн засагт шууд нөлөөлөх эрсдэлтэй байдаг.
АНУ-ын Төв командлал мөн Ираны боомтууд руу чиглэсэн болон тэндээс гарч буй хөлөг онгоцны хөдөлгөөнийг хянах тэнгисийн ажиллагаагаа сэргээх болсноо мэдэгдэв. Энэхүү шийдвэр нь олон улсын эрчим хүчний зах зээлд шууд нөлөөлж, нефтийн үнэ огцом өсөхөд хүргэжээ.
Тухайлбал, дэлхийн нефтийн гол жишиг болох Brent маркийн нефтийн үнэ 9.59 хувиар өсөж, нэг баррель нь 83.30 ам.долларт хүрсэн байна. Энэ нь сүүлийн зургаан жил гаруйн хугацаанд нэг өдрийн хамгийн том өсөлтүүдийн нэг болжээ. Харин АНУ-ын зах зээлийн гол үзүүлэлт болох WTI маркийн нефтийн үнэ 9.4 хувиар өсөж, баррель нь 78.14 ам.долларт хүрсэн байна.
Гэвч нефтийн үнэ өмнөх томоохон хямралын үеийн түвшинд хараахан хүрээгүй бөгөөд Ираны мөргөлдөөний оргил үед баррель нь 110 ам.доллароос давж байсан үзүүлэлтээс доогуур хэвээр байна.
"Уэллс Фарго" хөрөнгө оруулалтын хүрээлэнгийн дэлхийн стратегийн тэргүүн Пол Кристофер "Ормузын хоолойн нөхцөл байдал хэвээр үргэлжилвэл нефтийн үнэ өсөх дарамт үргэлжлэх болно" гэж анхааруулжээ. Түүний үзэж буйгаар, энэ нь инфляцийн түвшин нэмэгдэх, зээлийн хүү өсөх хүлээлт бий болгох, хөрөнгийн зах зээлд савлагаа үүсгэх эрсдэлтэй аж.
Трамп: Бид өнөө орой тэднийг маш хүчтэй цохино, маргааш ч мөн хүчтэй цохилт өгнө

Энэ үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ирантай өмнө нь байгуулсан ойлголцлын санамж бичиг буюу MOU-г "туршилтын шинжтэй байсан" гэж мэдэгдэв. Тэрбээр уг тохиролцоог жинхэнэ хэлэлцээрийн өмнөх алхам гэж үзэж байсан ч Ираны тал үүнийг хэрэгжүүлээгүй гэж буруутгасан байна.
Трамп өмнө нь энэхүү тохиролцоог мөргөлдөөнийг зогсоох, Ормузын хоолойг дахин нээх, Ираныг цөмийн зэвсэгтэй болохоос урьдчилан сэргийлэх зорилготой гэж тодорхойлж байсан. Гэвч одоо хоёр талын цэргийн ажиллагаа дахин эхэлснээр уг тохиролцооны ирээдүй эргэлзээтэй болж буй юм.
Трамп мөн АНУ Ираны эсрэг цаашид нэмэлт цохилт хийхээр төлөвлөж байгаагаа мэдэгдэж, "Бид өнөө орой тэднийг маш хүчтэй цохино, маргааш ч мөн хүчтэй цохилт өгнө" гэж хэлжээ. Мөн АНУ болон Израилийн тал Ираны үлдсэн цэргийн удирдлагуудын байршлыг мэдэж байгаа эсэх тухай асуултад тэрбээр "Бид мэдэж байгаа, гэхдээ энэ талаар ярихгүй" гэж хариулсан байна.
Бүс нутгийн аюулгүй байдлын нөхцөл байдал муудсантай холбоотойгоор АНУ-ын дипломат үйл ажиллагаа ч хязгаарлагджээ. АНЭУ дахь АНУ-ын Элчин сайдын яам болон Консулын газар ойрын өдрүүдэд товлогдсон консулын уулзалтуудыг цуцалж, долдугаар сарын 13-наас 15-нд цаг авсан иргэдэд ирэхгүй байхыг зөвлөсөн байна. Мөн яаралтай бус Америкийн төрийн албан хаагчдыг АНЭУ-аас түр хугацаанд нүүлгэн шилжүүлжээ.
Үүний зэрэгцээ Ойрхи Дорнодын хурцадмал байдал Саудын Араб болон Йемений Ираны дэмжлэгтэй Хусит хөдөлгөөний хооронд дахин сөргөлдөөн үүсэхэд хүргэв. Саудын Араб Хуситуудын харвасан баллистик пуужинг устгасан гэж мэдээлсэн бол хуситууд "Саудын Арабын агаарын цохилт Санаа хотын олон улсын нисэх буудлыг оносон" гэж мэдэгдсэн байна.
Ийнхүү АНУ, Ираны хоорондын шинэ мөргөлдөөн зөвхөн хоёр улсын харилцааны асуудал биш, харин дэлхийн эрчим хүчний аюулгүй байдал, эдийн засгийн тогтвортой байдалд нөлөөлөх томоохон эрсдэл болж байна.
Хэрэв мөргөлдөөн цаашид өргөжвөл нефтийн үнэ дахин өсөх, дэлхийн инфляцид дарамт нэмэгдэх, олон улсын худалдаа болон тээврийн урсгалд сөрөг нөлөө үзүүлэх магадлалтай.
Одоогийн байдлаар дэлхий нийт Вашингтон болон Тегераны дараагийн алхмыг анхааралтай ажиглаж байгаа бөгөөд kрмузын хоолойн нөхцөл байдал цаашдын үйл явдлын гол зангилаа хэвээр байна.
Эх сурвалж: CNN