"Бизнесмен Тимур Миндичтэй холбоотой хэргийн шинэ аудио бичлэгүүд ил болсонтой холбоотойгоор Владимир Зеленский дахин авлигын дуулианы төвд орлоо" гэж Berliner Zeitung (BZ) сонин бичжээ. Нийтлэлд Уг дуулиан нь эрчим хүчний салбараас хальж, батлан хамгаалах бодлого болон энхийн дипломат ажиллагааг ч хамарч байна” гэж онцолжээ.

Мөн “Миндичийн бичлэгүүд” нийтлэгдсэний дараа Украины Үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах зөвлөлийн тэргүүн Рустем Умеров олны анхаарлын төвд орсон гэж тэмдэглэсэн байна. Үүнтэй холбоотойгоор Зеленский түүнийг огцруулах эсэх дээр хүнд сонголттой тулгарч байгаа аж.

Тус нийтлэлд “Умеров нь Зеленский эрх мэдлээ хамгаалахын тулд асуудал дагуулсан холбоотнуудаасаа хэрхэн золиосолж буйн бэлгэ тэмдэг болж магадгүй. Гагцхүү энэ удаагийн боломжит огцруулалтыг цэвэрлэгээ гэж үзэх үү, эсвэл тогтолцооны сул талыг хүлээн зөвшөөрсөн хэрэг гэж харах уу гэдэг л үлдэж байна” хэмээн нийтлэлд дурджээ.

“Миндичийн бичлэгүүд”

Миндичийг Зеленскийн найз бөгөөд “санхүүгийн хүн” гэж нэрлэдэг. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Украины Үндэсний авлигатай тэмцэх товчоо (ҮАТТ) болон Авлигатай тэмцэх тусгай прокурорын газар (АТТПГ) “Мидас” нэртэй томоохон ажиллагаа явуулж, "Миндичийн толгойлсон эрчим хүчний салбар дахь авлигын схемийг илрүүлсэн" гэж мэдэгдсэн аж.

Тэрбээр нэгжлэг эхлэхээс хэдхэн цагийн өмнө Украинаас гарч, Израиль руу явжээ. ҮАТТ түүнд эзгүйд нь ял тулгаж, орон сууцанд нь бичигдсэн ярианы хэсгүүдийг нийтэлж эхэлжээ. Тэдгээрт авлигын схемүүдийг хэлэлцэж буй нь бичигдсэн байсан бөгөөд нийтдээ 1000 цагийн аудио бичлэг байгаа аж.

2025 оны арваннэгдүгээр сарын 17-нд тухайн үед Зеленскийн ажлын албыг тэргүүлж байсан Андрей Ермак ҮАТТ-ны бичлэгүүдэд дурдагдсан байж болзошгүй гэх мэдээлэл гарчээ. Харин арваннэгдүгээр сарын 28-ны өглөө Ермакийн гэрт нэгжлэг хийж, орой нь Зеленский түүнийг албан тушаалаас нь чөлөөлсөн байна. 

Украины хэвлэлүүд болон парламентын гишүүд дөрөвдүгээр сарын сүүлээс эхлэн бичлэгийн шинэ хэсгүүдийг нийтэлж эхэлсэн байна. Тэдгээрт Миндич тухайн үед Батлан хамгаалахын сайд байсан, одоогийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Умеровтой олон саяын гэрээнүүд, бизнесментэй холбоотой компанийн дрон үйлдвэрлэлийн санхүүжилт, мөн АНУ дахь Украины Элчин сайдын албан тушаалд нэр дэвшигчдийн талаар ярилцаж буй нь бичигджээ.

Мөн өөр хэсгүүдэд Миндич өөртөө, “Вова”, “Андрей” нарт зориулсан тансаг харшуудын тохижилтын талаар ярьж байгаа нь гардаг байна. Энд “Вова”, “Андрей” гэдэг нь Зеленский болон Ермакыг хэлсэн байж болзошгүй гэж үзэж байгаа аж.

Түүнчлэн зарим ярианы тайлбаруудаас харахад, Зеленскийн хүрээллийнхэн янз бүрийн компаниудыг өөрсдийн хяналтдаа авч буй дүр зураг ажиглагдаж буй юм байна.

Эх сурвалж: BZ, TASS