Сөүлийн давж заалдах шатны шүүх өнөөдөр (2026.05.07) тус улсын Ерөнхий сайд асан Хан Док Сүгийн хорих ялыг 23 жилээс 15 жил болгон бууруулжээ. Түүнийг 2024 оны арванхоёрдугаар сард тухайн үеийн Ерөнхийлөгч Юн Сок Ёль улс даяар онц байдал зарласантай холбоотой хэрэгт оролцсон хэмээн буруутгаж, өмнө нь ял оноосон.
Шүүхээс "Ялыг хөнгөрүүлэхдээ Хан Док Сү төрийн албанд 50 гаруй жил ажилласан туршлага, гавьяаг харгалзан үзсэн" гэж тайлбарласан байна. Өдгөө 76 настай тэрбээр анхан шатны шүүхээс ял сонсон, 2026 оны нэгдүгээр сараас хойш цагдан хоригдож байгаа аж.
Сөүлийн давж заалдах шатны шүүх өмнөх шатны шүүхийн гэм буруутай гэсэн дүгнэлтийг үндсэндээ хэвээр үлдээсэн ч ял шийтгэлийг нь зөөлрүүлжээ. Шүүх хурлыг даргалагч шүүгч “Яллагдагч бослого үймээнд илүү идэвхтэй оролцсон, тухайлбал урьдчилан хуйвалдсан, эсвэл ажиллагааг системтэйгээр удирдсан гэх нотлох баримт хангалтгүй” хэмээн мэдэгдсэн байна.
Гэсэн хэдий ч шүүхээс "Хан Док Сүг өөрт нь олгогдсон эрх мэдэл, албан тушаалаас үүдэх хариуцлагаа ухамсарлаагүй, улмаар бослого үймээнд оролцогчдын талд зогссон” гэж дүгнэжээ. Тэрбээр шүүх хуралд цагаан цамц, хар хослол өмсөн, зангиагүй оролцсон бөгөөд шийдвэрийг сэтгэл хөдлөл илэрхийлэлгүй сонссон байна.
Ерөнхийлөгч асан Юн Сок Ёль 2024 оны арванхоёрдугаар сард онц байдал зарлаж, иргэний засаглалыг хэдэн цагийн турш түдгэлзүүлснээр Өмнөд Солонгос улс төрийн хямралд орсон. Онц байдал нийт зургаа орчим цаг үргэлжилсэн бөгөөд сөрөг хүчний парламентын гишүүд шуурхай хуралдан, хүчингүй болгох шийдвэр гаргаснаар дуусгавар болсон аж.
Одоогийн байдлаар Юн Сок Ёльд найман өөр хэрэгт ял тулгаад буй бөгөөд хамгийн хүнд хэрэг болох 'төрийн эсрэг бослого зохион байгуулсан' гэх үндэслэлээр түүнд бүх насаар нь хорих ял оноожээ. Харин тэрбээр өөрийгөө буруугүй хэмээн мэдэгдсээр байгаа аж.
Эх сурвалж: DW