Герман, Украин, Дани, Франц, Итали, Нидерланд, Норвеги, Испани, Швед, Их Британи зэрэг нийт арван улс Европын пуужингийн довтолгооноос хамгаалах хамтарсан эвсэл байгуулахаар тохиролцжээ.
Энэхүү шийдвэрийг Парис хотноо болсон дээрх орнуудын төр, засгийн тэргүүнүүдийн уулзалтын үеэр гаргасан талаар Францын Ерөнхийлөгчийн ордон болох Елисейн ордон долдугаар сарын 13-нд мэдээлэв.
Ирээдүйн пуужингийн аюулыг хамтдаа сөрөн хамгаална
Эвсэлд нэгдсэн орнууд Европын аюулгүй байдлыг бэхжүүлэхийн тулд нэгдсэн пуужингийн довтолгооноос хамгаалах архитектур байгуулах шаардлагатай гэж үзжээ. Энэхүү тогтолцоо нь ирээдүйд учирч болзошгүй баллистик пуужингийн заналхийллээс урьдчилан сэргийлэх, довтолгоог няцаах зорилготой аж.
Талуудын мэдээлснээр, шинэ хамгаалалтын системийг хамтын хүчин чармайлт, орчин үеийн технологийн нээлттэй хамтын ажиллагаа, батлан хамгаалах салбарын аж үйлдвэрийн харилцан итгэлцэлд тулгуурлан хөгжүүлэхээр төлөвлөжээ.
Елисейн ордны цахим хуудсанд нийтэлсэн хамтарсан мэдэгдэлд "Бид батлан хамгаалахын үйлдвэрлэлийн бааз, шинжлэх ухаан, судалгаа, мөн бодит ажиллагааны туршлагаа нэгтгэн Европын хамтарсан пуужингийн довтолгооноос хамгаалах чадавхыг бий болгохыг зорьж байна" хэмээн онцолсон байна.
"Зөвхөн хамгаалалтын зориулалттай" систем
Мэдэгдэлд дурдсанаар, шинээр байгуулах систем нь зөвхөн хамгаалалтын зориулалттай байх бөгөөд одоо ашиглагдаж буй болон цаашид худалдан авахаар төлөвлөсөн пуужингийн довтолгооноос хамгаалах системүүдийг нөхөн дэмжих үүрэгтэй ажээ.
Эвсэлд оролцогч орнууд Европ тивд баллистик пуужингийн аюул улам нэмэгдэж байгааг онцлон тэмдэглээд, "Бид энэ ажлыг ямар нэгэн ард түмний эсрэг бус, харин өөрсдийн иргэдийг хамгаалахын төлөө хэрэгжүүлж байна" хэмээн мэдэгдсэн байна.
Мөн тэд Оросын эхлүүлсэн дайны үеэр Украинд хуримтлагдсан бодит байлдааны туршлага нь Европын агаарын болон пуужингийн довтолгооноос хамгаалах нэгдсэн тогтолцоог хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулна гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.
Эх сурвалж: DW