Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Ерөнхий сайд Юлия Свириденког огцруулах төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгджээ. Тэрбээр энэ тухай долдугаар сарын 12-ны ням гарагт Telegram хуудсаараа дамжуулан мэдээлсэн байна.

Зеленский "Украин улс улс төрийн стратегиа шинэчилж байна" гэж онцолжээ. Тэр “Бид Украины Ерөнхий сайд Юлия Свириденкотой нарийн ширийн асуудлуудыг хэлэлцсэн. Өөрчлөлт хийхийн тулд Засгийн газрын бүрэлдэхүүнийг шинэчлэх шаардлагатай гэж үзлээ” хэмээн мэдэгдсэн байна.

Украины Засгийн газар болон хууль сахиулах байгууллагын удирдлагыг өөрчилнө

Зеленский Свириденког Ерөнхий сайдын албыг хаших хугацаандаа тогтвортой, үр дүнтэй ажиллаж, Украины багийн бүрэлдэхүүнд олон жилийн турш бодитой хувь нэмэр оруулсанд талархал илэрхийлжээ.

Мөн түүнд “чухал түнштэй харилцах шинэ, чухал чиглэлийг” удирдах санал тавьсан байна. Гэхдээ ямар чиглэл болох талаар дэлгэрэнгүй мэдээлээгүй байна.

Украины Ерөнхийлөгч “Парламентын гишүүдтэй хамтран Украины Засгийн газарт шаардлагатай өөрчлөлтүүд хийнэ гэж найдаж байна. Мөн хууль сахиулах байгууллагуудын удирдлагын бүрэлдэхүүнд өөрчлөлт орно” гэж мэдэгджээ.

АНУ-тай харилцах харилцаа болон Patriot пуужин үйлдвэрлэх лиценз

Засгийн газрын өөрчлөлтийн талаар ярихдаа Зеленский гадаад бодлогын тэргүүлэх чиглэл бүрийг туршлагатай, тодорхой үр дүнд хүргэж чадах хүн хариуцах ёстойг онцолсон байна. Түүний хэлснээр, ийм чухал чиглэлүүдийн нэг нь АНУ-тай харилцах харилцаа аж.

Үүнд Patriot агаарын довтолгооноос хамгаалах системийн пуужин үйлдвэрлэх лицензийн талаарх хэлэлцээрүүд, Украины болон Америкийн компаниудын аюулгүй байдлын салбар дахь хоёр талын хамтын ажиллагаа багтаж байгаа бөгөөд эдгээр нь хоёр улсын бодит амжилтаар илэрхийлэгдэх ёстой гэж Зеленский тайлбарлажээ.

Европ дахь “баллистикийн эсрэг эвсэл”

Украины Ерөнхийлөгчийн хэлснээр, өөр нэг чухал чиглэл нь Европын “баллистикийн эсрэг төсөл” аж. Түүний үзэж буйгаар, энэ төсөл “энэ арван жилд Европын аюулгүй байдлыг бэхжүүлэх хамгийн том алхмуудын нэг” болж магадгүй юм байбна.

Мөн Украиныг Европын Холбоонд элсүүлэх үйл явцыг тодорхой ахиулах, Европын орнуудтай эдийн засаг, улс төр, соёлын харилцааг гүнзгийрүүлэх нь чухал зорилтуудын нэг гэжээ.

Польш, Унгартай харилцаагаа шинэ шатанд гаргана

Украины төрийн тэргүүн "Хөрш орнуудтай харилцах харилцааг мөн шинэ үндэс суурьтай болгох шаардлагатай. Ялангуяа Польш болон Унгартай харилцах асуудалд онцгой анхаарал хандуулах шаардлагатай" гэж мэдэгджээ.

Ойрхи Дорнодтой хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

Зеленский "Өөр нэг чухал чиглэл нь Ойрхи Дорнод болон Персийн булангийн бүс нутаг" гэж хэлсэн байна. Түүний үзэж буйгаар, энэ бүс нутаг нь аюулгүй байдал болон эдийн засгийн салбар дахь хамтын ажиллагааны дэлхийн хамгийн ирээдүйтэй чиглэлүүдийн нэг аж.

Мөн Хятад улс болон дэлхийн хэмжээний шийдвэр гаргахад нөлөөлдөг олон улсын гол байгууллагуудтай харилцах харилцаа чухал хэвээр байгааг тэр онцолжээ. Зеленский "Эдгээр байгууллагууд ОХУ-ын Украины эсрэг хийж буй дайныг зогсоох үйл явцад илүү их хувь нэмэр оруулах боломжтой" гэж үзсэн байна.

Дотоодын шинэ зорилтууд

Зеленский Украины дотоод нөхцөл байдалд ч шинэ сорилт, зорилтууд тулгарч байгааг тэмдэглэжээ. Тэр “ОХУ-ын цохилтод өдөр бүр өртөж буй фронтын бүс болон хил орчмын нутгуудад хийх бүх ажлыг эрс эрчимжүүлэх шаардлагатай байна. Армид шаардлагатай зэвсэг, бүх төрлийн дроны нийлүүлэлтийг нэмэгдүүлнэ гэж найдаж байна” гэж бичжээ. Мөн өвлийн бэлтгэл ажлыг онцгой чухал чиглэл хэмээн нэрлэжээ.

Мөн "Төрийн компаниудын шинэчлэлийг хурдасгах шаардлагатай бөгөөд эдгээр байгууллагууд Украины тогтвортой байдлыг хангахад чухал үүрэгтэй" гэж хэлсэн байна.

Түүнчлэн Украины Ерөнхийлөгч "Киевийн олон улсын түншүүдтэй хийсэн сэргээн босголтын талаарх хэлэлцээрүүдэд онцгой анхаарал хандуулах шаардлагатай" гэж онцолжээ.

Эх сурвалж: DW