Зургадугаар сарын сүүлчээр Европыг нөмөрсөн хэт халалтын улмаас 10 мянга гаруй хүн илүү нас барсан гэж Европын нас баралтын түвшний хяналтын EuroMOMO хөтөлбөрийн мэдээлэлд үндэслэн dpa агентлаг долдугаар сарын 12-нд мэдээлжээ.

Тус хөтөлбөр Европын Өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах төв (ECDC) болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)–ын дэмжлэгтэйгээр үйл ажиллагаа явуулдаг байна.

Судалгааны мэдээллээр, тухайн хугацаанд халуун цаг агаартай холбоотой нас баралтын дийлэнх нь 65 ба түүнээс дээш насны хүмүүсийн дунд бүртгэгджээ.

Агаарын температур хэвийн хэмжээнээс хэт өндөр болох нь зөвхөн халуунд цохиулах эрсдэл үүсгээд зогсохгүй зүрх судас болон амьсгалын замын архаг өвчнийг сэдрээдэг байна. Судлаачид "Ялангуяа өндөр настнууд ийм эрсдэлд илүү өртөмтгий байдаг" гэж онцолжээ.

EuroMOMO-ийн судлаачид Европын 27 улсын үндэсний статистикийн мэдээллийг нэгтгэн дүгнэсэн байна. Гэхдээ тус төсөл улс бүрийн нарийвчилсан мэдээллийг нийтлээгүй, зөвхөн "Зургадугаар сарын сүүлийн долоо хоногт нас баралт Франц болон Бельги улсад маш их нас баралт бүртгэгдсэн" гэж тэмдэглэжээ.

Бусад судалгааны мэдээлэл

Энэ сэдвээр өөр хэд хэдэн судалгаа мөн хийгдсэн байна. Тухайлбал, Германы Роберт Кохын хүрээлэн (RKI)-гийн тооцоолсноор, зургадугаар сарын эцэс гэхэд Германд хэт халалтын улмаас ойролцоогоор 5100 хүн нас барсан байна.

Үүний 4310 нь зөвхөн зургадугаар сарын 22-28-ны хоорондох онцгой халуун долоо хоногт бүртгэгдсэн гэжээ. Халуунтай холбоотойгоор нас барагсдын 80 гаруй хувь нь 75-аас дээш насны хүмүүс байжээ.

Мөн нас барсан хүмүүсийн дунд эмэгтэйчүүдийн тоо эрэгтэйчүүдээс илүү байсан байна. Гэхдээ энэ нь ахмад насны бүлэгт эмэгтэйчүүдийн эзлэх хувь илүү байдагтай холбоотой байж болохыг Роберт Кохын хүрээлэн тайлбарлажээ.

Их Британийн судалгааны дүн

Өөр нэг судалгааг Их Британийн Лондонгийн Эзэн хааны коллеж (Imperial College London), Их Британийн Цаг уурын алба (Met Office), Лондонгийн Эрүүл ахуй, халуун орны анагаах ухааны сургууль (London School of Hygiene & Tropical Medicine) хамтран хийжээ.

Тэдний мэдээлснээр, зөвхөн Англи болон Уэльст зургадугаар сарын сүүлчийн хэт халалтын улмаас ойролцоогоор 2700 хүн нас барсан байна. Мөн уг судалгааны баг Европын 12 том хотод болсон хэт халалтын үеэр нийтдээ 2300 орчим хүний амь нас хохирсон гэж тооцоолжээ.

Халалтаас үүдэлтэй хамгийн олон нас баралт Милан, Парис, Барселона хотуудад бүртгэгдсэн байна.

Эх сурвалж: DW