ОХУ-ын Батлан хамгаалах яам Telegram сувагтаа нийтэлсэн өглөөний мэдээндээ "Оросын агаарын довтолгооноос хамгаалах хүчнүүд тавдугаар сарын 7-ны пүрэв гаргийн шөнө Украины онгоц хэлбэрийн 347 дроныг “устгаж, замаас нь амдан сөнөөсөн” гэж мэдээлжээ.

Энэ нь Оросын Украинд явуулж буй дайны бүх хугацаанд бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт болж байгаа аж. Харин нийт хэдэн дроноор халдсан талаар тус яам дахин тодорхой дурдаагүй байна.

Батлан хамгаалах яамны мэдээлснээр, дроны халдлагыг Белгород, Брянск, Волгоград, Воронеж, Калуга, Курск, Липецк, Новгород, Орёл, Пенза, Ростов, Рязань, Смоленск, Тамбов, Тверь, Тула мужууд, Москва орчим, Краснодарын хязгаар, Адыгей болон Халимагийн бүгд найрамдах улсуудын нутаг дэвсгэр дээр, мөн Оросын нэгтгэсэн Крым болон Азов, Каспийн, Хар тэнгисийн усан бүсэд няцаасан байна.

Москва хотын дарга: 30 гаруй дрон устгасан

Москвагийн цагаар 12:05-ийн байдлаар Москва руу ойртож байсан Украины 31 дроныг буудаж устгасан гэж хотын дарга Сергей Собянин Telegram хуудсаараа дамжуулан мэдээлжээ. Тэрбээр шөнийн 03:00 цагаас эхлэн хот руу дөхөж буй дронуудын тухай мэдээлж эхэлсэн бөгөөд дэлгэрэнгүй тайлбар өгөөгүй ч “Яаралтай тусламжийн албаныхан унасан хэлтэрхийн газарт ажиллаж байна” гэж дурдсан аж.

Оросын хэвлэлүүдэд мэдээлснээр, Москвагийн нисэх буудлуудад онгоц хүлээн авах, хөөргөхөд хязгаарлалт тогтоож, зарим бүс нутагт нислэгүүд цуцлагдаж, саатжээ. Жишээлбэл, Внуково нисэх буудал Росавиациас “холбогдох мэдэгдэл” ирсний дараа Москвагийн цагаар 01:41 цагт үйл ажиллагаагаа бүрэн зогсоосон байна. Үүнтэй адил хязгаарлалтыг Шереметьево нисэх буудалд мөн хэрэгжүүлжээ. Үүний шалтгаан нь “Ковер” нэртэй тусгай дэглэмийг идэвхжүүлсэнтэй холбоотой аж.

Москва муж: Оросын цэргийн объект руу халдсан гэдэг батлагдаагүй мэдээлэл

Москва мужийн олон дүүрэгт дэлбэрэлт болж, агаарын довтолгооноос хамгаалах систем ажилласан талаар орон нутгийн оршин суугчид мэдээлж байна. Тухайлбал, Наро-Фоминск хотод ОХУ-ын Батлан хамгаалах яаманд харъяалагддаг “Нара” нэртэй томоохон үйлдвэрлэл-логистикийн цогцолбор руу халдсан тухай “РБК-Україна” агентлаг Оросын мониторингийн сувгуудаас иш татан мэдээлжээ.

“Нара” нь 200 орчим га талбай бүхий цэргийн хотхоны томоохон объект, цэргийн ачаа хадгалах, түгээх, Оросын армийн автоматжуулсан логистикийг хангах зориулалттай аж. Цохилтын үр дагаврын талаарх мэдээллийг тодруулж буй бөгөөд Украины Зэвсэгт хүчний жанжин штаб одоогоор тайлбар өгөөгүй байна.

