Германы Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайер долдугаар сарын 12-нд ZDF телевизэд өгсөн зуны ярилцлагадаа "Европ тив Орос болон АНУ-ын түгээж буй "өршөөлгүй шинэ хандлага"-д өөрийн гэсэн хариу үзүүлэх ёстой" гэж мэдэгджээ.

Түүний хэлснээр, эхлээд Орос улс Украинд халдан довтолсон, дараа нь АНУ үнэт зүйлсийн бодлогодоо өөрчлөлт оруулсан нь дэлхий дахинд "эрин үеийн давхар эргэлт" авчирсан, Европ үүнд өөрийн "Европын загвар"-аар хариулах шаардлагатай аж.

Штайнмайерийн үзэж буйгаар, Герман болон Европын бусад улс орон их гүрнүүдийн үйл ажиллагааны хэв маягийг дуурайх ёсгүй юм байна. Тэрбээр "Москва, Вашингтон хоёр хууль, дүрэмгүй орчинд оршин тогтнож, үүнээс тодорхой хугацаанд ашиг хүртэж ч магадгүй. Харин бид ингэж чадахгүй. Бидэнд олон улсын дэг журам, хууль эрх зүй, нийтээр мөрдөх дүрэм журам хэрэгтэй" хэмээн онцолсон байна.

Мөн тэрбээр АНУ-тай харилцахдаа прагматик буюу бодит нөхцөлд тулгуурласан хандлага баримтлахыг дэмжиж буйгаа илэрхийлсэн ч АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын нэрийг шууд дурдаагүй аж.

Мерцийн Засгийн газрын шинэчлэлийн талаар

Штайнмайер ярилцлагын үеэр долдугаар сарын 2-нд Канцлер Фридрих Мерц тэргүүтэй эрх баригч эвслийн танилцуулсан нийгмийн шинэчлэлийн томоохон багцыг эерэгээр үнэлжээ. Тэр "Миний бодлоор үнэхээр чухал өөрчлөлтийн эхлэл тавигдлаа" хэмээн хэлсэн байна.

Гэвч тэр "Эдгээр шинэчлэл Герман улсын эдийн засгийн өсөлтийг бодитоор сэргээж чадах эсэх нь хамгийн чухал асуудал" гэж онцолжээ. Түүний хэлснээр, хэрэв эдийн засаг сэргэхгүй бол өнөөгийн Засгийн газар иргэдийнхээ итгэл, хүндэтгэлийг дахин олж авч чадахгүй аж. Иймээс шинэчлэлийг хэрэгжүүлэхдээ тэвчээртэй бөгөөд тууштай байхыг уриалсан байна.

"Германы төлөөх хувилбар" намын өсөж буй рейтингийн талаар

Германы Ерөнхийлөгч мөн есдүгээр сард болох Саксони-Анхальт мужийн парламентын сонгуулийн өмнөх санал асуулгаар хэт барууны үзэлтэй "Германы төлөөх хувилбар" (AfD) нам тогтвортой тэргүүлж буй талаар байр сууриа илэрхийлжээ.

Тэрбээр "Санал асуулгын дүн бол сонгуулийн бодит үр дүн биш" хэмээгээд, "Бүх зүйл хэдийнэ шийдэгдчихсэн гэсэн сэтгэгдэл надад төрөхгүй байна" гэж нэмж хэлсэн байна.

Штайнмайер төвийн үзэл баримтлалтай улс төрийн намууд нэгдэн ажиллаж, хэт даврагч хүчнүүдийг үнэмлэхүй олонх болохоос сэргийлэхийн төлөө бүх боломжоо ашиглана гэж найдаж буйгаа илэрхийлжээ.

Тэрбээр мөн Саксони-Анхальт мужийн сонгогчид Германы нийт сонгуулийн эрхтэй иргэдийн ердөө 3 орчим хувийг бүрдүүлдэг болохыг дурдсан ч "Зүүн Германд AfD намын нэр хүнд өсөн нэмэгдэж буй хандлагыг үл тоомсорлож болохгүй" гэж онцолсон байна.

Учир нь, ирэх есдүгээр сард зөвхөн Саксони-Анхальт төдийгүй Берлин болон Мекленбург–Өмнөд Померан мужуудад мөн парламентын сонгууль болох юм.

Штайнмайер "Эдгээр нь мужийн парламентын гурван чухал сонгууль" хэмээн хэлээд, өмнөх сонгуулиудын үеэр сонгогчдод хандан байнга хэлдэг байсан үгээ дахин сануулжээ. Тэр "Манай ардчилсан тогтолцоо хадгалагдан үлдэх эсэхийг эцэст нь та бүхэн өөрсдөө шийднэ" гэж хэлсэн байна. 

Эх сурвалж: DW