Пермьд нефть боловсруулах үйлдвэр дахин өртөв, Брянскт гахайн аж ахуйн цогцолбор шатжээ

Украины OSINT суваг Exilenova+-ийн мэдээлснээр, тавдугаар сарын 7-нд Пермь хот дахь “Пермь” шугаман үйлдвэрлэл-диспетчерийн станц (ЛПДС) дахин халдлагад өртжээ. “Үүнтэй холбоотойгоор нефть боловсруулах үйлдвэр системийн даралтыг яаралтай бууруулж байна” гэж мэдээлсэн байна. “Аstra” хэвлэл “Лукойл-Пермнефтеоргсинтез” нефть боловсруулах үйлдвэр найм хоногийн дотор хоёр дахь удаагаа халдлагад өртсөнийг баталжээ.

Мөн тус хэвлэлд нэгэн дрон орон сууцны өндөр барилгын дээвэрт унаснаар хэд хэдэн байрны цонхны хүрээ хагарсан тухай дурдсан байна. “Astra” мөн агаарын түгшүүрийн үеэр сурагчид сургуулийн коридорын шалан дээр сууж буй бичлэгийг нийтэлжээ.

Брянск мужийн Севск дүүрэгт байрлах “Мираторг” агрохолдингийн “Подывотье” гахайн аж ахуйн үйлдвэрлэлийн нэг корпус Украины дроны халдлагын улмаас гарсан түймрийн улмаас бүрэн шатсан гэж “Интерфакс” агентлаг мэдээлэв.

Ажилчид бэртэж гэмтээгүй байна. Тус цогцолбор нь 10 корпусаас бүрддэг бөгөөд 3600 эх гахайн хүчин чадалтай аж. “Мираторг” нь 1995 онд байгуулагдсан, Оросын тэргүүлэх мах үйлдвэрлэгчдийн нэг гэж агентлаг онцолжээ.

Москва бусад орны дипломатуудад Киевээс гарахыг уриалав

ОХУ-ын Гадаад хэргийн яам бусад улсын дипломат төлөөлөгчийн газар болон олон улсын байгууллагуудад ажилтнуудаа Киевээс нүүлгэн шилжүүлэхийг уриалж, Украины нийслэлд Оросын арми “хариу цохилт” өгч болзошгүйг анхааруулжээ.

ОХУ-ын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Мария Захарова тавдугаар сарын 6-нд мэдэгдэхдээ, хэрэв Украин Оросын дангаар зарласан “Ялалтын баярын гал зогсоох дэглэм”-ийг тавдугаар сарын 8, 9-нд зөрчвөл Оросын зэвсэгт хүчин Киевт өргөн хэмжээний цохилт өгч болзошгүй гэжээ. Тэрбээр мөн Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский “Москва дахь Ялалтын баярыг тасалдуулах заналхийлэл хийсэн” хэмээн мэдэгдсэн байна.

Үүний зэрэгцээ Зеленский тавдугаар сарын 4-нд Ереванд болсон Европын улс төрийн хамтын нийгэмлэгийн дээд хэмжээний уулзалтын үеэр "Москва дахь парад цэргийн техникгүй, хязгаарлагдмал хэлбэрээр болох нь Оросын эрх баригчид Украины дроноос эмээж буйг харуулж байна" гэж хэлжээ. Харин ОХУ-ын Батлан хамгаалах яам түүний үгийг "тавдугаар сарын 9-нд Москва руу дроноор цохилт өгөх заналхийлэл" гэж тайлбарласан байна.

Оросын тал тавдугаар сарын эхээр Ерөнхийлөгч Владимир Путины шийдвэрээр тавдугаар сарын 8, 9-нд “Ялалтын баярт зориулсан” нэг талын гал зогсоох дэглэм зарласнаа мэдэгдсэн. Үүний хариуд Зеленский хэрэв Орос мөн адил үйлдвэл Украин тавдугаар сарын 6-ны шөнөөс эхлэн галаа зогсооход бэлэн гэж мэдэгджээ.

Тэрбээр “хүний амь нас ямар ч ойн баярын ‘тэмдэглэлт’-ээс хавьгүй илүү үнэ цэнтэй”-г онцолсон байна. Харин тавдугаар сарын 6-ны өдөр Зеленский Оросыг “чимээгүй байдлын дэглэм”-ийг зөрчсөн гэж буруутгаж, "Украин 'толины тусгал мэт' хариу үйлдэл үзүүлнэ" гэж анхааруулжээ.

Эх сурвалж: DW